БАРИМТ: Анх 15 тэрбумын төсөвтэйгөөр барьж эхэлсэн шүүхийн байрыг дуусгаж чадалгүй 11 жил сунжруулж, төсөвт өртгийг нь 75 тэрбум хүртэл нэмэгдүүлж буй 140 төслийг АТГ-аар шалгуулна
2025 оны төсвийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан. Ингэхдээ асар өндөр зарлагатай, 1.9 их наядын алдагдалтайгаар баталлаа. Тус зарлагад “18 тэрбумаар хүүхдүүдэд үзвэр, үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичиг” ч багтаж буй.
-ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН НЭГДСЭН ЦОГЦОЛБОР БАРИХ АЖЛЫН АНХНЫ ТӨСӨВТ ӨРТӨГ НЬ 94 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙСАН Ч НЭМЭГДЭЖ ЯВСААР 154.4 ТЭРБУМ БОЛЖЭЭ-
Энэ мэт зарлагаа танахыг УИХ-ын зарим гишүүд хэлэлцүүлгийн шатанд шаардаж, 2025 оны төсвийн төслийг эсэргүүцэн Засгийн газарт буцаах саналыг гаргаж байсан ч олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан юм. Тиймээс аргагүйн эрхэнд ирэх оны төсвийг 12 дугаар сард багтаан дахин тодотгох чиглэлийг УИХ-аас гаргасан. Эсэргүүцэж буй гишүүдийн хувьд 3.6 их наяд төгрөгөөр зардлагыг танах шаардлагатай гэж буй.
Дээрхээс гадна 2025 оны төсвийн төсөлд, төсөвт өртөг нь 992.4 тэрбум буюу нэг их наяд орчим төгрөгөөр нэмэгдсэн нийт 140 барилга, байгууламжийг оруулсан байна.
Тухайлбал, ганц сургуулийн дотуур байр, спорт заалыг дуусгалгүй 6 жил болгож, төсөвт өртгийг 254.5 хувиар өсгөсөн байгаа юм. Энэ мэт санаатай, санаандгүй дуусгалгүй дутуу орхисон барилга байгууламжуудын 140 төсөл, хөтөлбөрт 2025 онд нийт нэг наяд төгрөгийг татвар төлөгчдийн хөрөнгөнөөс зарцуулах нь.
Эдгээрээс дурдвал,
- Улаанбаатар хотод баригдаж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барих ажлыг 2020 онд эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл дуусгаагүй. Анхны төсөвт өртөг нь 94 тэрбум төгрөг байсан ч нэмэгдэж явсаар 154.4 тэрбум төгрөг болсон байна. Уг санхүүжилтийг 2025 онд хийхээр төсөвт тусгасан бөгөөд 2016 онд мөн 30 тэрбумыг нэмж өгөх аж. Ганц тус төслийн өссөн хувь нь гэхэд 64.4 хувь.
- Улсын хэмжээний Гаалийн шинэчлэл-Гаалийн ерөнхий газар, газар, хороодын шуурхай удирдлагын төв, хяналт шалгалтын тоног төхөөрөмж, дэд бүтцийн төслийг 6 жилийн өмнө буюу 2019 онд эхлүүлсэн байна. Анхны төсөвт өртөг нь 32.1 тэрбум төгрөг байсан ч нэмэгдэж явсаар 114 тэрбум төгрөгөөр 2026 онд дуусгахаар болжээ. Эхний 84 тэрбумыг 2025 онд, 16,4 тэрбумыг 2026 онд өгөхөөр төсөвт тусгасан байна. Зөвхөн энэ төслийн өссөн дүн 81 тэрбум төгрөг бөгөөд 254.5 хувиар өссөн гэсэн үг.
- Дундговь аймгийн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг 2011 онд буюу 13 жилийн өмнө эхлүүлсэн байна. Гэтэл мөн өнөөдрийг хүртэл дуусгаагүй бөгөөд анх 6.8 тэрбумыг төсөвлөж байж. Одоо энэ төсөвт өртөг 55.1 хувиар өсч , 10.5 тэрбум төгрөг болсон жишээтэй.
- Хан-Уул дүүрэгт баригдаж буй Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байрыг 2013 онд буюу 11 жилийн өмнө эхлүүлж байжээ. Гэтэл тус төслийг мөн дуусгаагүй бөгөөд 2026 оныг хүртэл үргэлжлүүлэхээр төсөвт хөрөнгийг нь хуваарилсан байна. Анхны төсөвт өртөг нь 15 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 406.4 хувиар буюу 75.954 тэрбум төгрөг болжээ.
- Говь-Алтай аймгийн Цогт сум, Баянтоорой тосгонд баригдаж буй Спорт заалны барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн. Анхны төсөвт өртөг нь 250 сая төгрөг байсан бол 2025 онд тус барилгын ажилд нэмээд 937 саяыг өгөх бөгөөд төсөвт өртөг нь 374.8 хувиар өсч 1.2 тэрбум төгрөг болжээ.
-ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА, САНГИЙН САЙДЫН ТОЙРОГТ ТӨСӨВТ ӨРТӨГ НЬ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДЖЭЭ-
2025 оны төсвийн төсөлд хөрөнгө нь туссан энэ мэт 140 төсөлд авлигал орсон эсэхийг шалгуулахаар УИХ-ын гишүүн Ө.Шижир Авлигатай тэмцэх газарт хандахаар бэлтгэж байгаа аж.
Тэрбээр энэ талаар “2025 оны улсын төсөвт, 2024 оноос шилжиж ирсэн 140 төсөл, хөтөлбөр байна. Энэ 140 төслийн төсөв нь нийтдээ 992 тэрбум буюу нэг их наяд төгрөг. Энэ төслүүд хамгийн ихдээ 14, хамгийн багадаа 3 жил үргэлжилж байна. 2-3 жил үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдэд тавьхан хүүхдийн ортой цэцэрлэг хүртэл багтаж байгаа юм. Тавьхан хүүхдийн ортой цэцэрлэгийг нэг жилийн дотор барьж чадахгүй юм бол улс байгаад яах юм. Бид төсвийн хөрөнгийг амсуулаад, дусаагаад тавьдаг байдлаа больмоор байна. Тэгэхгүй бол зөвхөн дээрх 140 төсөл дээр алдагдсан боломжийн өртөг нь нэг их наяд төгрөг байна шүү дээ. Зөвхөн өөрсдийнхөө сонгогдсон тойргийг бодсоор ийм байдалд хүрсэн байна. Хэнтий аймагт 60 тэрбум, Говь-Алтай аймагт 23 тэрбум, Дархан-Уул аймагт 15 тэрбум гэх мэтээр өсчээ. Яагаад сайд дарга нарын тойрог дээр хамгийн ихээр төсөвт өртөг нь нэмэгдээд байгаа юм. Бид үүнийг анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Бусад төслийн мэдээллийн дэлгэрэнгүйг доорхоос харна уу.
Эх сурвалж:isee.mn