Эмийн жорын зохицуулалт, сүлжээний бизнесийг гааруулж байна

0

УИХ өнгөрсөн зургаадугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор эмийн замбараагүй, зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор Монгол Улсад бүртгэлтэй зарим эмийг заавал эмч, эмнэлгийн байгууллагын жорын бичгийг үндэслэн олгохоор болсон. Тодруулбал, бүртгэгдсэн 4110 эмээс 2800 эмийг жороор олгох, 100 гаруй эмийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалтаар, 1100 эмийг жоргүйгээр хэвийн олгох журмыг “ягштал” мөрдөх ажлыг эхлүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор иргэдэд төвөг чирэгдэл учирч эхний 25 хоногт л гэхэд 759 гомдол мэдээлэл бүртгэгдэж, задлаад харвал 36.5 хувийг жороор олгох эмийн жагсаалттай холбоотой, 25.9 хувийг жор олгодог болсноос хойш эмнэлэгт ачаалал бий болсон, 19.8 хувийг жороор олгож эхэлснээс хойш өвчтөнд эрсдэл үүсэж эхэлсэн гэх гомдол эзэлжээ.

Гомдлын дийлэнх хувийг эзэлж байгаа эмийг жороор түгээхтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Монгол Улс 2021 оноос эхлээд  хөнгөлттэй эмийн жорыг цахим хэлбэрээр бичиж, эмийн сан иргэнд олгодог тогтолцоог нэвтрүүлж, ашиглаж хэвшсэн байсан бөгөөд энгийн эмийг худалдан авахад цахим систем ашиглагддаггүй байсан. Учир нь Монгол Улсад бүртгэлтэй 2500 эмийн сангаас 1100 орчим эмийн сан нь цахим жорын программ хангамжгүй байсантай холбоотой.

Түүнчлэн манай улсад эмчийн хяналтад хэрэглэх эмийг жоргүйгээр, дур мэдэн эм авч ууснаас үүдэн амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй байна. Иймд зайлшгүй эмчийн хяналтын дор жортой олгохоор үйлдвэрлэгчээс тавигдсан шаардлагыг биелүүлдэг тогтолцоонд шилжих шаардлага байгааг үндэслэн эмийн жорын программ хангамжийг өргөтгөснөөр эмч нар ямар ч төрлийн эмийг цахимаар бичих боломжийг бүрдүүллээ. 

Ямар эмийг, ямар тунгаар, хэдий хугацаанд уух ёстой гэдгийг эмч тухайн иргэнийг үзэж байж шийддэг төдийгүй иргэн болон эмчийн хариуцлага хоёр талдаа яригддаг асуудал. Төр, хувийн хэвшлийн аль ч байгууллагын эмч цахим эмийн жор бичихгүй байх болон эмийн сантай холбоотой асуудлаар 119 дугаарт хандаж, шийдвэрлүүлэх боломжтой” гэх байр суурийг илэрхийлсэн.  

Энэ нь нэг талаас харахад эмийн зохистой хэрэглээ, дур мэдэн хэрэглэн үүдсэнээс эрсдлээс сэргийлэх, хариуцлагын асуудал хөндөгдөж байгаа ч нөгөө талдаа олон сөрөг байдлыг бий болгож байгаа. Даралтны эм нь гарын дор байж байдаг хүмүүс жор шаардахаар авч ууж чадахгүй байсаар улмаар эмнэлэгт очих нөхцөл байдал бий болж байна. Цаг зав муутай хүмүүс эмнэлэгт дугаарлаж хүүхдээ үзүүлэх боломжгүйн дээрээс эмийн сан эм өгөхгүй болохоор хүүхэд хүндрэх эрсдэл бий болж байна.

Хамгийн аюултай нь энэ зохицуулалтын нөгөө талд сүлжээний болон бусад элдэв эм бэлдмэлийг сонгож хэрэглэх боломж бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэнэт бүгдийг хумьж мөрдөж эхэлсэн энэ хуулийн ард сүлжээний бизнес цэцэглэн хөгжиж эхэллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *