“Эм Эс Бэл майнинг”-ийн захирал “хоолонд ор” хэмээн Усны газрын мэргэжилтний ширээн дээр боодолтой ГУРВАН сая төгрөг орхиод гарчээ

0

“Эм Эс Бэл майнинг” компанийн захирал эмэгтэй Б.Тогооч өөртөө болон компанидаа давуу байдал бий болгож ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 6-р сарын 6-ны өдөр 303Б тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Усны газрын мэргэжилтэн ийн мэдүүлжээ.

“… Тухайн өдөр өрөөнд ганцаараа сууж байсан. 14 цагийн үед гаднаас ягаан өнгийн цамцтай 40 орчим насны жижигхэн биетэй эмэгтэй горж ирээд “манай Эм Эс Бэл майнинг 4-р сард цахимаар ус ашиглуулах дүгнэлтээ гаргуулах хүсэлтээ явуулсан боловч устсан байсан тул 5-р сард дахиад явуулсан” гэсэн. Би бүртгэлийн кодоор нь шалгаад “дарааллынх нь дагуу доороос нь хийгээд явж байна. Танай өмнө ирүүлсэн 7 хүсэлт байна, танайх 8 дээр нь байна” гэсэн. Тэгтэл “Яаралтай гаргаад гэж өгөөч би удаан хүлээж байна” гэхээр нь “одоо  ачаалалтай байна. Ирэх долоо хоногийн 5-дахь өдөр гэхэд боловсруулалтыг нь хийж чадна” гэж хэлээд “та явж байж болно дүгнэлтийг чинь гаргаад ахлах хяначих юм бол төлбөр төлөх кодыг явуулъя, тэгээд наашаа ирэх шаардлагагүй төлбөрөө  цахимаар төлөөд дүгнэлтээ ав” гэсэн. Гэсэн тэр эмэгтэй өрөөнөөс гарахгүй зогсоод байсан. Надаас гар утасны дугаараа өгөөч гэхээр нь өгөөгүй. Тэр эмгтэй гарах гэж явж байснаа өрөөний хаалга хаагаад цүнхээ ухаад “эгчийн дүү хоолонд орчоорой” гэж хэлээд шар уутанд ороосон зүйл ширээн дээр тавиад гараад явсан. Би “эгчээ та юмаа аваарай” гээд араас нь гарахад  явчихсан байсан. Тэгээд захирлын туслах,  хуулийн мэргэжилтэнийг дуудаж болсон зуйлийн талаар хэлсэн. Бид гурав боодолтой зүйлийг нээж үзэхэд 10 мянгатын дэвсгэртээр гурван боодол мөнгө байсан.. Мөнгийг битүүмжлээд няравт хадгалуулсан. Тэгээд АТГ-д мэдэгдсэн …”

Харин хоолонд оруулах гэсэн захирал ийн мэдүүлжээ.

“… Би бодож үзээд юм өгвөл хурдан гаргаад өгчих байх гээд өөрт байсан бэлэн гурван сая төгрөгийг цүнхнээсээ гаргаж ширээн дээр нь тавиад “хоолонд орчихгүй юу” гээд мөнгөө үлдээгээд гараад явсан …”

Шүүх Б.Тогоочийг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 3.5 сая төгрөгөөр торгожээ.

Өнгөрсөн намар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд “Эм Эс Бэл Майнинг” компанийн ашигт малтмал олборлоход ашигласан нуурын хамгаалалтын далан сэтэрч, Онгийн гол руу бохир ус цутгасан хэмээн үйл ажиллагааг нь зогсоож байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *