Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

0

2023.04.05 13:42

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев, зөвлөх Сабит Негметжанов нарыг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, шүүхийн шинэчлэлийн үйл явцын талаар Ерөнхий шүүгч товч танилцуулсан юм.

Элчин сайд Габит Койшибаев Казахстан улс шүүх засаглалын шинэчлэлд онцгой анхаарч байгааг дурдаад Монгол Улсын шүүхийн шинэчлэлээс туршлага солилцох нь эн тэргүүний зорилт гэдгийг онцоллоо.

Хоёр улсын Дээд шүүхийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цахимжуулалт болон бусад чиглэлээр харилцан туршлага солилцох, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт зохион байгуулах талаар талууд санал нэгдэж, Элчин сайдын яам идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хоёр улсын шүүх эрх мэдлийн байгууллагын хооронд гүүр болж ажиллахад бэлэн байна” гэв.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын уулзалтыг Монгол Улсад 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах талаар Ерөнхий шүүгч Д.Ганзориг товч мэдээлэл өгч, Бүгд Найрамдах Казахстан улсыг зочноор оролцохыг урилаа. Олон улсын уулзалтын талаарх мэдээлэл болон урилгыг Казахстаны холбогдох байгууллагуудад шуурхай дамжуулахаа Элчин сайд илэрхийлж, хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *