Чимээгүй алуурчин гэгддэг “хатгалгаа” өвчний тухай эвгүй 24 баримт

0

Өнөөдөр уушгины хатгалгаа авчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Уг өвчнөөс болж дэлхий
дээр жилд олон сая хүн нас бардаг гэх тоо судалгаа гарчээ. Манай улсад энэ өвчнөөр өвдсөн таван хүн
тутмын нэг нь бага насны хүүхэд байдаг гэх таагүй баримт бий. Тэгвэл бид танд уг өвчний тухай, урьдчилсан сэргийлэхэд нэмэр болох 24 баримтыг хүргэж байна.

БАРИМТ 1 Нян вирус зэрэг халдварын гаралтай өвчин үүсгэгч амьсгалын зам, цус ба зэргэлдээ эрхтнээс уушгинд тархах замаар амьсгалын бүсийг хамарсан цочмог шүүдэст үрэвсэл үүсгэхийг уушгины хатгалга өвчин гэнэ.

БАРИМТ 2 Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг.

БАРИМТ 3 Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.

БАРИМТ 4 Вирус, бактериуд уушгины хатгалгаа үүсэхэд нөлөөлдөг. Ялангуяа ханиад, томуу хүрсний дараа хатгалгаа болж хүндрэх нь элбэг байдаг. Учир нь ханиад хүрсний дараа хүний бие нян, вирусын эсрэг тэмцэх чадвар суралдаг.

БАРИМТ 5 Антибиотик дур мэдэн хэрэглэх нь хатгалгаа болон бусад антибиотикоор эмчлэгддэг өвчнүүдэд антибиотик үйлчлэхгүй байх, үр дүнг нь сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс эмчийн заавраар хэрэглэж байх хэрэгтэй. 

БАРИМТ 6 Тамхи татах нь уушгины хатгалгаа төдийгүй бусад өвчинд өртөмтгий болгодог.

БАРИМТ 7 Багтраа, уушги тэлэгдэх өвчин зэрэг бусад суурь өвчтэй байх нь хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.

БАРИМТ 8 Нэгээс доош настай нярай болон 65-с дээш насны хүмүүс илүү өртөмтгий байна. Мөн дархлаа суларсан тохиолдолд хүндэрнэ. 

БАРИМТ 9 Шинж тэмдэг нь цустай, ногоон цэртэй ханиалгах, халуурах, амьсгаадах, чичирч, шүд тачигнах, цээж хорсох, ханиалгаж амьсгалахад цээжээр өвдөх, зүрхний цохилт хурдсах, ядарч сульдах, толгой өвдөх, гүйлгэх, толгой эргэж, бөөлжих зэрэг…

БАРИМТ 10 Нэгээс доош сартай нярайд хөхөндөө дургуй болох, яраглах, халуурах, сульдах шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнтэй ижил шинж тэмдэг илрэхээс гадна зүрхний хэм минутад 100-аас дээш удаа цохилж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

БАРИМТ 11 Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Үүнд, цээж хорсож өвдөх, бусад зүрхний өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэх, амьсгал давхцаж толгой эргэх, цустай ханиалгах, босож зогсох, суух үед толгой эргэх, 38,2 хэмээс дээш халуурах, 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, бөөлжих шинж тэмдгүүд долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл яаралтай эмчид хандана уу.

БАРИМТ 12 Урьдчилан сэргийлэхийн тулд тамхи татдаг бол тамхинаас гарах, ханиад томуутай хүмүүсээс хол байх, ханиад, томуу туссан бол хүндрүүлэхгүйгээр эмчлэх, гараа тогтмол угаах, амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх, даарахгүй байх, тэжээллэг халуун хоол идэх, томууны вакцин хийлгэх шаардлагатай. 

БАРИМТ 13 Хатгалгааны үед цээжний рентген зураг авахуулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэх бөгөөд инжилгээний хариугаар хатгалгаа мөн эсэхийг эмч оношилсны дараа эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ.

БАРИМТ 14 Бактерийн гаралтай хатгалгааг бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд антибиотикийн курс эмчилгээ хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бусад өвчний эх үүсвэр болох аюултай.

БАРИМТ 15 Эмчилгээний хугацаанд унтаж амрах, шингэн зүйл ихээр уух, тамхи татахгүй байх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв шөнөдөө ихээр ханиалган унтаж чадахгүйд хүрвэл ханиалга намдаах эм ууна.

БАРИМТ 16 Харин вирусийн гаралтай хатгалгааг антибиотикоор эмчлэхгүй. Эмчийн заавраар бусад эмэн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

БАРИМТ 17 Ханиад томуу, улаан бурхан, салхин цэцэг туссан хүнтэй ойртохгүй байснаар хатгалгаанаас урьдчилан сэргийлж болно. Учир нь эдгээр өвчнүүдийг туссаны дараагаар хатгалгаагаар өвчлөх магадлал өндөр байдаг. 

БАРИМТ 18 Хатгалгаагаар өвдсөн хүүхэд өрхийн эмчдээ тодорхой хугацааны дараа хянуулах хэрэгтэй. Хүүхдийг эмчлэгч эмч ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа хатгалгаа бүрэн ул мөргүй арилсан эсэхийг шалгаж дахин үзнэ.

БАРИМТ 19 Дутуу эмчилсэн хатгалгаа нь гуурсан хоолойн багтраа зэрэг ноцтой өвчин үүсгэхэд хүргэж болзошгүйг анхаараарай.

БАРИМТ 20 Мөн ХДХВ/ДОХ-той, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хими эмчилгээ эсвэл урт хугацааны стероид хэрэглэдэг хүмүүс өвдөх эрсдэл өндөр байдаг гэнэ.

БАРИМТ 21 Улаанбаатар хотод 2018 оны байдлаар хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2016, 2017 онуудад зорилтот бүлгийн, 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн. Гэвч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой байна.

БАРИМТ 22 10 000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл өвчнөөр өвчлөгчид 2018 онд 144 болж 5 жилийн өмнөхөөс 18-аар, 10 жилийн өмнөхөөс 27-гоор өссөн байна. 10000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл хамгийн их нь 2017 онд 169, хамгийн бага нь 2011 онд 112 байсан. Амьсгалын тогтолцооны зарим өвчнийг насны бүлгээр авч үзвэл 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн түвшин бусад насныхнаас өндөр байна. Тухайлбал, цочмог бронхит ба цочмог бронхиолит өвчин бусад насны бүлгийн хүн амын дундажтай харьцуулахад 30.2 дахин, хатгалгаа 15.6 дахин их байна.

БАРИМТ 23 Улаанбаатар хотод 10 000 хүүхдэд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 2018 оны байдлаар 1808 болж, 5 жилийн өмнөхөөс 1.4 дахин, 10 жилийн өмнөхөөс 1.9 дахин өссөн байна. 

БАРИМТ 24 Иргэд өвдсөн үедээ эмнэлэгт хандалгүй, эмийн санчийн зөвлөснөөр дур мэдэн эм ууж, хугацаа алддаг. Эмчийн заавраар, зөв эмчлүүлэхгүй бол уушгинд наалдац болон хатуурал үүсдэг. Архаг хатгалгаа гэж байдаггүй, харин ужиг явцтай байж болно. Өвдөөд 14-өөс олон хоносон бол ужиг гэнэ. Аливаа өвчинд эхлэл болон ид, эдгэрэх үе гэж байдаг. Эмчийн зааваргүй, антибиотик байнга хэрэглэвэл эмд дасахаас гадна дархлаа сулран, мөөгөнцөр үүсэж, ходоод, гэдэсний ашигтай нян устдаг. Улмаар бусад төрлийн бичил биетэн үржиж, шинэ халдварт өртдөг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *