Хакерууд дахин Интермед эмнэлгийн 20 мянган үйлчлүүлэгчийн мэдээллийг хар захад байршууллаа
Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй “SpaceBears” бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэргийг хулгайлаад буй.
Тухайн бүлгэмийн зүгээс анх “24 цагийн дараа өвчтөнүүдийн түүх болон шинжилгээний хариуг дэлгэнэ” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш өдөр бүр 10 мянган хүний мэдээллийг дэлгэж өчигдөр өглөөний байдлаар 30 мянгад хүрээд байсан.
Үүний дараа тэд “Төлбөр дусаагүй байгаа тул өдөр бүр 10 мянган хэрэглэгчийн мэдээллийг задруулсаар байх болно” гэж мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр /2024.11.15/ орой хар захад Интермед эмнэлгийн дахин 20 мянган хүний мэдээллийг цацжээ. Ингэснээр нийт 50 мянган өвчтөний овог нэр, утасны болон регистрийн дугаар мөн зарим үйлчлүүлэгчийнх нь дансны дугаар ил болоод байна.
Хэрэв Интермед эмнэлгийн зүгээс шаардаж буй мөнгийг нь төлөөгүй тохиолдолд дээрх мэдээллээс гадна өвчний түүх болон бусад нууц мэдээллүүдийг ил болгох нөхцөл байдал бүрдээд байгаа юм.
-Интермед эмнэлэг: Регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн эмчилгээний хариуг харах боломжгүй болгох арга хэмжээ авсан-
Харин өвчтөнүүдийнхээ мэдээллийг алдаад буй Интермед эмнэлэг дараах мэдэгдлийг гаргасан байна.
“Интермед эмнэлэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэж, халдлагад өртсөний улмаас эмнэлгийн систем доголдож, үйлчлүүлэгчдийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсанд та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
Цахим халдлага гарсан даруйд эмнэлгийн зүгээс халдлагад өртсөн нөхцөл байдал, хамрах хүрээг тодорхойлох, халдлагыг зогсоох, системийн хэвийн ажиллагааг сэргээх ажлуудыг нэн даруй эхлүүлж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байгаагаас гадна регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн эмчилгээний хариуг харах боломжгүй болгох арга хэмжээ авсан болохыг мэдэгдэж байна.
Халдлагын улмаас үйлчлүүлэгчдийн эмчилгээний түүх, шинжилгээний хариу зэрэг эмзэг мэдээлэл алдагдсан нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалахаар Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэдэх Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд мэдэгдэж, хамтран ажиллаж байгаа болно.
Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан нөхцөл байдлыг ашиг хонжоо хайх, залилан мэхлэх зорилгоор утсанд хортой холбоос явуулах, сүрдүүлгийн чанартай и-мэйл илгээх зэрэг буруугаар ашиглах тохиолдол гарч болзошгүй тул үйлчлүүлэгч Танд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Иймд үйлчлүүлэгч Тантай үл таних дугаараас холбоо барих, утсанд сэжигтэй зурвас ирсэн тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдэгдэх эсвэл Интермед эмнэлгийн info@intermed.mn цахим шуудан болон 7722-8654 шуурхай дугаараар бидэнтэй холбогдон мэдээлэх боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.
Эх сурвалж:Eguur.mn