“МАН өрмийг нь хамж, хусмыг нь АН-д долоолгож байна”
Эдийн засагч Б.Лхагважавтай ирэх 2025 оны төсвийн талаар ярилцлаа.
-Монгол Улсын 2025 оны төсөв 35.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдлаа. Ирэх оны төсвийг хөгжлийн төсөв байна гэж тодотгож байна. Та ирэх оны төсөвт ямар байр суурьтай байна вэ?
-Татвар төлөгч хэн бүхний хувьд улсын нэгдсэн төсөвт зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Сүүлийн 30 гаруй жил төсвийн асуудал олон нийтийн анхаарлаас хол цөөн хэдэн мэргэжлийн хүний байр сууриа илэрхийлэх төдий явж ирсэн. Сүүлийн найман жилийн төсвийг ажиглахад төрийн эрх баригч нам татвар төлөгчдийн төлсөн мөнгийг өөрийн хүсэл таашаалд нийцүүлж ашиглах асуудал хавтгайрсан. Үүний нэг илрэл бол ирэх 2025 оны төсөв боллоо. Энэ оны төсвийг хоёр сарын өмнө 3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 30 гаруй их наяд төгрөгт хүргэсэн. Гэтэл дахин ирэх оны төсвийг 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 35.8 их наяд төгрөгт хүргэж баталлаа. Өөрөөр хэлбэл хоёр сарын тодор төсвийг 8 их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ. Татвар төлөгчидийн нуруун дээрх дарамт 2016 оноос хойш 20-30 хувиар нэмэгдэж, орлого нь төсөөлсөн хэмжээндээ биелэж ирсэн. Энэ бол 2012-2016 оны Засгийн газрын үед хийсэн татварын өөрчлөлттэй холбоотой. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх Татварын ерөнхий хуулийг батлуулсан. Үүний үр дүнд улсын татварын орлого нэмэгдэх процесс сүүлийн 7 жил тасралтгүй үргэлжилж байна. Эдийн засагт байдаг чухал ойлголт бол аливаа зүйлд ханалтын цэг байдаг. Өнөөдөр татвараар бүрдүүлж байгаа орлогын ханалтын цэг нь дээд цэгтээ тулчихсан. Тухайлбал, 2016 онд НӨАТ-ын систем нэвтэрч байх үед 1700 орчим кассын машин байсан. Гэтэл өнөөдөр 400 мянган кассын машин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 3.4 сая иргэнийхээ тусламжтайгаар орлогын бүхий л мэдээллийг цуглуулж чаддаг болсноор жилдээ 100 гаруй их наяд төгрөгийн бүртгэлийг хийж чаддаг болсон. Иргэд жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авч байна. Сүүлийн улирлын байдлаар 80 тэрбум төгрөг НӨАТ-аас буцааж авах нэрийн дор бүх татварын хяналтыг бүрдүүллээ. Энэ систем сүүлийн 7 жил үр дүнтэй ажиллаж жил бүр татварын орлого нэмэгдсээр ханалтын цэг дээрээ хүрсэн. Энэ үзүүлэлт одоо эргээд унана.
Гэтэл энэ уналтын цэгийг Ерөнхий сайд, Сангийн сайд олж харахгүй байгаа учраас орлогоо гэнэн байдлаар шууд 20-30 хувиар давуулан биелүүлэхээр төлөвлөж байгаа нь мэргэжлийн бус хүмүүсийн алдаа болж байна. Он гараад шорооны үнэ унаж, татварын орлого буурахад төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй алдагдал хүлээнэ гэсэн үг.
Ийм учраас хэт өндөр зарлагатай төсөв баталсныг эсэргүүцээд байгаа юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 70 мянган компаниас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийг хасаад бусад салбарууд хүнд байдалд байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар 8 сая малын хоргодолтой байна. Нөхцөл байдал ийм байхад татварын орлгогыг 20-30 хувиар нэмж төвлөрүүлэх боломж байхгүй.
ТӨРИЙН ОРОЛЦСОН БҮХЭН ДАМПУУРДАГ
–Монгол Улс жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулсан цагт хөгжил ирнэ гэдгийг олон жил ярьж байгаа. Монгол Улсын төсөв тэлэхийн хэрээр аж ахуйн нэгжүүд томорч эдийн засаг солонгороно гэж ярьж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд төсвийн тэлэлтийг эсэргүүцээд байгаа шалтгаан юу вэ?
-Төсөв аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлсэн татвараас бүрддэг. Аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлсэн нийтийн санхүүг хамгаалах механизм хэрэгтэй байна. Энэ асуудал Монгол Улсын Үндсэн хуульд байдаггүй нэг том бүлэг. Социализмаас капатилзм руу шилжсэн улс орнуудад Үндсэн хуульдаа нийтийн санхүү гэх тусгай бүлгийг тусгаж өгсөн байдаг. Энэ нь нийтийн санхүүг төрөөс болон төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалдаг. Нийтийн санхүүг тодорхой бүлэг этгээдүүдэд ашиг олох, ашигласан тохиолдолд тухайн парламентын гишүүн огцордог жишиг бий. Хоёрдугаарт, төр эдийн засагт оролцож байгаа хамгийн тос хэлбэр бол татвараар болон төсвөөр дамжиж илэрдэг. Гэтэл Монгол Улсын ирэх 2025 оны төсвийг аваад үзэхээр ДНБ-ий 37.7 хувь хүртэл төсвийг тэлсэн нь төр цомхон, чадварлаг, бүтээмжтэй байх онолыг зөрчиж өнөөдөр чадваргүй, чадамжгүй, массын цуглуулгыг бий болгож байна. Төрийн албан хаагчийн тоо 226 мянгад хүрсэн нь хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая иргэний 1/6-ийг төрийн албан хаагч эзэлж байгаа үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг цааш нь улам томруулах юм бол төсөв дийлэхээ болино. Татвар төлөгчдийн мөнгө төрийн 226 мянган албан хаагч, дээр нь МАН-ын 200 гаруй мянган гишүүд, АН-ын 180 мянган гишүүн гэх мэт том зургаараа 500-600 мянган хүнийг хоолтой, ундтай, цалинтай байлгах зардлыг дийлэхгүйд хүрсэнд бухимдаад байна. Нөгөө талаасаа төрөөс ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 томоохон төсөл байна. Эдгээр төслүүдийг эсэргүүцээд байгаа юм биш.Хамгийн гол нь төр өөрөө төсөл хэрэгжүүлэх биш хувийн хэвшлээ дэмжсэн бодлого явуулах үүрэгтэй. Тухайлбал, АНУ ковидын үед 4 их наяд ам.доллар хэвлэж компаниуд, аж ахуйн нэгжүүдийг үүд хаалгаа нээлттэй байлгах үүднээс цалингийн сан руу нь өгсөн. Компаниуд авсан мөнгөнийхөө 70-80 хувийг цалиндаа зарцуулсан. Энэ бол хөдөлмөрийн хамт олон эдийн засгийн хүндрэл, гай гамшгаас хамгаалж, цар тахал, дайны үед ч хамгаалах чухал гэсэн концевц юм. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд, хувь хүн социализмын үед 45-50 хувийн татвартай байсан. Энэ систем бол социализмын үед иргэдээ өмчгүй байлгах,улсын үйлдвэрийн ашгийг татан авахын тулд тусгай татварын систем мөрдөгдөж байсан. Уг системийг 1992-1996 онд өөрчилж чадаагүй учраас 1852 аж ахуйн нэгж үндсэндээ дампуурсан. Өнөөдөрт чөлөөт зах зээл дээр 200 гаруй мянган компани бүртгэлтэй боловч 60 мянган компани үйл ажиллагаа явуулж, татвар төлөгч 10 мянган компани байна. Эдгээр том кампани, аж ахуйн нэгжүүдээрээ томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломж бий. Гэтэл төр өөрөө бүхнийг хийж хэрэгжүүлэх төсөл орж ирсэн. Төр ийм томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг бид нэгэнт харсан. Төрийн оролцсон бүхэн дампуурсан. Үнэндээ зэсийн үнэ тогтмол өндөр байгаа тулдаа Эрдэнэт үйлдвэр урагшилж байна. Төртэй холбоотой компаниуд эдийн засгийн 60 гаруй хувийг эзэлж байна. Энэ бүхэн менежмент технологийн хувьд хоцрогдсон. Төр хувийн хэвшил аж ахуйн нэгжид орон зайгаа тавьж өгөхгүй өөрсдөө бүхнийг хийнэ гэдэг философиос үүдэж байна. Нүүрсний худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа төр, хувийн хэвшил, орон нутгийн өмчит, бирж дээр гарсан компанийг зэрэгцүүлээд харахад хамгийн хоцрогдсон нь төрийн өмчит компани л байна.
-Тэгвэл төр яаж эдийн засаг дахь оролцоогоо бууруулах ёстой юм бэ?
-Нийтийн санхүүг Үндсэн хуулийн хамгаалалтад авах ёстой. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөр энэ концевцыг оруулж ирсэн. Гэтэл тухайн үед энэ саналаа өөр зүйлээр тохироо хийгээд буцаагаад татчих шиг болсон. Нийтийн санхүүг Үндсэн хуулиар хамгаалж чадаагүй учраас төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарцуулж байна. Бүтээн байгуулалт нэрийн дор мөнгө хэвлэх, зээл авах гэх мэт шийдвэрүүд ирээдүйд татвар төлөгчдийн төлөх өр болж байна. Яагаад бид ирээдүйд хуримтлагдах өөрийнхөө төлөө санаа зовохгүй байна вэ. Өнөөдөр шийдвэр гаргасан албан тушаалтнууд 2-4 жилийн дараа албан тушаалаасаа буугаад алга болчхож байна. Гэтэл бид хоёр байтугай 20 жилийн дараа ч өрөө төлнө. Тийм учраас татвар, даатгалаар хуримтлагдсан мөнгийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулдаг байх ёстой механизм руу өнөөдөр улстөрчдийн гар хөл орчихсон.
Нийтийн санхүүг нийтэд зарцуулах биш, нийтийн санхүүг нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө болон өөрийн хамаарал бүхий компаниуддаа зарцуулж байгаа хүмүүсийг сайн сайд дарга, улстөрчид гэж нэрлээд байна. Үүнд чанарын том ялгаа бий.
Нийтийн санхүү ийм хяналтгүй байгаа учраас эрх мэдэлтнүүд дур зоргоороо аашилж байна.Макро түвшинд хөдөлмөрийн зах зээл, татвар, даатгал, улсын төсөв, худалдааны тэнцэл, валютын нөөц, инфляци гэх мэт бүх тоон үзүүлэлтүүд уялдаатай байдаг. Тийм учраас мэргэжлийн институт нь хийхгүй сайн дурын улстөрчид хийж байгаа учраас өнөөдрийн дүр төрх бий болсон. Хамгийн наад зах нь суурь бүтээн байгуулалтаа харахад хамгийн чанаргүй, хамгийн олон жил явсан бүтээн байгуулалтууд олон байна. Европт нийтийн санхүүгээр барьж байгуулсан бүхэн хамгийн чанартай байна. Хяналт тавих механизм сайн ажилладаг. Гэтэл Монголд энэ механизм нь алга. Төсөв батлах үйл явцыг хамгийн гол нь УИХ хянах ёстой. Гэтэл УИХ-ын 126 гишүүн бүгд эдийн засагч биш учраас Аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк гэж бий. Гэтэл УИХ-аас байгуулсан институциуд хяналтаа тавих ёстой боловч албан ёсны байгууллагуудын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Энэ бүхэнд хариуцлага тооцох мехнизм алга.
ЦӨӨН ХЭДЭН ДАРГА НАМЫНХАА БАЙРАН ДОТОР ТӨРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА
-Билэг тэмдгийн чанартай дүгнэлтүүдийг тоож авч хэлэлцэхүй байгаа нь шүдгүй арслан гэх ойлголтыг бий болгоод байна шүү дээ?
-УИХ гэх институт өөрөө өнгөрсөн 30 жилд бойжиж чадаагүй байна. УИХ өөрийнхөө институтүүдийг чиг үүргийнх нь дагуу ажиллуулдаггүй, үр дүнг нь хардаггүй. Энэ эрх мэдэл хэнд байдаг вэ гэхээр намд байдаг. Өнөөдрийн Монгол Улсын төр нам дагадаг болсон. Нарийндаа эрх барьж байгаа цөөн хэдэн дарга намынхаа байран дотор төрийн асуудлыг шийдэж байна. УИХ-ын байнгын хороод маш хүчтэй институт. Гэтэл байнгын хороод биш намын бүлгүүд шийдвэр гаргаж байна.Намын бүлэг гэдэг УИХ-ын бүтэц биш. Гэтэл байнгын хороо бүлгийн эсрэг шийдвэр гаргаж чадахгүй байна. Үүнээс үүдээд намд төр эрх мэдлээ алдчихаад байна. Гэтэл хувийн хэвшлийн сүүлийн 5-10 жилийн татварт шалгалт оруулж, акт тавьдаг. Тухайлбал, 540 тэрбум төгрөгийн НӨАТ-ын алдагдалтай байгаа нь үндсэн процесс нь зөв боловч үндсэн бүртгэл нь буруу явж байгаагийн хамгийн том жишээ. Сүүлийн найман жил эрх баригчид НӨАТ, татварын системийнхээ дотоод технологийг мэдэхгүй, өмнө нь эхлүүлсэн хүмүүсийн сайн үр дүнг ашиглаж байна.
-Төсөв тэлэхийн хэрээр эдийн засгийн үр өгөөж иргэд, өрх гэрийн үүд хаалгаар орж өгөөж нь нэмэгдэхгүй, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ буурахгүй байгаа шалтгаан юу байна вэ?
– Төрийн хамгийн чухал үүрэг бол инфляцийг нэг түвшинд барих буюу төгрөгийн ханшийг бууруулахгүй байх үйл явц. Гэтэл 2012 оноос хойш аль ч эрх барьж байгаа нам эвслүүд нэг буруу зам руу орсон нь том дүнтэй зээл бондын өр бий болгож, өөрсдөө ажлаа хийхээс илүү гаднын бэлэн мөнгөн дээр тоглох үйл явц хавтгайрсан. Үүнээс ямар үр дүн гарсан гэхээр Монголын зах зээл рүү 500 сая ам.доллар оруулах, гаргахын хооронд мөнгөний ханш асар их унаж байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг авч байхад Монголын зах зээлээс 430 гаруй сая ам.доллар гарсан. Гэхдээ үүнээс 20 хоногийн дараа мөнгөний ханш 20 орчим хувиар унасан. Н.Алтанхуягийн Засгийн газар 2.7 их наяд төгрөг хэвлэх үед 9 сард мөнгөний ханш 40 хувиар унасан. Саяхны жишээ гэхэд малчдын хоршоо нэрийн дор 500 тэрбум төгрөг хэвлэхэд өнөөдрийн төгрөгийн ханшийн гол уналт уг шийдвэрээс хамаарч байна. Энэ мэтчилэн эрх мэдэлтнүүд хэдэн арван сая ам.долларыг дур мэдэн зах зээлээс гаргах үед төгрөгийн ханш түүнийг дагаад унаж байна.
Их хэмжээний мөнгөний хөдөлгөөнийг хийхдээ мэргэжлийн хүмүүс мэргэжлийн байдлаар хандахгүй бол төлөөсийг нь татвар төлөгчид, иргэд төлдөг. Цалин нэмэгдсэн ч үнэгүй, хадгаламж ч үнэгүй болно.
Тэр хэрээрээ эрх мэдэлтнүүдийн хийсэн томилгооны горыг жирийн иргэд, татвар төлөгчид төлдөг. Тийм учраас эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрээр гарах мөнгөний хяналтыг хянаж байх ёстой. Үүнийг хянахгүй бол эдийн засгийн аймшигтай дүр төрх рүү хүргэдэг гэдгийг сүүлийн жилүүдэд харж байна. Ирэх оны төсвийн тухайд 2016,1017,2018,2019 онд зарцуулсан бүх төсвийн хэмжээг ирэх ганцхан жилд зарцуулах гэж байна. Ийм хэмжээний зарцуулалтын зарлагыг зоригтой, бардам оруулж ирж байгаагийн шалтгаан бол хамтарсан Засгийн газар байгуулсанд байна. Угтаа УИХ дээр бол намууд хамтраагүй шүү дээ. Намуудаас тодорхой хэдхэн хүнийг л Засгийн газарт урьсан. Энэ бол түр зуур гал унтраах бас дээр нь намуудын төлөөллийг өөртөө нэгтгэсэн, бизнес эрхлэгчид, хөдөлмөр эрхлэгчид, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийг өөртөө нэгтгэчихсэн учраас “Хэн миний өөдөөс дугарах вэ” гэдэг хэт бардам байдлын илрэл болж байна.
МАН-ЫН ДАРААГИЙН ЗАЛЬ БОЛ АЧААНЫ ХҮНДИЙГ АН-Д ҮҮРҮҮЛСЭН
-Иргэдийн хувьд 2024 оны сонгуулийн үр дүнгээс нэлээд өөрчлөлт, шинэчлэл хүлээсэн. Эргээд харахад иргэдийн сонголтын дараа хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь төрд хяналт дутагдах үйл явц өрнөж байна гэж иргэд шүүмжилж байна. Тогтолцооны өөрчлөлт хэр бай-гаа онов?
-УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор МАН 63 суудлаа 68 л болгосон шүү дээ. Иргэд өөрчлөлт хийх хэмжээний сонголт хийгээгүй. Үлдсэн 58 суудлыг сөрөг хүчин намуудад өгсөн. Энэ бол сүүлийн 8 жил хяналтгүй байсан нийтийн санхүү, мөнгөний зарцуулалтыг хянаад өгөөч гэсэн сонголтыг ард түмэн хийсэн. Харамсалтай нь иргэдийн сонголтыг уландаа гишгэж сөрөг хүчин хийх намууд эрх баригч намын өвөрт гүйгээд орчихсон.
УИХ дээр бантан болж байна. Энэ бол МАН-ын заль. МАН-ын УИХ-ын 126 гишүүн дотор авсан гишүүдийн тоо, бяр чадлыг харахад сул байгаа учраас сөрөг хүчнүүдээ өвөртөө авсан. Энэ заль Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн тухайд Ч.Номин сайдыг золиосонд явуулах магадлалтай байна. Энэ бол цаанаасаа зурагдсан тоглолт. Харин дараа жилийн төсөв батлагдах үед хамтарсан намуудаасаа нэгийг нь Засгийн газраасаа гаргана. Гэх мэтчилэн нийтийн анхаарлыг сарниулах хурган заль, тоглолт хийж байна. Зарим гишүүдийн гаргаж байгаа зарчмын санал зөв шүү дээ. Сонгуулийн өмнө Засгийн газар байгуулсан гурван намуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан, амласан амлалтдаа байхыг шаардаж байгаа нь зөв. Дээрээс нь МАН-ын дараагийн заль бол ачааны хүндийг АН-д үүрүүлсэн. Хамгийн хэл амьтай салбарын сайд нарыг АН-аас томилоод өөрсдөө хамгийн их мөнгө эргэлдүүлдэг, угаадаг салбаруудаа авч үлдсэн. Жилийн дараа Д.Бямбасүрэн гуайн үеийн Засгийн газрын үед тоглогдсон тоглолт давтана. Тэр үед 1990-ээд оны реформыг хийхэд МАХН-аас АН-ын залуучуудыг эвсэлийн Засгийн газарт урьж оролцуулсан. Тухайн үеийн АН-ын залуучууд гол ачааллыг нь үүрсэн. МАХН хийгээгүй. Эцэст нь юу болсон гэхээр реформ хийснийхээ төлөө АН улстөрийн золиосонд өртсөн.
Яг үүнтэй ижил өнөөдөр МАН-ын найман жилийн лай ланчинг АН-ын залуучууд үүрч, жилийн дараа Засгийн газраасаа нэр хоч өгөөд, хөөж гаргана. Гэхдээ реформын үр дүнг МАН дараагийн сонгуульдаа ашиглана.
МАН-ын хувьд 68 гэдэг маш эмзэг тоо. Энэ жилийн сонгуулийн үр дүн Ерөнхийлөгчийн институцийг хүчтэй болгосон. Өнөөдөр бүх зүйл Ерөнхийлөгчийн эрхшээлд байгаа учраас улсын төсөвт хориг тавих эрх нь бий. Ерөнхийлөгчийн институт зөв ажиллаж чадвал тэнцвэр нь алдагдсан зүйлс тэнцвэржинэ. Гэтэл энэ эрх мэдлээ ашиглаж чадахгүй эмзэг тоон дээр тоглолт хийдэг хүмүүс ч байсан. Тухайлбал, Ерөнхий сайдыг батламжлахгүй 7 удаа буцаадаг гэх мэт… Гэхдээ одоо ийм арга барил хоцрогдсон. Одоо тун удахгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал хөндөгдөж одоогийн байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах зүйл заалт оруулж ирж батална. Энэ өөрчлөлтийг баталсны дараа Засгийн газарт хамтарсан намуудын хэрэг нь дуусна. Хамтарсан Засгийн газрууд жил гаруйн настай байсан. МАН-аас Засгийн газраа жаахан удаан тогтоохыг хүссэн учраас хамтарсан. Түүнээс биш хамтдаа хийж бүтээхийн тулд хамтраагүй. МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд АН-ын гишүүд нойр хоолгүй ажиллаж байна. МАН-ынхан өрөмтэй салбаруудаа авчихсан учраас хумсыг нь тэдэнд долоолгоно.
Яг үнэндээ УИХ дээр АН, ХҮН сөрөг хүчнээ хий. Эдгээр намуудаас Засгийн газарт ганц нэгхэн л хүн л урьсан төдий зүйл. Өнгөрсөн гучин жилд өрнөсөн шатрын тоглолтыг АН одоо болтол мэдрэхгүй байгааг гайхаж байна.
Хэдийгээр би МАН-ын гишүүн ч гэсэн эцсийн дүндээ нам гэдэг бол нийтийн сайн сайхны төлөө ажиллах бүлэг хүмүүс. Гэтэл энэ үндсэн зарчмаараа ажиллахгүй байна. МАН 100 жилийн түүхтэй. Гэтэл 98 жил нь коммунист үзэл санаа тээсэн мөртлөө хоёр жилийн өмнө социолдемикрот үзэл санаа руу шилжсэн. Хэрэв үзэл бодлоо өөрчилж байгаа юм бол намаа шинэчлэн байгуулах ёстой. Шинэ үзэл бодол дээрээ тулгуурлаж намынхаа институтийг бүрдүүлэх ёстой. Гэтэл МАН-ыг төлөөлж 150 хүн цуглаад өөр үзэл бодол зээлж авч байвал тарах ёстой. Үзэл бодолгүй, зарчимгүй, массын бөөгнөрөл бий болох нь нийгэм, улс орон, эдийн засагтаа аюултай. Иргэдийн эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуульд заасан эрх. Ардчилсан улс Үндсэн хуулиараа энэ нэгдлийг дандаа хамгаалж байдаг