Суурь АМНАТ-ийг 9 хувьд хүргэвэл ураны төсөл зогсоно
Франц улсын “Орана Майнинг” компани Монгол Улсад уран олборлохын тулд Засгийн газартай хэлэлцээр хийж буй.
УИХ мөн энэ өдрүүдэд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хууль эрх зүйн орчныг өөрчлөөгүй тохиолдолд хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ажиллахаар тохиролцоонд хүрсэн нөхцөлд Монголын талын авах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн хувь хэмжээ багаар тогтох эрсдэл байгаа тул нэмэгдүүлэхээр энэхүү төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн суурь АМНАТ-ийн хувь хэмжээг есөн хувьд хүргэх шаардлага тавьж, санал гаргаж дэмжигдсэн нь ураны төсөл зогсох эрсдэл дагуулж байгааг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан анхааруулав.
Энэ тухай тэрбээр “Суурь АМНАТ 9 хувь болсон нөхцөлд төсөл зогсоно, хөрөнгө оруулалтын гэрээ цааш явах боломжгүй болно. Учир нь, хөрөнгө оруулагч дээрх төрлийн төлбөр хийхээс гадна АМНАТ үнэ өссөн нөхцөлд 19 хувь, ААНОАТ 6 тэрбумаас дээш гарвал 25 хувийн татвар төлнө. Дээр нь газар ашигласны , ус ашигласны, хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан хөрөнгө оруулагч нь орон нутагт жил бүр мөнгө олгох зэрэг маш олон төрлийн хураамжуудыг хөнгөлөлтгүйгээр хураалгана” гэж мэдэгдээд байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дээрх санал Байгын хорооноос дэмжлэг авсанд Ерөнхий сайд асан С.Баяр бухимдаж, “Эх орноосоо урваж болохгүй гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан, дэлхийн ураны парктикт байхгүй 9 хувийн АМНАТ гэдгийг дэмжүүлээд авлаа. Уран гэх нөөцөө, тэрнийг тойрсон хэлэлцээр энэ тэрээ одоо март, монголчууд аа!Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Сүүлд энэ Ц.Даваасүрэн “Би эх орноосоо урваагүй. Ард түмэндээ л илүү юм авч үлдэх гэсэн юм гэх биз. Оюутолгой хэлэлцэх үед Ба аварга/УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ/ яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу. монголчууд аа?” гэж нүүр номын хуудсандаа жиргэсэн юм.
Харин дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “19 хувийн АМНАТ аваад, 6 тэрбумаас дээш 25 хувийн орлогын татвар, 10 хувийн давуу эрхийн хувьцааг Монгол Улс эзэмшинэ гэж тооцоход зөвхөн энэ гуравхан үзүүлэлтээр 54 хувийг давж байгаа. Дээрээс нь НДШ зэрэг маш олон татвар төлдөг. Дахиад 19 хувийн АМНАТ ороод ирж байгаа. Хэтэрхий өндөр АМНАТ тавиулж байна гэдэг зөвхөн “Орана Майнинг“ өөрөө л энэ төсөл рүү оръё. Өөр хөрөнгө оруулагч оруулж ирэхийг хүсэхгүй байна. Монголд 6-7 ураны орд бий. Тэгэхээр энэ төслөөр дамжуулж өндөр татвар тавиулж байгаад бусад хөрөнгө оруулагчийг оруулахгүй байж байгаад Монголын бүх уран дээр сууна гэсэн алсын бодол агуулж байна” гэж ч хардаж үзэв.
“Мон-Атом” компанийн захирал Д.Далайжаргалын тайлбараар дэлхий дээр ураны нөөцтэй 13 улс байна. Тэднээс тав нь дэлхийн ураны нөөцийн 80 хувийг эзэмшдэг. Татварын орчныг нь судалбал Казахстан улс АМНАТ 6 хувь, Канад улс 5 хувь, Нигери 5 хувь, Австрали улс 5 хувь, Узбек улс 8 хувийн АМНАТ авдаг аж.
Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж буй 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж буй 344 реактор гэх судалгаа гарчээ.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.
Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх шатанд татвараас гадна анхаарах асуудал бол аюулгүй ажиллагаа гэдгийг ч тодотгох гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэн нөхцөлд үйлдвэр жилдээ 215 тонн хүхрийн хүчил ашиглана. Энэ нь 15 вагон хүхрийн хүчил хөрс лүү шахна гэсэн үг гэж жишээ авч тайлбарласан нь мөн л төслийг яаж ийгээд гацаах сонирхол өвөрлөв үү гэлтэй.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс “Зөөвч-Овоогийн ордын нөхцөл байдал нь хоёр талаараа шаварлаг хөрсөөр бүрхэгдсэн битүү орчин байгаа. Ураныг олборлохдоо газрын доод талын хязгаарлагдмал нөхцөлд хүхрийн хүчлийн шингэрүүлсэн сул уусмалыг шахаж, уранаа барьж авах технологийг ашиглана. Дэлхий дээр уран ашиглаж байгаа үйлдвэрүүдийн 60 хувь нь энэхүү технологийг ашиглаж байна” гэдэг хариулт өгөөд байна.