Хятадын “Чайна Энержи” Тавантолгойн хоёр ордод олборлолт хийх санал тавьжээ
БНХАУ-ын “Чайна Энержи” группээс саяхан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын холболтыг хийх замаар төрийн өмчит ЭТТ-гоос 16-20 жилийн хугацаанд жилд 20 сая тонн сайн чанрын коксжих нүүрс авах урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтээ саяхан |2024.10.28| Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидлаар илэрхийлсэн.
Захидлын ерөнхий агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.
Захидалдаа монголоос авах нүүрсний стандартыг БНХАУ-ын мөрддөг хэмжүүрээр шалган авахаа илэрхийлж, ЭТТ дангаараа жилд 20 сая тонн коксжих нүүрс гаргах боломжгүй тул Тавантолгойн бүлэг ордоос хоёрыг сонгож, олборлолт хийж өгөх агуулгыг онцолсон юм.
Манай улс 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Харин “Чайна Энержи”-гийн хамтрах ЭТТ 2024 оны аравдугаар сард 12.2 сая тонн нүүрс экспортолсноос 8.3 нь сайн чанарын коксжих нүүрс байжээ. Тэгэхээр 20 тонн хүртэлх сул орон зайн дээр нь “Чайна Энержи” өөрөө ажиллах хүсэлт тавьсан гэсэн үг юм.
Хятадын “Чайна Энержи” нь 310 мянган ажилтантай, нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд юань. Өөрийн төмөр замын тээврийн хүчин чадал жилд 600 сая тонн аж. Энэ нь манай төмөр замаар тээвэрлэх 20 сая тонноос даруй 30 дахин өндөр үзүүлэлт юм.
Уг тооцооллоор бол ирээдүйд тэд өөрийн төмөр замаараа тээвэрлэх нийт нүүрснийхээ 3.3 хувийг л монголоос авах боломжтойгоо мэдэгдсэн байна. Энэ 3.3 хувийн нүүрсээ монголоос татахын тулд хоёр уурхайн шинэ талбайд өөрсдийн зардлаар олборлолт хийх санал тавиад буй аж.
Харин манай Засгийн газрын хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 260 км “МУХАР” төмөр замуудыг ирэх жилүүдэд ашиглаж, эдийн засгаа тэлэхээр 14 мега төслийнхөө хамгийн эхэнд эрэмбэлсэн.
Энэ дагуу төмөр замуудыг БНХАУ-тай холбохдоо улс төрийн бодлогын хувьд өргөн, нарийн царигийн маргаан гаргахгүй байхаар хоёр талаас тохиролцсон. Гэсэн хэдий ч холболтын санхүүжилт болоод түүнд зарцуулагдах цаг хугацаа нь Засгийн газарт сорилт үүсгэсээр байгаа юм.
Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбоход 300 сая ам.доллар шаардлагатай бөгөөд 2027 онд холболтыг хийж дуусах урьдчилсан ТЭЗҮ гарсан. Энэ нь монголд болох 2028 оны сонгуулиас нэг жилийн өмнөх хугацаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хамаг хүчээ гаргаж, төмөр замуудаа холболоо гэхэд үр өгөөжийг нь улс төрийн хувьд жил орчим хүртэж, үүгээрээ ирэх сонгуулийн эерэг мессиж хийхээр харагдаж байна.
Удахгүй УИХ, Засгийн газрын түвшинд Хятадын “Чайна энержи”-тэй хэрхэн хамтрах агуулга яригдахаар хоёр талаас бэлтгэлээ хийж байгаа юм. Дотоодын биржийн үнээр биш, урд хөршийн үнэд тулгуурласан тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах асуудлыг хэрхэн шийдэх нь ихээхэн анхаарал татах асуудал юм.