Н.Удаанжаргалд царигийн хэргийг тохов
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг өргөн царигаар тавиулах шийдвэр гаргуулж, Монголыг хорлосон буруутнаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг нэрлээд байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Гадаад руу оргон зугатсан нөхөр нарийн царигтай төмөр зам тавиулсан. Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, шийдвэр гаргуулсан хүн нь тэр” гэж мэдэгдэв.
Уг нь анх өргөн царигтай төмөр зам тавих ёстой гэж суртал ухуулга хийж, танкаар айлгаж байсан хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд анхаарал хандуулж, өглөө босоод л шахам утас цохин “Төмөр замын ажил хэр урагштай байна” гэж мэдээлэл авч, шавдуулдаг байсан түүний хувьд ямар эрх ашгийн үүднээс бүдүүн царигтай төмөр зам тавих ёстой гэж олон жилийн турш ярьж, төмөр зам тавих төслийг гацааж ирсэн нь бүрхэг ч “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж байгаа Н.Удаанжаргал хамсаатан болж, буруудаад байна.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа буюу 2021 онд Н.Удаанжаргалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон. Гэтэл төд удалгүй Авлигатай тэмцэх газраас Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ажлын байранд нь нэгжлэг хийж бужигнуулж байв. Энэ хүрээнд нийт 35 обьектод нэгжлэг хийсэн болохоо Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн юм.
Мөн энэ үйл явдалтай зэрэгцэн нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахаар болж, асуудал хөндөгдөх үед гадаад руу оргон зугатсанаас “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж байсан Н.Удаанжаргал “Цахимаар оролцох боломжтой” гэдгээ сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн даргад мэдэгдсэн нь дуулиан тарьсан. Гэвч Н.Удаанжаргал нүүрсний сонсголд цахимаар оролцсон нөхцөлд нүүрсний жинхэнэ хулгайч нар нэрлэгдэх болсон уу, хуулийнхан Н.Удаанжаргалын араас хөөцөлдөж байгаа тухай өдөр тутамд мэдээлэл хөвөрснөөр гэрчээр оролцох боломжгүй болж, энэ асуудал намжсан. Одоо ч хуулийнхан Н.Удаанжаргалыг интерполоор эрэн сурвалжилсаар буй.
Тэгвэл гадаад руу оргон зугатсан энэ үед бас нэг хэрэг мандсан нь ийнхүү царигийн асуудал болж хувираад байна. Ингэхдээ Үндсэн хуулийн Цэц хүртэл нарийн царигтай төмөр зам бариулахыг хориглосон буруутнаар Х.Баттулга биш Н.Удаанжаргал тодроод байна.