Машины ченжүүдийн зорилго нь иргэд үү, бизнес нь үү?
Автомашины улсын дугаарыг тойрсон маргаан өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв болтлоо өргөжлөө. Хэрэв Улаанбаатар хотод машин унахыг хүсч байвал улсын дугаар авахдаа юун түрүүнд Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэн байх ёстой. Машин нь он залуу хийгээд зөв талдаа хүрдтэй, цахилгаан цэнэгээр ажилладаг, өөрийн зогсоолтой бол давуу тал болно гэсэн шийдвэр юм. Автомашин нийлүүлэгчид буюу бидний хэлж заншсанаар ченжүүд үүнд хамгийн их бухимдлаа.
Тэдэнд бухимдах ч үндэс бий. Эдгээр шаардлагуудыг тавиад эхлэхээр Япон, Солонгостоо актлагдсан, эдэлгээ чанарын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслийг Монгол Улсад борлуулдаг бизнес нь хумигдаж таарна шүү дээ.
Тэд “Бид хуучин машин зарж амьдарч чадахаа байлаа” гэж ярихын оронд “Засаг төр ард иргэдийнхээ өмчтэй байх эрхэнд халдаж байна” хэмээн хашгирч эхлэв. Хувийн эрх ашиг нь хөндөгдсөн хэн ч олон нийтийн нэрийг өмнөө барьдаг нь манайд их түгээмэл л дээ. Саяхан нийслэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ тэд
“Бид нийлээд 37 мянган машин захиалчихаад байгаа юм аа. Түүнийгээ оруулж ирсэний хойно та нарын шийдвэрээр явья” гэсэн тухай чих дэлсч байна. Ёстой л өнөө “Би үхэхээр чи үх” болж байх шиг.
Угтаа бол хууль УИХ-аар өнгөрсөн жилийн өдийд батлагдаад одоо нэг жилийн ойн дээрээ ирж байна. Энэ бол бэлтгэж болох хангалттай хугацаа. Гэтэл өнөө ченжүүд маань цагийг нь тулгаад баахан хэвлэлийн хурал, үймээн самуун болгох тийш чиглэлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гурав гурван сая төгрөг цуглуулж, цахим орчин хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр лобби хийж эхэлсэн юм байх. Бас Үндсэн хуулийн цэцэд ч мэдээлэл гаргажээ. Улмаар хотын дарга Х.Нямбаатар хувь хүнийхээ хувьд хэчнээн муу хүн болох тухай, бодлогогүй муухай үг хэлж өөрсдийг нь гомдоосон тухай ярьж асуудлын гол өнцөгийг гуйвуулж байна.
Өнгөрсөн намрын сонгуулийн үр дүнгээр Хотын даргаар өнөөдөр Х.Нямбаатар гэдэг хүн ажиллаж байна. Түүний оронд хэн ч байж болох байсан. Ер нь хэн ч байж болно. Гол нь Улаанбаатар хотод тулгараад байгаа асуудлуудад гарц олох ёстой. Тийм болохоор хүнийг нь орхиод асуудлыг нь ярьж эхэлье.
Дэлхийн ихэнх орнуудад хотын иргэний ёс зүйн код, дүрэм, журам гэж байдаг. Товчхондоо эрх, үүргийг хэлээд байгаа юм. Манайхан ардчиллыг “Таны гар дураараа савчиж болох боловч бусдын хамрын үзүүрийн наанаас буцаж байх ёстой” гэж тайлбарлах дуртай. Машин ч ялгаагүй. Хүн бүр машинтай байх эрхтэй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл бусдын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрахад саад болох ёсгүй байх давхар үүрэгтэй гэсэн үг.
Хотод хуучин машин явуулахгүй байх нь хүний эрх чөлөөг боогдуулж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм бол нөгөө талдаа утаа тортогт бүх нийтээрээ хордож, түгжирч байгаа нь Үндсэн хуульд нийцэж байна уу гэдэг асуулт гарч ирнэ.
Агаар дахь хар тугалганы хэмжээ хэдэн арав дахин хэтэрч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдээ хөтөлж биш, өргөж явах” тухай зөвлөмж хүртэл гаргаж байгаа нь Улаанбаатар хотын авто замыг дүүргэж буй хэдэн зуун мянган хуучин автомашинтай хамааралтай шүү дээ.
Тийм болохоор энэ шийдвэр давс мэт гашуун байж болох боловч нийт оршин суугчдад эм мэт хэрэгтэй гэсэн гаргалгаа гарч ирж байна.
Хэдий болтол түгжрэх вэ, хэдий болтол Улаанбаатар хотод 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслийг оруулж ирж борлуулж байх вэ, хэдий болтол буруу хүрдтэй автомашин явуулж зам тээврийн осол “үйлдвэрлэж” байх ёстой вэ гэх мэтээр яриад байвал олон зүйл бий.
Нийслэл хот 1.5 сая хүнтэй хэр нь 804 мянган автомашинтай байна гэдэг статистик ч өөрөө эрүүл ухааны хязгаарыг давсан мэт санагдахгүй байна уу.