“Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарна, нэг нь сунгагдана нөгөө нь үгүй гээд байгаа”

0

“Хааны ордонд сонссон бүхэн чиний дотор бөглөөтэй үлдвэл зохино” гэж Эртний Грекийн ёгт үлгэрийн зохиолч, философич Эзоп хэлжээ. Энийг дагавал чихээ бөглөөд амаа хамхиад дуугай л сууж баймаар. Гэвч болдоггүй ээ. Бөглөөтэй үлдээж болохгүй нь. Хэлэхээс аргагүй хоёр том шалтаг байна.

Нэгдүгээрт: Ордон ойрд хэрүүл уруул дуулиан шуугиан хөл хөдөлгөөн ихтэй байна. Ноцтой гэхээр олон олон огцом явдал боллоо. Одоо ч үргэлжилсээр.

Хоёрдугаарт: Элэг нэгтнүүд минь хэн нэгний хаа нэгтээгээс шидсэн чулууг хамхуул мэт даган хуйларчих юм. Салхи хаанаас үлээгээд байгааг биш, салхинд юу хийсээд байгааг л харах юм. Бид шинж тэмдгийг бус уг гарвалыг нь анзаардаг хэрсүү ард түмэн болох хараахан болоогүй нь бололтой. Энэ хоёр шалтгийн улмаас Ордон хавиар ойрд болсон явдлуудыг жаал жуулхан ч болов ойлгуулахыг оролдъё. Олон талын ашиг сонирхол оролцсон. Эвлэх аргагүй хүмүүс, үйл явдлууд энд нэгдсэн. Улс төрд учир утгагүй юм гэж байдаггүй. УИХ-аар 2025 оны төсвийг, Нийслэлийн шүүхээр сэтгүүлч Өнөрөөгийн хэргийг хэлэлцэх хоёр давхцав. Өнгөн талаасаа огт хамааралгүй хоёр сэдэв. Тэгтэл нэг талаас нэгээр нь шуугиулж нөгөөг нь сарниулах арга хэмжээг зохион байгуулав.

Сэтгүүлч Өнөрөөгийн асуудал дээр сэтгүүлчид нэгдэж олон нийт анхаарвал аюул болно. Дэлхийн шившиг болно. Арай гэж тал засаж намдаасан НҮБ-ын муухай зан хөдөлнө. Ер нь энэ сэтгүүлчийн асуудал бол улс төр. Яагаад шүүх дээр бүх дуулиант хэрэг гацаад ганцхан сэтгүүлч Өнөрөөгийн хэрэг маш шуурхай яваад байна вэ.

Авлигын бүх том хэрэг шүүх дээр дарагдсан. Хуулийн хувьд шийдвэрлэх боломжгүй гэдэг тайлбартай. Гэтэл Өнөрөө дээр боломжтой болдог. Бусдыг нь бариад байна. Тэгэхээр шүүх байхгүй. Дарга бол шүүх. Ийм дүгнэлт гарна. Сэтгүүлч Өнөрөө нэгэн бүлэг найзуудын эвгүй сүлжээний үзүүрээс атгаад авчихсан байдаг. Төмөр зам, төрийн өмчүүд, ашигт малтмал, Эрдэнэтийн сүлжээ, БХЯ-ны мод тарих нэртэй нууц гэрээ рүү орчихжээ. Ингээд гаргаж тавихаар төлөвлөж, энэ ажиллагаагаа эхлүүлсэн өдрөө “Төрийн нууц задруулсан” үндэслэлээр баригдсан. Тэр үед нь Энхбаяртай ч муудалцуулж харагдуулахыг чадварлаг хийсэн. Баривчилгаа нүүрсний сонсголтой давхацсан. Дарга шүүгч нар руу утасддаг. Одоо ч утасдсаар байна. Ингэж хууль биш хувь хүн засаглаж байгаагаа улайран нотолсоор байна.

Одоо сэтгүүлч Өнөрөөд хоёр гарц байна. Нэг бол өршөөл гуйх. Тэгээд бүх насаараа дуугүй явах. Эсхүл тэр “Би найзуудынх нь ийм схемийг илчилсэн. Намайг тэр, тэр, тэр гэдэг хүмүүсээр дуудуулж уулзсан. Өрөөнд нь орж уулзсан. Энэ асуудлыг ярьж болохгүй шүү дээ.

Тэгвэл чамайг хийнэ шүү гэсэн. Хоригдож байхад энэ асуудлаар оролдохгүй бол түр гаргая даа гээд баярын өдөр гаргасан” гэдгээ яриад тэмцэх. Аль замаар явах нь Өнөрөөгийн шийдэх асуудал. Ард нь ийм л шалтгаан байгаа. Үүнийг улс төрийн хүрээнийхэн, мэдээлэлтэй хүмүүс мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс даргыг тэр шүүх хурлыг сарниулах тактик хэрэгжүүлэхэд нөгөө талаас бас нэг сонирхол нэгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төсвийн хэлэлцүүлэг хоёр дахь шат руугаа орчихсон буцаж задрах хийгээд өөрчлөгдөх боломж нь хаагдсан үе. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ айлчлал гээд хамаг том сайдаа дагуулаад төсвөө хаяад явчихсан. Тэр үеэр УИХ-ын гишүүн голдуу нам намын гишүүн хүмүүс уулзаж хуралджээ. Хэн хэн гарч ирж төсөв ярьсан бэ гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Баялгийн санд 34 хувиа хандивлах болчихоод байгаа хоёр том компани, Оюу толгойн авлига нь дахин сөхөгдсөн сайд асан, бас цагийн сайханд Монголын эзэн гэгдэж явсан, нам дамнасан том фракцын тэргүүн зэрэг хүмүүсийн төлөөллүүд байв.

Тэд хурлаараа “Акци хийе. Ерөнхийлөгчөөр хориг тавиулъя. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарах гээд байгаа. Наад хоёр чинь нэг нь сунгагдах гээд нөгөө нь үгүй гээд байгаа.

Энхтүвшин Танхимаа Баатарсайханд өгч болохгүй. Баатарсайханыг Ерөнхий сайд дэмжээд байна. Уур амьсгалыг өөрчилье” гэж ярьж. Ер нь Хэнтийн ах дүү хоёр хэрэлдээд байна гэдэг Ордны бор шувуу нисээд удаж байгаа. Энэ сайхан өгөөш. Тэд энийгээ хэрэгжүүлэхээр зарим том намын генсек рүү ч ярьж тэр нь дэмжихээ хэлсэн байна. Сайд асан нь Монголын бас нэг монополь компанийн захирлын эгч УИХ-ын гишүүнийг дуудаж уулзжээ. Дэмжлэг хүссэн байна. Эгч гишүүн гараад дүүдээ ярьсанд “За эгч минь их л сайн бодоорой доо. Наадуул чинь тэгж байгаад нийлчихдэг юм шүү” гэжээ. Тэгээд төсвийн булхайг ухав. Урьд жилүүдийн төсвүүдийг энэ жилийнх шиг ухсан блл ийм дэл сул зардал байсаар л ирсэн. Байдаг зардлууд гэсэн үг. Гэхдээ артай сайд нар нь аймаар дүнтэй зардал тусгасан нь тохиолдол цөөнгүй байна. Энэ нь төсвийг шүүх барьц болсон хэрэг. Ийм найруулгатай үйл ажиллагаанууд явагдаж эрх ашгуудын хоршсон хөдөлгөөн ажилласан гэсэн үг. Үр дүнд нь парламент хауст орж Ерөнхийлөгчийн засаглал зөв юм байна гэдэг нотлолгоо руу гулслаа. Ерөнхийлөгчийн дараагийн бүрэн эрхээ сунгаж Монголд авторитар дэглэм тогтоох суурь тавигдаж байна. Ийм арчаагүй парламенттай байхаар тэр нь ч дээр байж болох юм. Тунгаацгаана биз.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *