СЭМҮТ-д эмнэлгээс гардаггүй 244 хүн байна
Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа.
Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм.
Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм.