Б.Тэрбиш: Мега төслүүдийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө авлигаас урьдчилан сэргийлнэ

0

-Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд төрд учрах байсан 160.8 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоосон-

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцав. 

-Та саяхан Казакстан улсад болсон олон улсын сургалтад оролцоод ирсэн байна. Манай улсын авлигаас урьдчилан сэргийлэх ажил олон улсад ямар түвшинд байгаа талаар ярилцсан уу?

-Казакстан улсын Алматы хотод болсон Евро-Азийн бүс нутгийн есөн улсын төлөөлөл оролцсон ОУВС-гийн засаглал ба авлигатай тэмцэх арга барилыг дээшлүүлэх харилцан туршлага солилцох арга хэмжээнд оролцоод ирсэн. Авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын арга хэмжээ нь үр дүнтэй, бүс нутагтаа дээгүүрт орох идэвх, санаачилгыг гаргаж байгаа, “Нүүрсний” гэх хэргийн дараах УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, АТГ-ын мөрдөн шалгасан хэргүүд ихээхэн үр дүнтэй байсан, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах тал дээр маш сайн ажиллаж байгаа, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авч олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг тууштай үр дүнтэй зохион байгуулж чаддаг талаар ОУВС-гийн төлөөлөгчид сэтгэгдлээ илэрхийлсэн. Түүнчлэн авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээс гадна өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон, эсвэл бүс нутагт хэрэгжсэн сайн туршлагаас суралцах нь үр дүнтэй талаар зөвлөсөн.

-Манай улс авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр яг ямар ахиц дэвшил гаргаж байгаа вэ?

-Харьцуулж яривал илүү ойлгомжтой байх. Дөрвөн жилийн өмнө гэхэд гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас бид гадагш хулгайлагдсан хөрөнгө болон сэжигтэн этгээдийг өөрийн улсад буцаан авах боломж хязгаарлагдмал байсан. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улс 1989 онд БНХАУ-тай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар бид 22 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Авлигын эсрэг конвенцийн хүрээний хамтын ажиллагааны үр дүнд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 13.9 сая ам.доллар буюу 47.9 тэрбум төгрөгийн хохирлыг гадаад улс орнуудаас татан авч улсын төсөвт төвлөрүүлэх, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулаад байна. Энэ нь зөвхөн гадаад улс орноос хохирол нөхөн төлүүлэхээр татан авсан мөнгөн дүн. Сүүлийн 4 жилийн байдлаар гадаад болон дотоодод авлигын гэмт хэргийг шалгаж нийт 3 их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулсан.

-Гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр тодорхой түвшинд ажиллаж байгаа юм байна. Тэгвэл гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал. Энэ чиглэлээр танайх хэрхэн ажиллаж байгаа вэ?  

АТГ байгуулагдсан цагаас хойш авлига, ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйлийг хэмжиж, гэмт хэрэг, зөрчил гарах болсон шалтгаан нөхцөлийг судалж, дахин гарахгүй байх, таслан зогсоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ажлын үр дүнг сайжруулах зорилгоор ажлын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн “Дэд бүтэц”, “Хөдөлмөр, нийгэм хамгаалал, эрүүл мэнд, боловсрол”, “Банк санхүү, цахим хөгжил” гэсэн гурван чиглэлд хуваарилагдан тухайн салбаруудад гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Миний хувьд дэд бүтцийн салбар хариуцан ажилладаг.

Сүүлийн жилүүдэд гаргасан ажлын үр дүнг товчхон дурдахад, авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлсэн хохирлын хэмжээ 2022 онд 70.3 тэрбум, 2023 онд 90.5 тэрбум төгрөг буюу хоёр жилийн хугацаанд нийт 160.8 тэрбум төгрөг, төрийн байгууллагын иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал чирэгдэл үүсгэсэн 2022 онд 32, 2023 онд 30 үйлчилгээг таслан зогсоож, үйлчилгээг хялбарчлах, хүний оролцоог багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

АТГ-аас 2008 оноос хойш жил бүр гаргадаг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа” болон OECD байгууллага, IMF буюу ОУВС-гаас гаргасан зөвлөмж, заавар судалгаагаар улс төрийн нөлөө бүхий этгээдүүд дэд бүтэц салбар, барилга байгууламж, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт нөлөөлөх, төрийн өмчит компаниудад өөрсдийн хувийн эрх ашиг сонирхлын нөлөөлөл тогтоох эрсдэл өндөр байгаа. Дээрх эрсдэлийг арилгах зорилгоор бид дэд бүтцийн салбарыг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд “Зам дагасан авлига”, “Барилгын салбарын авлигын эрсдэл, инженерийн ёс зүй”, барилга хүлээж авах комиссын үйл ажиллагааг судалсан “Комисс” арга хэмжээ, “Он дамжсан барилга”, “ТЭЗҮ ба зураг төсөл” зэрэг олон судалгаа шинжилгээ, шалгалтын ажлыг цогц байдлаар бусад хэлтэс, албадтайгаа хамтран зохион байгуулж, гэмт хэрэг гарах эрсдэлийг арилган ажиллаж байна.

-Сонирхолтой нэртэй арга хэмжээнүүд байна. Одоогоор ямар үр дүн гаргаад байгаа вэ?

-Хамгийн эхэнд бидэнд ямар асуудлууд тулгарч байгааг болон авлига үүсэх болсон суурь шалтгаануудыг мэдэх шаардлагатай. Тухайлбал, “Зам дагасан авлига” арга хэмжээгээр бид анх найман эрсдэлийг олж тогтоосон. Үүний нэг нь авто замын зураг төсөл хийгдээгүй, судлагдаагүй ажил УИХ-ын гишүүдийн тойрогт болон яам, агентлагийн төсөвт таамагласан, хийсвэр төсөвтэй тусгагдаж батлагддаг. Энэ нь тухайн ажлыг хийх төсөвт өртөг нь уг ажлыг хийхэд нэг бол хүрдэггүй, илүү мөнгө тусгаж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах, эсвэл барилгын ажил чанаргүй гүйцэтгэх эрсдэлийг дагуулдаг. Зураг төсөл нь бэлэн болоогүй байхад барилга байгууламжийг хэдэн тоосгоор, ямар материалаар барих зардлын төсөв тооцоо гаргах ямар ч боломжгүй, гэтэл жил бүр яамдын төсвийн 10-30 хувьд зураг төсөлгүй ажил суугдаж байна.

АТГ-ын зүгээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан зөвлөмж, хуулийн хэрэгжилтийг хангах албан бичгээр болон тусгайлсан уулзалт зохион байгуулж, зураг төсөлгүй ажлыг санхүүжүүлэхгүй байх, өөрсдийгөө авлигын гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж ажиллахыг зөвлөсний үр дүнд төрд учрах байсан дээрх 160 орчим тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан.

Өнгөрсөн жилээс хойш эхлүүлсэн нэг гол ажил нь гадаадын зээл тусламжаар болон улсын төсвөөр хэрэгжиж буй томоохон  мега төсөл хөтөлбөрийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө төслийг эхлүүлэх болсон шалтгаан, үр ашигтай байдал, төслийн нэгжийн албан тушаалтнуудын мэргэжлийн чадварыг харах, тэдгээрийг чадавхжуулах, зээлийн гэрээ, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас эхлээд дуусах хүртэл арга хэмжээнд манай комиссарууд хяналт тавих, сургах ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн.

Жишээ нь энэ жил эрчим хүчний барилга байгууламжийн 8, зам тээврийн 2, батлан хамгаалах салбарын 2, уул уурхайн 1, барилга хот байгуулалтын 3, нийслэлээс хэрэгжиж эхлэх гэж байгаа  Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн босгох “Сэлбэ дэд төв”-д 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалт”, Засгийн газраас хэрэгжүүлж буй Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барих төсөл, “Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж, “Дэд бүтцийн төслийн авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-аар сургалт явуулан, хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллаж байна. Бид цаашид дээрх төслийн нэгжүүдтэй тогтмол уулзаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулахаас сэргийлж ажиллана.

Зураг төсөлгүй арга хэмжээг улсын төсөвт тусгадаг эрсдэлийг бүрэн арилгасан уу? Хангалттай хэмжээнд судлагдаагүй мега төслүүд хэрэгжих гэж байгаа гэсэн үг үү?

Зураг төсөл хийгдээгүй ажлууд 2024 оны төсөвт нийт 83 барилга байгууламж орж ирсэн, төсөвт өртөг нь 861 тэрбум төгрөг, 2024 ондоо 280.1 тэрбум төгрөг санхүүжихээр байгаа. Улсын 2025 оны төсвийн төсөлд Монгол Улс 33.9 их наяд төгрөг гэж туссан байна лээ. Гэхдээ уг төсвийн төсөлд зураг төсөл хийгдээгүй ажлыг одоогоор тусгаагүй, УИХ-аар яг батлагдах үед нэмэгдэж орох эрсдэлтэй. Ямар үед зураг төсөл хийгдээгүй ажил төсөвт тусгагддаг вэ гэхээр УИХ-аар төсөв хэлэлцэх үед гишүүд зураг төсөлгүй ажлыг улсын төсөвт суулгадаг. Энэ нь авлигын гэмт хэрэг гарах эрсдэлийг дагуулж байгааг Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс  ч хэлдэг. АТГ-ын зүгээс мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарт зураг төсөл хийгдээгүй, судлагдаагүй ажлыг эхлүүлэхгүй байж өөрсдийгөө эрсдэлээс хамгаалаарай гэж зөвлөж, зарим тохиолдолд санхүүжилт хийхийг зогсоохыг хүсч байгаа. Мега төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол эхлээд бэлтгэл ажлыг маш сайн хангах, иргэдэд ч хэрэгжих боломжтой хугацааг бодитой, ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй. Дарханы авто замын төсөл дээр бид хангалттай алдсан, түүнээсээ сургамж авах болсон.

Дараагийн нэг анхаарал татсан санаа зовоож байгаа төсөл бол Бүгд найрамдах Энэтхэг улстай хамтарсан “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл. Монгол Улс 388 сая ам.долларын зээлийг тус улсын Засгийн газраас нүүрсээр бартер хийж барьж байгаа төслийн хэрэгжилт хангалтгүй байгаад бид нийтээрээ анхаарлаа хандуулах ёстой.

-Та сая Дарханы замын жишээ хэллээ. Энэ дээр бид ямар алдаа гаргаад ийм удаан хэрэгжиж байгаа вэ?

-ТЭЗҮ, зураг төслийг эхэлж боловсруулаагүй, бараа материал бэлтгэн нийлүүлэх хугацааг бодитой тооцоогүйн улмаас зах зээл дээр цементийн хомсдолд орж цементийн үнэ нэмэгдэж, барилга, орон сууцны мкв үнэ нэмэгдсэн, гүйцэтгэгч компаниудын судалгааг хийлгүйгээр богино хугацаанд ажлыг эхлүүлснээр дотоодын гүйцэтгэгч компаниудад боломж олголгүйгээр гадаадын санхүүгийн болон техникийн өндөр чадалтай компаниуд орж ирсэн. Гэтэл Ковид-19 цар тахал гарч гадны компаниуд хүний нөөцийн хомсдолд орж ажил үндсэндээ удаашран одоог хүртэл үргэлжилж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Тэгэхээр мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол хэрэгцээ шаардлага, хүний нөөц, тоног төхөөрөмж, барилгын ажил явах талбай, газар чөлөөлөлт, бараа материалын судалгаа гэх мэт маш олон зүйлийг судалж, бэлтгэл ажлыг хангах нь хамгийн чухал гэдийг дахин хэлмээр байна. Ингэснээр бид бага зардлаар богино хугацаанд чанартай бүтээн байгуулалт хийж чадна.

-Тэгвэл эдгээр эрсдэлийг арилгахад АТГ-ын хүний нөөц хангалттай юу?

-Би түрүүнд хэлсэн. Зөв зохион байгуулалт хийснээр дэд бүтцийн салбар хариуцсан урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшин ажилладаг манай долоон комиссар байна. Бид улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрийн жагсаалтыг гарган авч төсөл тус бүрт өөр өөр авлигын гэмт хэрэг гарах эрсдэл байгааг тогтоож, төслийн нэгжтэй уулзах, судалгаа баримт гаргуулан авах, санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн болон бусад гэрээг судлан үзэх ажлыг тухай бүр хийж байна. Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгаа гэдэгт илтгэлтэй байна.

Мэдээж, бид өөрсдөө мэдлэгтэй байж бусдад хяналт тавьснаар авлигаас урьдчилан сэргийлж чадна. Энэ ч үүднээс хариуцсан албан хаагч нараа бэлтгэх, сургах ажлыг тогтмол хийж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *