Энэ вакциныг хүүхдэдээ тариулах уу, яах вэ???
/2024.11.20/ Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний хөхөнцөр вирүсийн вакцины эсрэг хуурамч мэдээлэл хүчтэй тархаж байна. Тиймээс энэ талаарх үнэн бодит мэдээллийг хүргэж байна.
ХЭН УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ ВЭ?
Хэн ч энэ өвчнөөр өвдөж болно. Монгол эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрын тохиолдлуудын гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог. Манай улсад ЖИЛ БҮР 200 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна. Умайн хүзүүний хорт хавдрын улмаас амиа алддаг монгол эмэгтэйчүүдийн тоо улсдаа төдийгүй Азийн бүс нутаг цаашлаад дэлхийд хамгийн өндөрт тооцогддог.
Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл 30 наснаас эхлэх бөгөөд 50 наснаас дээш өндөр эрсдэлтэй болно. Мөн эрэгтэйчүүд ам залгиур, шулуун гэдэс, эр бэлэг эрхтний хортой хавдраар өвдөх эрсдэл 20-70 хувьтай.
ЯАГААД ХОРТ ХАВДАРТАЙ БОЛДОГ ВЭ?
Дараах гурван шалтгаан нөлөөлнө.
- Хүний хөхөнцөр вирүсийн халдварын улмаас умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг. Тиймээс энэ вирүсээс хамгаалах вакциныг хүн төрөлхтөн нээж илрүүлсэн нь том олз юм.
- Нас. Эрсдэл 30 наснаас эхэлнэ.
- Бусад шалтгаан. Жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаанд уух, тамхи татах, бэлгийн замаар дамжих халдвартай байх, дархлаа сул байх гэх мэт.
Гол шалтгаан болох хүний хөхөнцөр вирүс нь дараах өвчлөлүүдийг үүсгэдэг. Үүсгэх өвчний жагсаалт болон тухайн өвчнийг үүсгэхэд хүний хөхөнцөр вирүсийн шалтгаалах хувийг хүргэж байна.
- Умайн хүзүүний хорт хавдар 100%
- Бэлгийн үү үүсгэх 100%
- Хошногоны хавдар үүсгэх 90%
- Үтрээний хавдар үүсгэх 65%
- Хүзүү, толгойны хавдар үүсгэх 60%
- Залгиур, хоолойн хавдрын 60%
- Гадна бэлэг эрхтний хавдар үүсгэх 50%
- Шодойн хавдар үүсгэх 35%
Ингээд харвал хүний хөхөнцөр вирүс гэдэг нь жинхэнэ эсэргүүцэх ёстой аймшигтай халдварт вирүс юм.
ХОРТ ХАВДРЫН ҮЕД ЯМАР ШИНЖ ИЛРЭХ ВЭ?
Бэлгийн харилцааны дараа үтрээнээс бага зэрэг цус, цусархаг шингэн ялгарах шинж тэмдгээр илэрч эхэлнэ. Улмаар хавдрын хэмжээ томрох тусам гарах цусны хэмжээ ихсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хавдрын хоёрдугаар үед эвгүй үнэр үүснэ. Ингээд даамжрах тусам хажуу эрхтнүүдээ гэмтээж, үтрээ, шулуун гэдэснээс цус гарах, нуруу өвдөх, хөл хавагнах зэрэг шинж тэмдэг илэрч болох бөгөөд хавдрын үе шат цаашид улам хүндэрнэ. Тиймээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт хамгийн чухал байдаг.
ЯАВАЛ ЭНЭ ӨВЧНИЙГ ТУСАХГҮЙ БАЙХ ВЭ?
Умайн хүзүүний хорт хавдрыг бий болгогч хамгийн гол хүчин зүйл бол Хүний хөхөнцөр вирүс гэж өмнө өгүүлсэн.
Австралийн хоёр эрдэмтэн 1990 онд вакциныг нээсэн бөгөөд удтал судлагдсаны эцэст 2006 онд “Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцин”-ыг патентжуулж чаджээ. Ингээд 2007 оноо улс орнууд товлолт вакциндаа нэвтрүүлсэн юм. 2008 онд энэ вакциныг гарган авсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн юм.
Энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас 90-ээс дээш хувь хамгаалдаг.
ХЭЧНЭЭН УЛС ОРОН ЭНЭ ВАКЦИНЫГ ХҮҮХДҮҮДДЭЭ ТАРЬСАН БЭ?
Хүний хөхөнцөр ВИРУСЫН ЭСРЭГ энэ вакциныг Австрали 2007 онд, Англи 2008 онд, Япон 2013 оноос, Солонгос улс 2016 оноос эхлэн хүүхдүүддээ тарьж эхэлсэн юм. Манай өмнөд хөрш Хятад улсын тухайд туршилтын вакцинжуулалтыг 2020 онд эхлүүлсэн юм. 2022 онд тус улсын Эрүүл мэндийн Үндэсний хороо нь улс орон даяараа үнэ төлбөргүйгээр вакцинжуулалтыг хийнэ гэдгээ зарласан билээ.
2024 оны байдлаар дэлхийн 144 улс үндэсний товлолт вакцинжуулалтандаа багтаасан байна.
Манай улсын хувьд 2012 онд энэ вакциныг нэвтрүүлэхээр эхлүүлсэн боловч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч зогсоосон юм. Тухайн үед вакциныг эхлүүлсэн бол өнөөдөр олон зуун эмэгтэй амиа алдахаас сэргийлж болох байв.
Хэрэв өнөөдөр энэ вакциныг охид, хөвгүүддээ тарьж эхлэхгүй бол дахиад 10-15 жилийн хугацаанд хорт хавдрын өвчлөлийн тоо, түүний улмаас нас баралтын тоо буурахгүй байх сөрөг үр дагавартай.
ВАКЦИНЫ НАЙРЛАГАНД ХОРТОЙ БОДИС БАЙГАА ЮУ?
Юун түрүүнд хорт бодистой вакциныг энэ дэлхийн 144 улс орон хүүхдүүддээ шахаад сууна гэж огт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс вакцины найрлагыг танилцуулъя. Үүнд:
HPV вирусийн 6, 11, 16, 18 вариантын антиген уураг, хөнгөн цагаан агуулсан адьювант, мөөгөнцрийн уураг, натрийн хлорид (хоолны давс), L histidine (амин хүчил), полисорбат 80, борын хүчлийн давс гэсэн найрлагатай.
ВАКЦИНЫГ ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР ҮР ДҮН ГАРЧ БОЛОХ ВЭ?
Гурван тунт вакциныг хийснээр таван жилийн дараа умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлоос 90-ээс дээш хувь аварна.
Жишээ нь, Швед улс энэ вакциныг нэвтрүүлснээс хойш 10 жилийн дараа гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 88 хувиар буурсан байна. Ижил үр дүн Австрали, Англи, Дани зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад гарсан юм.
ЭНЭ ВАКЦИНЫГ ЯАГААД ЗААВАЛ ХҮҮХДЭД ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ?
Хүний хөхөнцөр вирүс нь бэлгийн замаар халдварладаг тул бэлгийн хавьталд ороогүй хүүхдэд тарих нь өндөр үр дүнтэй гэсэн үг. Тиймээс 9-14 насанд нь хоёр тунг тарихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Хэдий бага насанд хийнэ, төдий хэрээр дархлаа сайн тогтоно.
ЭНЭ ВАКЦИНЫГ ХИЙХЭД ТӨЛБӨРТЭЙ ЮУ?
Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, түүний улмаас нас баралт дэлхийд өндөрт тооцогдож байна. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд Хүний хөхөнцөр вирүсийн вакциныг үнэ төлбөргүй хийхээр болоод байгаа нь сайшаалтай.
Хэрэв та өөр улс оронд энэ төрлийн вакциныг хийлгэхийг хүсвэл 250 долларын өртөгтэй байх болно.
АЛЬ УЛСЫН ЯМАР КОМПАНИ ВАКЦИНЫГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ?
Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцины эрхийг 2006 Merck & Co. компани авсан юм. Тус компанийн төв оффис Америкийн Нэгдсэн Улсад байдаг бөгөөд компани анх 1668 онд Герман улсад байгуулагдсан түүхтэй.