ТОМИЛОЛТ #1 У.Хүрэлсүх: Бид ахан дүүсийн барилдлагатай улс байна

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 11-13-ний өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод ажиллалаа.

Энэ нь СOP29 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын жил бүрийн ээлжит хуралтай холбоотой. Мөн, энэ жилийн хурлыг даргалагч Азербайжан улсын ерөнхийлөгч Алхам Алиев нь манай улсын ерөнхийлөгчийг өөрийн улсад айлчлахыг урьсантай давхардаж буй юм.

Арваннэгдүгээр сарын 11-нд: Азербайжаны ерөнхийлөгчтэй уулзаж, санал солилцов.

АЗЕРБАЙЖАН УЛС МАХНЫ ИМПОРТООС НЭН ХАРААТ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭХЭД,-

Гэрэл зургийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

“У.Хүрэлсүх: 80 сая малтай манай улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт Азербайжан улстай харилцан ашигтай ажиллах боломжтой.

Алхам Алиев: Манайх, Туркменистан, Узбекистан, Казахстан, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгис буюу өөрийн нутаг дэвсгэрээр Европын Холбоо болон бусад орнууд руу дамжин өнгөрүүлэх тээврийг эрхэлж байна.

Эдгээр орны худалдаа, эдийн засагт хөрөнгө оруулж хамтран ажилладаг юм.

Танай бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад зогсохгүй, Каспийн тэнгисийнхээ эргэн тойронд барьсан боомтуудаар дамжин өнгөрүүлэх тээвэр эрхлэх боломжтой” гэцгээв.

/Талуудын саналыг дэлгэрэнгүй унших бол ЭНД дарна уу/

Төгсгөлд нь, Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах хүсэлтэйг, Азербайжаны тал илэрхийллээ.

Үүний дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг Азербайжан улсын үндэсний түүхийн музейн захирал Найла Вилаханли музейдээ урьж, ярилцав.

Аливаа улсын ерөнхийлөгчийг урьж, хүлээн авахдаа, үндэсний түүхийн музейдээ зочлуулж, улсынхаа түүх, соёлын цар хэмжээг хэр хүчирхэг болохыг дэлгэн сануулах нь олон улсад түгээмэл.

Дээрх үйл явдал нь үүнтэй агаар нэг боловч, эл хоёр улсын хувьд түүхийн жимээр холбоотойгоос улбаалж, музейд “дотно яриа” өрнөлөө.

Түүхээс сөхвөл: Чингис хаан түүхэндээ дөрвөн их аян дайн хийсний нэг нь Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулалт билээ.

Өрнөөс дорно, оросоос энэтхэгийг худалдааны зангилаа, эртний соёлт хагас суурьшмал болох Хорезмын шах бол II Мухаммед байв.

Түүнийг өрнийн эзэн гэж үзээд, Чингис хаан эв найрамдалтайгаар худалдаа хийхийг санал болгож бэлэг илгээхэд, элчийг хороов. Их Монгол Улсын хаан тэвчиж, дахин элч зарсанд, өмнөхийг давтжээ.

Иймд 1219 онд Чингис хаан Сартуул буюу Хорезмыг дайлаар мордсоноор 1224 хүртэлх онуудад тус гүрнийг байлдан дагуулсан нь Ил хаант улсын үндэс болсон юм.

Чингис хааны ач Хүлэгү Ил хаант улсыг анхлан байгуулснаар, Монголын эзэнт гүрний доторх дөрвөн ханлигийн нэг болов.

Засаг захиргааны хувьд, тус ханлигийн нэг муж нь Азербайжан билээ.

НАЙЛА ВИЛАХАНЛИ:ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ.

У.ХҮРЭЛСҮХ: БИД АХАН ДҮҮСИЙН БАРИЛДЛАГАТАЙ УЛС БАЙНА.

Ингэж харилцан яриа өрнөсний дараа ерөнхийлөгчийг дагалдан явсан түүний зөвлөхүүд хоорондоо, “Хэрэв бид энэ газарт эзэн суусан хэвээр байсан бол, дэлхий биднийг  “Great Mongol” гэж дуудах байлаа” хэмээн жуумалзацгаана.

Эдгээр ярианаас өөрийн эрхгүй, нээрэн бид хоорондын эв түнжин хийгээд, өвөр хоорондын эрх мэдлийн шуналыг тэвчсэн болбоос, өрнө зүгт хил хязгаараа тэлэх байж дээ гэж бодогдож байв.

Учир гэвэл: Ил хаант улсын түүх 1256 оноос эхлээд 76 жил үргэлжилсэн. Энэ хүртэл, Алтан ургийн нийт 9 хаан ширээг залгамжилсан юм.

  • Хүлэгү хан (1256-1265, Тулуй ханы хүү. Тулуй бол Чингис хааны их хатан Бөртэ үжинээс төрсөн отгон хүү)
  • Абаха хан (1265-1282, Хүлэгү ханы хүү)
  • Ахмед Тэкүдэр (1282-1284, Хүлэгү ханы хүү)
  • Аргун (1284-1291, Абаха ханы хүү)
  • Гайхат (1291-1295 оны 3-р, Абаха ханы хүү)
  • Байду (1295 оны 4-р сараас 10-р сар, Хүлэгү хааны ач хүү)
  • Махмуд Газан (1295-1304, Аргун ханы хүү)
  • Өлзийт (1304-1316, Аргун ханы хүү )
  • Абу Саид Бахадур (1316-1335, Өлзийт ханы хүү)

Энэ хугацаанд, Монголын эзэнт гүрний бусад буюу умард болон дорно зүгийн ханлигуудын дайсагналтай байв. Тухайлбал дундад Ази дахь Цагадайн ханлиг, Бат ханы Хөх орд нь Ил хан улсын нутаг дэвсгэрт аюул занал учруулж байжээ.

Түүнчлэн Хүлэгүгийн үед Ил хан улс Оросын тал нутгийн Монголчуудтай Кавказад шууд тулалдаж байсан түүхтэй юм.

Улмаар Абу Саид ханыг өөд болоход буюу 1335 онд Ил хаант улс задран бутарсан.

Ерөнхийлөгч, Монголын эзэнт гүрний олдворуудыг үзэж, хүндэт дэвтэрт гарын үсэг зураад, хуучин Баку хотод байх Ичеришэхэр Жума сүм рүү хөдлөв.

Эл сүмийн хананд Ил хан Өлзийтийн зарлиг сийлээтэй байна. Энэ зарлигийн нөлөө нь өнөөгийн Азербайжан улсын хөгжил цэцэглэлттэй холбоотой хэмээн хуучин Баку хотын захирагч, хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.

Хуучин Баку хотын зарим хэсэг

Бичээсийг хөрвүүлбэл,

“Хамгийн агуу, үнэн зөвийн дээд танд мөргөмүй. Исламын падишах, дөрвөн тивийн эзэн, удирдагчдын удирдагч та мөнхжих болтугай

Хамгийн агуу, үндэстнүүдийн дээд удирдагч агуу их хаан, Араб, Ажемийн эзэн, Өлзийт султан Ходабанде – Аллах түүний засаглалыг мөнхжүүлэх болтугай

Ертөнцийг байлдан дагуулагчийн зарлигийн заалтаар муж болон хотын ард иргэдээс гувчуур, нефть, арфи татахыг цаазлан хорьсон болой

Бакугийн захиргаанаас, захиасыг зөрчсөн хэн бүхнийг ертөнцийн сүүлийн өдөр хүртэл хараагдана гэдгийг тодорхойлов” гэжээ.

Энэ нь Өлзийт хан Баку хотоос татвар хураахыг хориглосон зарлиг юм.

Өлзийт ханы тухайд: Тэрбээр, Ил хаант улс бутрахаас өмнөх үеийн буюу наймдугаар хан байв. Түүнийг түүхчид болоод эх сурвалжууд гадаад буюу дипломат харилцааны асар мэдрэмжтэй нэгэн байсныг онцолдог.

Үүний товруун жишээ бол 1305 онд Ил хан Өлзийтөөс Францын хаан Филиппт илгээсэн бичиг /зарим эх сурвалжид захидал гэх/ юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн зун Чингис хаан үндэсний музейд, Францаас Монголын гэх харьяалалтай дурсгалуудын авчран “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэсэн.

/Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД дарж уншаарай. Сурвалжилгад, Өлзийт хан өнөөгийн дундад Азийн уран баримал, гоо зүйд хэрхэн нөлөөлж номин ногоон, хөх өнгийн үндэслэгч болж байсан тухай сонирхолтой баримтууд бий./

Эдгээрийн дунд Луврын музейд хадгалагддаг дээрх алдарт захидал анх удаагаа Монголд ирсэн юм.

Уйгаржин монгол бичгээр бичсэн захидалд,

“Өлзийт султан миний үг, Ройде Франц султан аа, Эртнээс танай бүрэн Франц улсын хаад манай сайн элэнцэг, сайн өвөг, сайн өвөг, сайн ах нартай найрамдаж, хол бээр бөгөөс ойр мэт сэтгэж, аль бээр үгсээ өчиж, эсэн мэнд хэмээхийн амар мэндээ мэдэх, бэлэг сэлтээ харилцан илгээж, ирснийг юу эс андах вэ та.

Эдүгээ, тэнгэрийн хүчинд бид эх ор суусан учраас урьдын сайн өвөг, сайн эцэг, сайн ахынхаа зарлиг, засгийг зөрчилгүй, урьд нэгэнт тогтоосон харилцааг өмнөд сайд, дээдэс лугаа тангараг мэт сэтгэж, урьдхаас үлэмж найрамдаж, элчээ илгээж байя хэмээн сэтгэж байгаа нь энэ буюу.

Бидний ах дүү нар муу харц ардын ташаа үгсээр үг хийж, өөр хоорондоо дургүй болцгоосон бүлгээ.

Төмөр хаан, Тугтуга, Чабар, Туга тэргүүтэй Чингис хааны ургууд бид өнгөрсөн 45 жилийн турш эв эвдэрсэн ч, эдүгээ тэнгэрт ивээгдэж, ах дүүс бүрэн эвлэрч, наран ургахуй нангиад буюу Хятадын газраас эхлэн, дэлү далай буюу Каспийн тэнгис хүртэл улс барилдаж, замуудаа өртөөгөөр холбов.

Та бидний улсын аль нэгэнд, хэн нэгэн буруу санаа гаргаваас, хамсан байя хэмээн үг барилдвай.

Эдүгээ, манай сайн өвөг, сайн эцэг, сайн ах нартай найрамдсан ёс тань хэвээр байгаа хэмээн сэтгэж, элч, Мамлаг, Түмэн хоёрыг илгээв.  Таны олон Францын султан нарыг ч бидэнтэй хамтарна хэмээн итгэж, үг өчив.

Үнэнхүү зохилдохуйгаас сайн юу байхсан билээ. Эдүгээ та бид, зохилдох үгүйг тэнгэр мэдсүгээ.

Энэ бичгээ 1305 оны могой жилийн зуны тэргүүн сард Аливанаа газарт бичив ээ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Алтан ургийнхан хоорондоо эвдрэлдсэн байснаа найрамдсан гэдгийг тодотгож, бичсэн захидал юм. Францын хаанд энэ тухайгаа юунд хэлэв гэвэл, бид найрамдсан, мөн танай христийн ард түмэн хоорондоо найрамдаж, бид хүчээ хавсаргах нь зүйтэй гэсэн санааг илэрхийлэх аж.

ИШ ТАТВАЛ:  Нэрт монголч эрдэмтэн Б. Котвич энэ бичгийг судалж, “XIV зууны эхэн үед монголчууд дэлхий нийтийн энх тайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь” гэсэн судалгааны өгүүллээ 1933 онд францаар бичсэнийг эрдэмтэн Ц. Шагдарсүрэн монголоор орчуулж хэвлүүлсэн билээ.

XIII, XIV зууны үеийн Монголын хаадыг зөвхөн дайн байлдааны л төлөө явсан мэтээр ярьж бичиж хэвшчихжээ. Гэтэл Ил хаан Өлзийтийн найрамдлыг эрхэмлэсэн сэтгэлийн үг, даян дэлхийгээрээ энх амгалан байхын төлөө түүний мэргэн санааг төдий л ярьдаггүй.

Нэрт монголч эрдэмтэн В. Котвич “1305 оны хавар бичсэн Өлзийт хааны бичгийн хэр зэрэг ач холбогдолтойг үнэлэн үзсэн нь өнөө хүртэл үгүй бөгөөд уг бичгийн эзний санааг ер ухаж мэдсэнгүй …” Чингис хааны зарлигийг зөрчиж, тусгаар байдлаа хамгаалсаар байсан хил нийлсэн хөрш улстай Монголын улсын харьцаж байсан харилцааны тухайд тэр бичгийн эзэн (Өлзийт хаан) хуучин шиг Монгол улсыг дагатугай хэмээн тулган ятгахын оронд харин олон улс түмний хоорондын эе найртай сайхан харилцааны ашиг тустайг их л магтан өгүүлсэн байна.

Баруун Европт тогтсон энх амгалан байдлыг монголчууд өөрснөө зарлан мэдээлсээр байсан бөгөөд найртай сайхан байхыг ихэд эрхэмлэсэн “Үнэнхүү зохилдохоос сайн юун ахуй эдүгээ” гэсэн монгол хүний санааг илэрхийлсэн гайхамшигтай сайхан үгийг бичигтээ оруулжээ” хэмээн үнэн мөнийг эрдэмтэн хүний билиг оюунаар тунгаан өгүүлсэн байдаг.

Одоогоос 700 шахам жилийн тэртээ эзэн Чингисийн үр удам Ил хаан Өлзийт “Үнэнхүү зохилдохоос сайн юу байх буй” хэмээн монгол бичгээр бичсэн нь өдгөө бидэнд уламжилжээ. Энэ мэргэн үг өнөөгийн цөөхөн монголчууд бидэнд улам ч сургамжтай тод сонсогдож байна” хэмээн Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор Шаравын Чоймаа агсан, ийн сийрүүлснийг ишлэв.

Энэ захидал нь монгол хаадын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал,  монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг үнэлж баршгүй түүхэн баримтад тооцогддог юм.

Эдгээрийг чухал гэж дурдах шалтгаан бол хоёр улсын ерөнхийлөгч санал солилцохдоо цаашид боловсролын чиглэлээр хамтрах тухай хэлэлцсэн.

Үүнийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Чоймаагийн Лодойравсалаас лавлахад, “Хэдийгээр одоо дөнгөж яриа хэлэлцээрийн түвшинд боловч бид боловсон хүчнээ бэлдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны хүрээнд Монголчуудад холбогдох түүхийн эх сурвалж бичгүүдийг эрэн хайх, түүнд задлан шинжлэх чиглэлээр ажиллах нь маш чухал.

Ингэснээр одоогийн бидэнд буй түүхэн баримтуудаа баталгаажуулах, зузаатгах боломж бүрдэнэ” гэдгийг албан бусаар мэдээлсэн юм.

ТОМИЛОЛТ: Азербайжан улсын Баку хотод үргэлжилж буй COP29 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын хуралд манай улс ямар байр суурь илэрхийлж, ямар нөлөөтэй оролцогч болох тухай сурвалжилга нийтэлнэ. Мөн дээрх сэдвийг тойрсон болон Баку хотын талаарх сурвалжилгыг үргэлжлүүлэн хүргэнэ.

Эх су: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *