Шар нунтгаас НӨАТ авч чадах уу
УИХ Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж эцэслэн батална. Тус хуулиар Франц улстай хамтран хэрэгжүүлэх ураны төслөөс манай улс суурь АМНАТ 5, тусгай АМНАТ 5, өсөн нэмэгдэх АМНАТ 10 хувь авна. Дээрээс нь ААНОАТ 25 хувь авахаар байгаа. Мөн давуу эрхийн 10 хувийн хувьцаа авч байгаа талаар хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж гишүүн хэлж буй.Зөөвч-Овоо төслөөс Монгол Улс хувь эзэмшихгүй, татвараараа бүх ашгаа хүртэх хувилбарыг сонгосон. Гэхдээ одоогийн байдлаар шар нунтгаас НӨАТ авах боломжгүй байгаа. Учир нь 2010 оны арваннэгдүгээр сарын Засгийн газрын тогтоолоор ураны шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулжээ. Тиймээс шар нутгаас НӨАТ авах боломжгүй юм байна. Хэрвээ Монгол Улс энэ төслөөс бүх татвараа авна гэвэл эцсийн бүтээгдэхүүний жагсаалтаас шар нунтгийг хасах шаардлагатай болж байгаа юм.УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Ажлын хэсгийн ахлагч НӨАТ тултал нь авна гэж хэлж байна. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн гэдгээрээ НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа юм. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулаад НӨАТ-аа авах ёстой. Шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх юм уу, үгүй юм уу. НӨАТ АМНАТ-өөсөө илүү татвар шүү дээ. Үүн дээрээ нүдээ аниад өнгөрч болохгүй байх. Монгол Улс татвараа авах гэж байгаа бол бүх татвараа тултал нь авах ёстой” гэсэн юм.Ураны төслөөс НӨАТ авахын тулд Засгийн газар шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтаас хасах шаардлагатай. Тэгж байж шар нунтгаас НӨАТ авах боломжтой болно. Хуулийн хэлэлцүүлгийн үед Сангийн сайд Б.Жавхлан “Орлого бүрдүүлэлт талаасаа НӨАТ авмаар байна. Гэтэл 2010 оны Засгийн газрын хуралдаанаар шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гээд тодорхойлчихсон юм билээ. Тиймээс үүнийг өөрчлөх үү, хэвээр үлдээх үү гэдгээ нэг тийш нь болгох ёстой” гэсэн юм.