Э.Болормаа: Халзан бүрэгтэйн төсөл “мордохын хазгай” бус зөв алхам байгаасай
Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдсан 2025 оны улсын төсөв болон “Халзан бүрэгтэйн төсөл”-тэй холбоотойгоор үүсээд буй цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг баталсан. Энэ удаагийн төсөв багагүй шүүмжлэл дагуулсан, хэлэлцүүлэг өрнүүн байдлаар батлагдлаа. Таны хувьд төсөв батлагдах процессийг хэрхэн дүгнэж байна?
-126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв боллоо. Энэ ч утгаараа маш өргөн хэлэлцүүлэг өрнөсөн нь давуу тал болсон. Өмнө нь төсвийн хэлэлцүүлгүүд төдийлөн өрнөдөггүй байсан болов уу гэж харж байгаа. Энэ УИХ-ын анхны төсөв учраас зарим шинэ гишүүд процессийн ганц нэг зүйлээс хоцорсон асуудал байлаа.
Энэ удаагийн төсвийн гол давуу тал бол гишүүдийн “тойргийн” гэж ярьдаг төсөв байхгүйгээр Засгийн газрын төсвийн баталж чадлаа. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төсөв болсон гэж харж байгаа. Гэхдээ цаашид төсвийн хувьд сайжруулах орон зай их байгааг дуу нэгтэйгээр санал нийлж байх шиг байна.
-УИХ-ын гишүүн гарын үсэг цуглуулаад, Засгийн газартаа шаардлага тавьдаг субъект биш-
-Энэ удаагийн төсөв 1.9 их наядын алдагдалтай. Улмаар нэр бүхий гишүүд төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломжтой гэж үзэн, гарын үсэг цуглуулсан. Энэ үйл явц дээр ямар байр сууринаас хандав?
-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусаад, Засгийн газар төсвөө эргүүлэн татах боломжгүй болсон үед энэ үйл явц эхэлсэн. УИХ-ын гишүүнийг гарын үсэг цуглуулаад, Засгийн газартаа шаардлага тавьдаг субъект гэж харахгүй байна. УИХ Засгийн газрын тэргүүнээ сонгодог, бид энэ төсвийг батлах бүрэн эрхтэй. Тэр ч утгаараа анхны төсөв байсан учраас нэр бүхий гишүүдийн санаачлагад цаг хугацааны алдагдал байсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ урсгал зардлыг бууруулах тал дээр гарын үсэг цугуулж байсан гишүүдтэй ч үүнийг ярьж байсан. Урсгал зардлыг бууруулах саналыг өмнө нь тавьж байхад үүнийг зөвшөөрөхгүй байсан. Шулуухан хэлэхэд, энэ нь боломжтой ч үүнийгээ тойргийн мөнгөнд оруулъя гэж нэг нь дуугарсан. Гэтэл энэ тойргийн төсөв нь байхгүй болтол шударга ёсны баатар болоод эхэлсэн.
Гэхдээ зарчмын хувьд бид алдагдалгүй төсөв батлах ёстой. Зарчмын хувьд дээрх гишүүдийн санал санаачилгыг хүлээн авч, тодотгол хийх тогтоолын төслийг баталлаа.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FUbndotmn%2Fvideos%2F1340235423605236%2F&show_text=false&width=560&t=0
-Төсвийн зардлыг бууруулах боломж байсан уу?
-Эхлээд Ажлын хэсэг нэг тоо гаргаж ирсэн юм билээ. Өмнө нь Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдах байсан ч хуралдаж чадахгүй, зардлыг хэдий хэмжээгээр бууруулах боломжтой вэ гэсэн нарийвчлалыг хараагүй. Эхлээд 1.4 их наяд гэсэн тоо яригдаж байсан. Дараа нь Төсвийн байнгын хорооны дарга чуулганы хуралдаан дээр “Энийг харагдаж байгаа шиг амархан хасаж болохгүй. Боломжит хэмжээ нь 30 орчим тэрбум төгрөг” гэж хэлсэн.
-Төсвийн байнгын хороо шинэ арга барилд шилжих ёстой-
-Төсөв батлагдахтай зэрэгцэн хүний, өөрийн гэлтгүй л ТБХ-ны даргыг хариуцлага хүлээх ёстой гэж шүүмжилсэн. ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хэлэлцүүлгийн үеэр ямар алдаа гаргасан гэж үзэж байна?
-Шинэ тогтолцооны шинэ арга барил дутагдсан болов уу. 76 гишүүнтэй байхад, наад зах нь л хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийн тоо нь цөөхөн байлаа шүү дээ. Харин одоо 126 гишүүнтэй, үүний 80 гаруй нь шинэ гишүүд буюу төсвийг анх удаа хэлэлцэж байна.
Төсвийн хэлэлцүүлгийн явцад би хэд хэдэн удаа татварын асуудлыг хөндсөн. НДШ, ЭМД-ын асуудлыг иргэд хөнддөг ч яагаад өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаа асуудлуудыг олон талаас нь хөндсөн ч төсөлд тусгагдахгүй л байгаад байсан. Нэг бодлын ам таглагдаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн.
Тийм учраас магадгүй Төсвийн байнгын хороо шинэ арга барилд шилжиж, хариуцлагатай хандах ёстой.
-Төсвийн тодотголыг ирэх 12-р сард багтаан хийх үүрэг ЗГ-т оногдсон. Нэг талаараа энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг зарим гишүүд яриад байна. Таны байр суурь ямар байна?
