БНХАУ-д мэдээлэл дамжуулж, тагнуулын ажиллагаа явуулдаг гэх “Huawei” компанитай Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотноо “Шанхай экспо-2024” үзэсгэлэнд оролцсон бөгөөд энэ үеэр хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсны дээр “Huawei” компанийн үйл ажиллагаатай биеэр очин танилцаж, хоёр талын хамтарсан ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан.
-ХЯТАДЫН “HUAWEI” КОМПАНИТАЙ 5G СИСТЕМ, УУЛ УУРХАЙН УХААЛАГ ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ-
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, хурдтай шинэчлэгдэж буй технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн байна. Үүнд нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгож ашиглах, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцөө чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов. Улмаар хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.
“Huawei” компанийн талаар товч танилцуулбал, тус комдани нь дэлхийн 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг байна
Гэвч “Huawei” компанийг “Тагнуул”-ын үйл ажиллагаа явуулдаг гэх маргаан дэгдэж, олон ч улс уг компанийг “хар жагсаалт”-даа оруулан, улсдаа техник технологийг нь зарахыг хорилох хориг тавьсан байдаг.
-“HUAWEI” КОМПАНИЙГ ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, БНХАУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛДАГ ХЭМЭЭН УЛС ОРНУУД ХОРИГЛОЖ БАЙНА-
Тухайлбал, Ухаалаг утас үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг болох “Huawei” компани нь тагнуулын үйл ажиллагаа явуулж, БНХАУ-ын батлан хамгаалахын байгууллагад мэдээлэл дамжуулсан, банкны залилан хийсэн, хуулийн ажиллагаанд саад учруулсан, технологи хулгайлсан гэх үндэслэлүүдээр буруутгагдаж байна. Тодруулбал, Хятадын засгийн газартай нягт холбоотой ажилладаг “Huawei” компани нь тоног төхөөрөмжөө тагнуулын зорилгоор ашигладаг байж магадгүй гэж АНУ болгоомжилж, улмаар хориг тавьж байгаа юм.
Үүнээс үүдэн, 2018 онд баталсан АНУ-ын Улсыг батлан хамгаалах тухай хуулийн /NDAA-2019/ 889 дүгээр зүйлд заасны дагуу Хятадын “Huawei”, “ZTE” гэсэн хоёр компанийн тоног төхөөрөмжийг АНУ-ын төрийн байгууллагуудад ашиглахыг хориглох тухай зарлигт тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурж, “Хуавэй”-г хар жагсаалтанд оруулсан байдаг.
Мөн 2019 онд Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Фэйсбүүк” компани Вашингтоны засаг захиргааны бодлогод нийцүүлж, Хятадын “Хуавэй” компанид хориг тавьж байгаагаа зарлаж байсан удаатай. Мөн Фэйсбүүк компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээний аппликэйшнүүд ч хоригт багтаж байв. Одоогийн байдлаар АНУ-ын Засгийн газраас заавал зөвшөөрөл авч байж, “Хуавей” компанийн техник, төхөөрөмж, эд ангиудыг тус улсад нэвтрүүлдэг байна.
–ӨМНӨ НЬ БНХАУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМАНД АЖИЛЛАДАГ БАЙСАН “HUAWEI” КОМПАНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ НЬ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГААНЫ ГОЛ БУРУУТАН ХЭМЭЭН ҮЗЖЭЭ-
Мөн 2017 онд Хятадын засгийн газар Вашингтон дахь Үндэсний модлог цэцэрлэгт хүрээлэнд Хятадын цэцэрлэгт хүрээлэнг барихад 100 сая ам.доллар зарцуулах санал тавьж байсан ч ойролцоох байршилд тагнуул хийх зорилгоор байршуулсан олон улаан тугийг осноор дээрх ажиллагааг цуцалж байсан хэмээн CNN агентлаг мэдээлж байжээ. Түүнчлэн АНУ “Хуавей” нь “Huawei Device USA” болон “Skycom Tech” гэсэн хоёр охин компаниараа дамжуулж АНУ-ын тавьсан хоригийг үл хайхран Иран руу бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үүнийгээ нуун далдалж худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдаж байсан удаатай.
Дан ганц Америк гэлтгүй Польш, Австрали зэрэг улс орнууд “Хуавей” компанид тодорхой хэмжээний хориг тавьдаг.
Тэгвэл Америкчууд “Хуавей” компанийг үүсгэн байгуулагч Рэн Женфейг гол буруутан хэмээн үздэг байна. Тодруулбал, Хятадын бизнес эрхлэгч, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн офицер асан, дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг, ухаалаг утас үйлдвэрлэгч “Huawei Technologies” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Рэн Женфей нь 30 наснаасаа Хятадын цэргийн армид инженерээр ажиллаж байжээ. Ийнхүү бүхий л техник технологи нь эрсдэл дагуулдаг, тагнуулын ажиллагаа явуулдаг, улсдаа мэдээлэл дамжуулдаг гэх “Хуавей” компанитай Монгол Улс ногоон эрчим хүч үйлдвэрлэх, уул уурхайн техник технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах гэж байна.