“Боломжийг Бүгдэд II” төсөл Хангайн бүсэд үргэлжилсээр…
Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусын эрхийг хамгаалах, спортоор дамжуулан тэднийг хөгжүүлэх, оюуны бэрхшээлийн талаар олон нийтэд таниулах зорилготой “Боломжийг бүгдэд II” төсөл 11-р сарын 1-3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тусгай хэрэгцээт хүүхдийг боловсрол, хөгжлөөс хоцроохгүй байхад анхаарч, нийгэмшихэд нь туслахад зөвхөн тэдний эцэг эх, асран хамгаалагч бус төр засаг, байгууллага, иргэдийн оролцоо чухал билээ. Иймд Мобиком групп Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд “Боломжийг Бүгдэд” төслийг хоёр дахь удаагаа ивээн тэтгэж, Монголын тусгай олимпын хороотой хамтран ажиллалаа.
Арга хэмжээнд Хангайн бүсийн буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл гээд 260 гаруй хүн оролцов. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд ширээний теннис, бадминтон, заалны хоккей, бочче зэрэг спортын төрөлд нөхөрсгөөр өрсөлдсөн нь бусадтай хамтран хөгжих, шинэ найз нөхөдтэй болох, өөрсдийн нөөц боломж, ур чадвараа нээж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх шинэ боломжуудыг нээж өглөө. Мөн арга хэмжээний үеэр хамтрагч байгууллагуудын төлөөллүүд сонирхолтой илтгэл хүргэсэн бөгөөд хүүхдүүдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм.
Мобиком групп үүсгэн байгуулагдсан цагаасаа Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний тод жишээ нь 2014 оноос хойш 108 сум, алслагдсан дүүргийн цэвэр, бохир усны дэд бүтэц байхгүй сургуулиудад орчин үеийн ариун цэврийн байгууламжийг шинээр барьсан. Мөн Цар тахлын үед сурагчдад цахимаар суралцах боломжийг олгох зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн “Smart Education” төсөл өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж, нийт 14 сургуулийн 27,000 сурагчид хүрч, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.