Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар оролцлоо.Өнөөдрийн хуралдаанаар УИХ-аар баталсан улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Цаашдаа төсвийн тодотгол дээр АН-ын бүлэг ямар байр суурь барих вэ гэдэг дээр ярилцаж, ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ.УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Засгийн газраас өргөн барьсан тэлэлттэй төсвийг тэр чигээр нь баталлаа. Хоёрхон жилийн дотор улсын төсөв асар их хэмжээгээр тэллээ. Ер нь дөрвөн сар гаруйн хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд олон алдаа завхрал гарлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой олон алдаа гарсан. Мөн эцэслэн батлахдаа төхөөрөмжөөрөө бус гар өргөж санал хураалгасан. Төсвийн байнгын хорооны дарга улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн саналыг АН-ын бүлэг гаргаж байгаа.УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ын дэгийн хуультай холбоотой асуудлыг хөндөж байна. Босоо удирдлагатай нам Их хурлыг удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон гэдгийг нүдээрээ харж байна. Хууль биш хурлын даргын үзэмжээр асуудал шийдэгддэг болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын дарга Дэгийн хуулийг мөрдүүлэх бус зүйл заалт зохиож уншсан. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Мөн төхөөрөмж ажиллахгүй байх нэрийдлээр хурал завсарлуулах хүртэл арга хэмжээ авсан. Тиймээс УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.