З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, өдгөө УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр шийдвэрлэлээ.
Хэрэгт яллах дүгнэлт бичсэн прокурорын эсэргүүцэл, З.Энхболдын өмгөөлөгч Д.Алтансүх нарын гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасанд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд хэлэлцэхээс татгалзав. Ингэснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж байгаа юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 25-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хурал эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэгбүрчлэн тусгахаар зохицуулсан атал тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан. Түүнчлэн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй гэх зэрэг зөрчилтэй байсан аж. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон билээ.
Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард тэдэнд 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах ял оноогоод байсан билээ.