-Энэ асуудалд УИХ-ын Тамгын газраас албан ёсны мэдээллийг авсан нь дээр байх. Миний хувьд мэргэжлийн хуульч биш учраас дүгнэлт хэлэх боломжгүй байна.
-Төсөв батлахад “хардалт” үүсгэхгүй байх үүднээс гараар санал хураасан байх-
-Төсөв батлагдах үед үүссэн өөр нэг асуудал бол гараар санал хураасан явдал. Зарим хэсэг нь үүнийг хуульд нийцээгүй гэж үзсэн. Тухайн үед чуулганы танхимд нөхцөл байдал ямар байсан бэ?
-Энэ бүхэн баримттайгаар байгаа. Бид чуулганыг бүтэн лайваар хардаг учраас төсвийн хэлэлцүүлэг олны нүдэн дээр ил явагдсан. Хэн нэгний гарыг өргүүлж, болиулсан асуудал байхгүй. Өмнө нь “кноп” дээр асуудал үүсэхээр маш их хардалт бий болдог байсан.
Надад ч ийм асуудал үүсэж байлаа. “Дэмжье” гэсэн санал өгсөн байтал төхөөрөмж дээр алдаа гарснаас болж, горимын санал гаргаж байсан. Тийм учраас энэ мэт хардалт үүсгэхгүй байх үүднээс гараар санал хураасан байх.
-Өмнөх парламент бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд УИХ-ын Дэгийн тухай хуулийг шинэчилсэн. Харин төсөв хэлэлцэх үеэр энэ хуулийн шинэчлэлийг эргэн харах шаардлагатай гэж цөөнгүй гишүүд хэлсэн. Шинэ гишүүний хувьд сэтгэл ханамжтай байж чадаж байна уу?
-Дэгийн хуулийн хамгийн том өөрчлөлт бол сонгодог парламент буюу мэтгэлцээний зарчим руу шилжиж байна. Өмнө нь гишүүд зүгээр л орж ирээд ПОПРООД явчихдаг байсан. Тодорхой хэмжээний хариуцлагатай ажил байтал мэдэх, мэдэхгүй сэдэв дээрээ таалагдсан юмаа ярьчихдаг байсан бол одоо илүү сонгодог парламент руу явах гэж зорьсон Дэгийн тухай хуулийн шинэчлэл гэж харж байна.
-Салбарын тодорхойгүй бодлогоос болж “Халзан бүрэгтэй”-д иргэд талцаж байна-
-Сүүлийн өдрүүдэд “Халзан бүрэгтэйн төсөл”-ийн асуудал олны анхааралд байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Ховдоос гадна бусад баруун аймгуудын байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэх яриа иргэдийн дунд байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд юу хэлэх вэ?
-Энэ бол цоо шинэ асуудал биш. Намайг Засаг даргаар ажиллаж байхад ч жагсаал цуглаан болж байсан. Миний хувьд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам энэ асуудалд бодлогоо тодорхойлох ёстой гэж үздэг. Тодорхойгүй бодлогоос болж, иргэд талцаж байна. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар иргэдэд мэдээлэл дутмаг байна л даа. Мэдээлэл дутмаг байдлаас болж бие биетэйгээ дэрсэлдсэн, нэгнийхээ амь насанд хүрч болохуйц эрсдэл үүсчихээд байгаа юм.
Миний бие аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хүний амь нас эрсэдсэн асуудал гарч байсан учраас үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэж байсан.
-Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж байсан шүү дээ?
-Түүнээс өмнө ингэж шийдвэрлэж байсан юм. Гэвч тэр шийдвэр шүүхэд очоод, унаж байсан. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт томилолтоор ажиллаж байх хугацаандаа үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан.
“Халзан бүрэгтэйн төсөл”-ийн энэ асуудлыг нэг хэсэг нь улс орныхоо эдийн засгийг урагшлуулах гэж байна гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь зогсоох гээд байгаа юм шиг өрөөсгөл хараад байна гэж боддог.
Бид бүгдээрээ л Монгол Улсыг хөгжөөсэй л гэж бодож байгаа. Магадгүй хөгжлийн замыг өөр өөр өнцгөөс нь харж болно. Гэхдээ байгалийн баялаг, газрын хэвлийтэй холбоотой асуудалд илүү нухацтай хандах хэрэгтэй.
Миний хувьд бодлого тодорхойгүй үед иргэдийг ойлгомжгүй байдалд хүргэсэн нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны буруу гэж үзэж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ” гэсэн байгаа. Бодлогоор дэмжинэ гэдэг нь яг юу юм бэ. Газрын ховор элемент гэдэг нь бидний хувьд шинэ зүйл. Тиймээс анхны энэ төсөл нь “мордохын хазгай” бус зөв алхам байгаасай.
Хэрвээ зөв менежмент хийж чадахгүй бол иргэдийн тавьж буй шаардлага зөв шүү дээ. Эрсдэл, үр ашиг нь тодорхойгүй бол газрыг ухуулж яах юм. Иргэдийн шаардлага бол огт буруу шаардлага биш.
-Энэ асуудлаараа салбарын яаманд шаардлага хүргүүлсэн үү?
-Бодлогоо тодорхойл гэх шаардлагыг хүргүүлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт энэ асуудал нэлээн өндрөө авсан байхад, та бүхний ойлгомжгүй байдлаас болж иргэд хоорондын талцал үүсэж буйг ойлгоорой гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүний хувьд би Засгийн газарт шаардлага тавих, хууль санаачилж чадна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:Ubn.mn