Б.Энхбаяр: Хулгайтай тэмцэхийг байнга шаардаж ажиллана

0

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны төсөв дагаж баталсан хууль зөрчсөн УИХ-ын тогтоол болон Ерөнхий сайдад  “Админерал” компанитай холбоотой асуудлаар асуулга тавьсан талаар мэдээлэл өглөө.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Миний бие УИХ-ын 2025 оны улсын төсвийг батлах үеийн нэгдсэн хуралдааны видео бичлэг болон санал хураалтад оролцсон ирцийн мэдээлэл, хуралдааны цаасан тэмдэглэлийг авах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр буюу УИХ-ын Тамгын газарт хандаж гаргасан. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Яагаад өгөхгүй байгаа вэ гэдэгт хардалт байна. УИХ-ын дарга тухайн үед техникийн шаардлагаар гар өргөж санал явуулна гэж хэлээд, гар өргүүлээд, дүнг хэлсэн. Ингэхдээ улсын Төсвийн хуулийг 71 гишүүний ирцтэйгээр 2 гишүүн татгалзаж, 69 гишүүн дэмжиж баталлаа гэсэн. Үүнийг би бичлэгээр үзэж, баталгаажуулмаар байна. Гишүүд оролцоогүй байх гэдэг санал юм. Ирцээ бүртгүүлээд, тухайн чуулганы хуралдаанд оролцоогүй бол татгалзсанаар саналыг нь тоолдог. Жишээлбэл, төсөв батлах үед чуулганы хуралдаанд ороогүй, өрөөндөө байсан. Энэ нь би ухамсартайгаар татгалзсанаар санал өгч байна гэсэн үг. Гар өргөж тоолдог буруу жишгийг халах ёстой. Чуулганы хуралдааны танхимд миний авсан мэдээллээр 6 камер байдаг.Ирэх жилийн төсөв баталсантай холбоотой янз янзын зүйл сонсож байна. Тухайлбал, УИХ-ын 2025 оны төсөв батлах үеийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Төсвийн байнгын хорооны хуралдаанд унаад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр боссон саналыг төсөв эцэслэн батлахад УИХ-ын дарга хасаж уншсан гэсэн мэдээлэл надад байгаа. Хэрэв энэ нотлогдвол бүр ноцтой асуудал руу орно.Хоёрт, нүүрсний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 3-27 хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Улмаар энэ сонсголын үр дүнд ЭТТ ХК-ийн эзэмшлийн Бортээг уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр барьсан “Админерал” компанитай холбоотой асуудал сонсголын хамгийн сүүлийн өдөр яригдсан. Тухайн ордын нүүрс борлуулалтын монопол гэрээг баяжуулах үйлдвэр барих гэдэг халхавчаар “Админерал” компанид өгсөн гэх асуудал хөндөгдсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр олон хууль тогтоол зөрчсөн гэдэг нь нотлогдсон. Үүнд олон улстөрч, хамаарал бүхий этгээдүүдийн асуудал яригдсан. Энэ дотор одоогийн УИХ-ын дарга гэрчээр дуудагдсан ч ирээгүй. Сангийн сайд Б.Жавхлан дуудагдаад, орж ирээд гарсан.Энэ хүмүүстээ хамаарал бүхий компаниудын оролцоо шинжээчийн дүгнэлтээр гарч, яригдсан. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад шилжсэн. 2024 оны нэгдүгээр сард УИХ-ын 9 тоот тогтоолоор “Админерал” компанид олгосон энэ асуудал нь хууль зөрчиж байгаа учраас хүчингүй болгох шийдвэр гарсан. Улмаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн.Өчигдөр миний бие УИХ-ын 9-р тоот тогтоолын хэрэгжилтийг гаргаж ирүүлэх асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хуулийн дагуу асуулгын хариу 30 хоногийн дотор ирж, шаардлагатай гэж үзвэл хариултын УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгодог. Миний өнөөдрийг хүртэл авсан мэдээллээр Засгийн газар “Админерал” компанийн зөвшөөрлийг цуцлаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүйгээр жил болж байна. Тэгвэл одоо яах вэ гэдэг дараагийн асуудал ярих гэж байна гэсэн үг. УИХ-ын сонгуулиар “Хулгайчаа орой дээрээ зална” гэж амлаагүй байх шүү. Харин хулгайтай тэмцэнэ гэж амлалт өгсөн. Тэр манлайлал дээрээ байх ёстой. Түүнийг байнга шаардаж ажиллана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *