Засгийн газрын эхлүүлсэн “Чайна Энержи”-ийн гэрээнд “Энержи Ресурс” ЭМЗЭГЛЭЖ эхэлсэн үү
Төсвийн дараах бүтэн долоо хоногийн хийцгүйрэл энэ долоо хоногт үргэлжлээд тун удахгүй том улс төр эхлэх бололтой. Тодруулбал, ойрын хугацаанд бидний анхаарлыг татах улс төр бол “Чайна Энержи”-ийн гэрээ байх аж. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр яригдсан гэх уг гэрээтэй холбогдуулан зарим хуулийн төслүүдийг өөрчлөх асуудал яригдах ёстой. Гэрээг хийх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Тун удахгүй эдгээр үйл явц өрнөх юм байна.
Товчхондоо, Тавантолгойн бүлэг ордтой холбоотой Хятадуудтай хамтарч ажиллах асуудал үргэлж араасаа улс төр дагуулдаг. Бүр Засгийн газрыг ч хүртэл хөнтөрч хаядаг муу жишиг тогтоосон. Хамгийн сүүлд гэхэд л Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хятадын консорциумтай холбоотой асуудлыг өлгөж аваад үргэлжлүүлэх гэж оролдоод эцэст нь унасан. Цаад шалтган нь Тавантолгойн гэрээ байсан гэдэг.
Үүний өмнө З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Хятадуудад Тавантолгойг 100 жилээр өгөх гэж байна гэж чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийж, намынхаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, эвсэлд нь ажиллаж байсан М.Энхсайхан нарыг буруутгасан. Улмаар нам зогсоосон түүхтэй. Үүнийгээ тэрбээр, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд Монголын баялгийг хятадуудад 100 жилээр өгөх гэж хэмээн тайлбарласан удаатай.
Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөх Шинхуа тэргүүтэй компаниудыг өөртөө багтаадаг БНХАУ-ын эрчим хүчний томоохон компанитай төмөр замын хил холболтын асуудлыг шийдэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар түүний буцаж ирээд байх үед “Чайна Энержи”-ээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидал ирүүлсэн юм.
Уг захидлаараа дамжуулж, төмөр замын барихдаа 7.1 тэрбум юань зарцуулсан. Манайх өөдөөс нь өргөн цариг шахаж, өнөөдрийг хүртэл гацааснаас болж 2.1 тэрбум юанийн алдагдал хүлээсэн гэж дурдсан. Энэ мөнгөн дүн бол бараг 1 их наяд төгрөгийн асуудал. Мөн үүнийгээ “Түүхэн онцлог, улс төрийн шийдвэр учраас найрамдалт харилцаагаа бодолцоод өнөөдрийг хүртэл гомдол гаргах хуулийн арга хэмжээг аваагүй” гэж тэмдэглэсэн. “Үгэн дунд үг, үхэр дунд гиваа” гэгчээр хэрвээ энэ гэрээг хийж цаашаа явахгүй бол манайхыг олон улсын шүүхэд өгч, өнөөдрийг хүртэл аваагүй хуулийн арга хэмжээгээ авна гэсэн л үг. Мөн алдагдсан хугацаа болон төмөр замын хил холболтын ажил, гүүрэн байгууламжийн хугацаагаа тооцоолоод 20 жил тогтвортой нүүрс авах гэрээ хийх. Мөн тогтмол үнэ тогтоож 20 сая тонноос багагүй нүүрс авах. Мөн нүүрсний гарц, олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд манайх “Чайна Энержи”-д нөөц ихтэй хоёр уурхайн талбайд олборлолт хийхийг давуу эрхээр сонгохыг манайхаас хүссэн.
Товчхондоо “Чайна Энержи”-ийн манайхаас тогтвортой, урт хугацааны гэрээний хувьд хүссэн гол хүсэлтүүд нь энэ. Гэхдээ одоогоор ил байгаа баримтуудын хүрээнд л эдгээр зүйл харагдаж буй юм.
Тэгвэл хамгийн сонирхолтой хэсэг нь үүнд манай нүүрсний компаниуд ихээхэн дургүйцэж эхэллээ. Тавантолгойд хоёр том нөөц ихтэй ордод олборлолт хийх. Улмаар төмөр замын холболтыг “Чайна Энержи”-ийн төмөр замтай холбоно. Энэ төмөр замаар Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлож, экспортод гаргаж буй “Энержи Ресурс”, жижиг гэгдэх Тавантолгой зэрэг компаниудад таалагдахгүй байгаа юм. Төсвийн үеэрх улс төр бол үүний нэг илрэл юм.
Яагаад гэвэл биржийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Энержи Ресурс”-ийн нүүрс хамгийн их экспортод гарсан байгаа юм. Тодруулбал, 2022 онд 3.7 сая тонн нүүрс экспортолж байсан бол биржийн хууль хэрэгжиж эхэлсэн 2023 онд “Энержи Ресурс” 7.9 сая тонн нүүрс экспортод гаргасан байгаа юм. “Чайна Энержи”-тэй гэрээ хийгдвэл уул уурхайн биржийн хууль “Эрдэнэс Тавантолгой” дээр үйлчлэхгүй. Энэ нь эхний ээлжинд “Энержи Ресурс”-д сөрөг нөлөө үзүүлнэ. Хоёрт, манай холбох гээд байгаа Гашуунсухайт-Ганцмодны боомтын дагуух төмөр замын Хятадын талын зам бол “Чайна Энержи”-ийн төмөр зам. “Чайна Энержи” өөрийн төмөр замаар хэний ачааг явуулах вэ гэдэг асуудлаа өөрсдөө шийдэх бөгөөд “Энержи Ресурс”, жижиг Тавантолгойн нүүрс зэргийг бараг л гаргахгүй байх эрсдэлтэй. Ингэснээр “Чайна Энержи” төмөр замаар, “Энержи Ресурс” машинаар тээврээ хийнэ гэсэн үг юм. Нүүрсний бизнесийн гол мөнгө эргэлддэг цэг нь тээвэр байдаг. Овор ихтэй, жин даац өндөртэй тул тээвэр дагасан бизнес нь хамгийн чухал билээ.
Цаашлаад төмөр зам, уурхай, дээр нь нэмээд Тавантолгойн цахилгаан станцын асуудал яригдана. Ингээд харахад ирэх жилүүдэд худалдан авагч тал тээвэр, уурхайн нөөц, тогтвортой үнэ гээд зах зээлд бусад оролцогчдоосоо хамаагүй давуу байдалтай болж буй юм.
Өөрөөр хэлбэл, ирэх өдрүүдэд “Чайна Энержи”-ийн гэрээний асуудал яригдах үеэр хамгийн том “хохирогч” болж мэдэх Ж.Оджаргалын MCS улс төрийн гол хөдөлгөгч хүч болж мэдэхээр байна. Харин гэрээний сайн мууг албан ёсоор гэрээний зүйл заалт, хамтын ажиллагааны хүрээ хязгаар бүгд тодорхой болсны дараа эргэн ярилцах нь зөв.
Эх сурвалж:Ubn.mn