Хөлөнбуйрт амиа хорлосон хүүгийн шинжилгээний дүгнэлт 5 хоногийн дараа гарна
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын сургуулийн ахлах ангийн сурагч амиа хорлосон хэрэг өнгөрсөн амралтын өдөр болсон байна. Тухайлбал, Дорнод аймгийн тавийн Хан-Уул сургуулийн 11-р ангийн дотуур байранд амьдардаг сурагч амралтын өдрүүдээр хөдөө гэртээ харьсан үеэрээ амиа хорлосон аж.
-Ээж нь эмээг нь сахихаар хот руу явсан хойгуур хашаан дахь амбаартаа амиа егүүтгэсэн байсан-
Харин тухайн хүүгийн ойрын эх сурвалжаас болсон үйл явдлыг тодруулахад “Хүү аймгийн төвд буюу Хан-Уул сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Сургуулийнхаа дотуур байранд байрладаг байсан. Дунд ангиа сумандаа буюу Хөлөнбуйрт төгссөн юм. Манай сумаас аймгийн төв хүртэл 123 км үргэлжлэх засмал замтай учир долоо хоног бүрийн баасан гарагт гэртээ ирээд нямд буцдаг байсан.
Хүүгийн тухайд, төлөв даруу зантай, бусадтайгаа нийцтэй, хичээнгүй. Багадаа нэг удаа хүндээр өвдөж байсан ч бие чийрэг, нуруулаг. Аав, ээж, эгч, эмэгтэй дүүгийн хамтаар амьдардаг байсан. Айлын ганц хүү л дээ.
Тухайн өдөр гэртээ аав, эмэгтэй дүү хоёртойгоо гэртээ байсан юм билээ. Ээж нь эмээг нь сахихаар хот руу явсан хойгуур хашаан дахь амбаартаа амиа егүүтгэсэн байсан. Уг нь өдөр хэвийн, инээсээр дэлгүүрт таарсан юм. Гэтэл орой нь нас барсан тухайг нь сонссон” гэв.
Бид цааш тухайн хүүгийн сурч байсан Дорнод аймгийн төвийн Хан-Уул сургуулийн захирал болон менежертэй холбогдсон боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тухайн хэрэгт шинжээчийн хамтарсан баг ажиллаж буй, хариу тав хоногийн дараа гарах юм. Одоогоор хүүхдийн гар утсыг цагдаагийн байгууллагаас авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Харин тухайн хүүгийн сурч байсан сургууль, сумд ямар ч сэтгэл зүйч байхгүй учир урилгаар сэтгэл зүйч авчирч ар гэрт сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэхээр ажиллаж буй аж.
-Хүүхэд хэтэрхий жаргалтай эсхүл хэт нууцлалын байдалтайгаар бусадтай харьцаад эхлэхээрээ асуудалтай болсон байдаг-
Бид өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, амиа хорлолтын талаар хүүхдийн сэтгэл судлаач Доктрант Б.Уянгаас тодруулад “Сэргэлэн цовоо харагдаж байна гээд тухайн хүүхдийг сэтгэл зүйн хувьд асуудалгүй гэж дүгнэхэд эртэднэ. Хүүхэд хэтэрхий жаргалтай эсхүл хэт нууцлалын байдалтайгаар бусадтай харьцаад эхлэхээрээ асуудалтай болсон байдаг. Энэ үед хүн өөрийгөө гээж эхэлдэг. Угтаа хүний илэрхийлэмж, үйлдэл зэрэг нь тогтмол байх ёстой. Бидний нүдэнд хэвийн мэтээр харагдаж буй тэр дүр эсгэлтийн ард том асуудал нуугдаж байдаг л гэсэн үг.
Манай байгууллага дээр зөвлөгөө авахаар ирсэн эцэг эхчүүдийн зүгээс “манай хүүхэд сэтгэл зүйн хувьд хэвийн, дандаа инээдэг, жаргалтай харагддаг” гээд дагуулаад ирдэг. Гэтэл тэр жаргалтай маскны ард нуугдаж байгаа хүүхдийг дуудаж ярилцаад үзэхэд “Намайг хэн ч ойлгодоггүй, надад найз байдаггүй зүгээр л дүр эсгэж амьдардаг юм” гэдэг өгүүлэмжийг гаргаж ирдэг. Аль эсвэл дүр эсгэж байж л зүгээр хэмээн хүлээн зөвшөөрөгддөг, ингэснээрээ нөхөрсөг харилцаанд нэвтэрч чаддаг гэх мэтээр тайлбарладаг.
Гэтэл өөрийнхөө дүрээр бус өрөөлд таалагдахын тулд амьдрах замыг сонгосон хүн сэтгэл зүйн дарамтад орж өөрөө өөртэйгөө зөрчилдөж эхэлдэг. Энэ зөрчил улам хурцдаж эцэстээ тухайн хүн өөрийгөө гээдэг.
Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ хэт баярлах, гутрах тохиолдол гарч буйг ойлгож ярилцах нь чухал. Мөн сургуулийн орчны зүгээс нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрд анхаарч хоорондоо хамааралтай ажиллахад анхаарах нь зүйтэй” гэв.