О.Амгаланбаатар: Худал эх орончдын эсэргүүцлээс айж зугтахгүй, галыг үүрээд зүтгэнэ
Олон нийтийн анхаарлын төвд буй Нарансэвстэйн боомтын асуудлаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай ярилцлаа.
-Нарансэвстэйн боомтыг нээх асуудал 10 жилийн өмнө яригдсан-
-Нарансэвстэйн боомтыг нээх асуудал өнөөдөр ч яригдаагүй. Сүүлийн хэдэн жил буюу таныг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеэс нэлээн эрчимтэй яригдаж байгаа. Гэхдээ эсэргүүцэх хүмүүс олон байна?
-Монгол Улсын 21 аймгаас ард иргэд нь хамгийн бага орлоготой хэрнээ хамгийн өндөр өртгөөр амьдардаг ард түмэн бол баруун таван аймаг. Дээр нь Баянхонгор нэмэгддэг. Мөн аймаг орон нутгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлж орлогоо бүрдүүлдэг аймаг баруун талд нэг ч байхгүй. Гэтэл Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод зэргээр боомтоор нь арилжаа наймаа хийдэг аймгууд өөрсдийгөө санхүүжүүлж, ард иргэд нь ч амьдралын түвшин дээгүүр байна.
Баруун аймгууд сүүлийн 30 жилд яагаад хөгжөөгүй юм. Бие даан хөгжих боломжгүй, ард иргэдийнх нь Улаанбаатар руу чиглэсэн нүүдэл яагаад улам нэмэгдээд байна вэ. Статистик мэдээллээс харвал нэг сумын төвтэй тэнцэх тооны хүн ам Улаанбаатар хот руу шилжин суурьшаад байгаа нь юу хэлээд байна вэ гэдгийг бодож үзэх ёстой. Говь-Алтай аймаг 1996 онд 80 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 60 мянга хүрэхгүй болсон. Бусад аймгууд ч ижил. Ажлын байр, орлого байхгүйгээс хөдөөнөөс хот руу дүрвэж байна шүү дээ. Ямар нэг дорвитой өөрчлөлт хийхгүй л бол иргэд орлогогүй, худалдаа арилжаа хөгжихгүй байгааг 30 жил харлаа, тууллаа.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2008 онд Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвшиж байсан Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарын хүмүүсийн мөрийн хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж тусгасан байдаг. Гэвч ажил хэрэг болоогүй.
Миний хувьд аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллахдаа хөгжлийн олон хувилбарыг эрэлхийлсэн. Баруун аймгийн онцлог бол зах зээлээс хол бизнес хөгжихөд хүндрэлтэй гээд яривал олон бэрхшээл бий. Энэ нөхцөлд иргэн, өрх болгонд хамааралтайгаар хөгжих боломж бол боомт. Орос, Хятадын хоорондох ачаа тээвэр Улаанбаатар хотоор дамжаад Сэлэнгэ Замын-Үүд хоорондох авто зам, төмөр замаар явдаг. Заавал Улаанбаатар хотод ирж байж энэ замд нийлэх биш өөрчлөх боломж бий. Нарансэвстэйн боомтыг нээж хилийн дагуу зам тавиад Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завханаар ОХУ-руу холбогдож хойшоо гурван гарцтай урагшаа нэвт коридор үүсгэж чадах юм бол зүүн талын коридор баруун тийш шилжих боломжтой. Ингэснээр заавал Улаанбаатараар дамжиж Эрээн, Улаан-Үүд орохгүйгээр баруун талдаа засмалаар явах боломж бүрдэнэ. Увс, Завханы Засаг дарга нар хойд талын Туватай, бид Ганьсу мужтай уулзалт хийсэн. Үнэхээр босоо коридортой болчих юм бол хожих хүмүүс нь баруун аймгийнхан гэсэн тооцоо судалгаа ч гарсан.
-Хятадууд зам тавихаар хавтгай, мазаалай нь дайждаггүй хэрнээ монголчууд зам тавихаар бүгд үргээд алга болно гэж ярьж болохгүй-
-Гэтэл нөгөө талд эсэргүүцэгчид олон байна. Үндэслэл судалгааг нь харвал дархан цаазат газар, ховор ан амьтан мазаалайгаас эхлээд аюулд орох вий гэсэн болгоомжлол байгааг үгүйсгэх аргагүй?
-Харамсалтай нь хэн нэг нь Нарансэвстэйн боомтыг нээх ёстой гээд ярихаар эсэргүүцээд эхэлдэг. 10 гаруй жил иймэрхүү байдалтай явж ирсэн. Өмнөх УИХ-ын гишүүд тэднийг эсэргүүцэж ард түмнийг турхирахаас айгаад зогсчихдог байсан бол би тэгэхгүй. Говь-Алтайн ард иргэдийн өмнөөс үүрэг хүлээснийхөө төлөө, тэдний орлогыг нэмэгдүүлж сайхан амьдруулна гэж УИХ-д сонгогдсон учраас эсэргүүцсэн айлган сүрдүүлсэн шантаажчдад бууж өгөхгүй. Энэ бол миний үүрэг. Хөлсний хэдэн нөхөд очоод “Дархан цаазат газрыг сүйтгэх гэж байна”, “Алт ухах гэж байна” гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Талын мэлтэс гэх алтны ордыг хэзээ ч ухахгүй.
Тэгэж яривал, 2016 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Талын мэлтэсийн алттай холбоотой албан бичиг явуулж байсан. Тухайн үед миний бие аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан бичгийг хүлээж авахгүй гээд буцааж байсан нь аймгийн архивт одоо ч бий. Хоёрдугаарт, Дархан цаазат газрын голоор явахгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Хятадын талдаа Монгол Улсын хилд тулгаад ухчихсан уурхайнууд бий. Монгол, Хятадын хилийн дагуу хоёр давхар тор татаж түүнийх нь дагуу зам тавих ажил эхэлчихсэн байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцүүлээд нэг км коридор гаргаж зам тавиад Монгол талаар нь тор татахад ямар ч ялгаагүй гэдгийг л бүгдээрээ ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Хятадууд зам тавихаар хавтгай мазаалай нь дайждаггүй хэрнээ монголчууд зам тавихаар бүгд үргээд алга болно гэж ярьж болохгүй. Тийм муйхар, харанхуй бүдүүлэг байж болохгүй шүү дээ. Тиймээс л сэтгүүлчдийг нүдээр үзэж хараач гэж байгаа юм.
Хилээс 20-30 метрийн цаана уурхайнууд ажиллаж байна. Яагаад хавтгай, мазаалай амьтад дайжихгүй байгаа юм бэ. Дархан цаазат байгалийг сүйтгэлээ гээд яриад байгаа. Гэтэл яг нөхцөл байдал дээрээ бол сарны гадаргуу шиг өвс ургамал, үржил шимгүй цөл болсон. Манайхан цэрд гэж ярьдаг. Нийтээрээ бодит мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Бүр тодорхой хэлбэл, говийн дархан цаазат газарт ямар ч хамааралгүй, хилийн шугамын дагуу зам тавина. Хоёрдугаарт, алт ухахгүйгээр боомт нээх боломж бидэнд бий. Эцэст нь Монгол Улс, баруун аймгийнхан, тэр дундаа Говь-Алтайчууд хожино.
Говь-Алтайчууд ноолуураа хамгийн хямд үнээр өгдөг. Зүүн талын ноолуур гараад хамгийн сүүлд баруун аймгуудынх гардаг болохоор хамгийн бага үнээр өгдөг. Нөгөө талд өмсөж зүүж эдэлж хэрэглэж байгаа гурил будаанаас нь авахуулаад өндөр үнэтэй. Хамгийн бага орлого, өндөр зардалтай амьдарч байгаа учраас хуримтлал үүсгэх боломжгүй. Харин Замын-Үүд, Эрээн шиг боомттой болчих юм бол 1700-1800 км зам туулж өргөн хэрэглээний бараагаа татахгүй. Ноос, ноолуур 1000 км-т Улаанбаатарт ирж боловсруулагдахгүй. Үйлдвэр, үйлчилгээний зах зээл нээгдэж засмал замаар 300-400 км явах боломж бүрдэнэ.
Баруун бүсийн коридорыг нээлгэхгүй байх, хөгжлийг боомилох гадны захиалга, ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй
-Эсэргүүцэж байгаа хүмүүс дунд эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид байна лээ. Та хөлсөөр эсэргүүцэж шантаажилж байна гэж ярилаа?
-Эсэргүүцэгчид бенз жийптэй говиор давхиад байгааг харахад маш их санхүүжилттэй байна л даа. Үүний цаана Нарансэвстэйн боомтыг нээлгэхгүй гэсэн маш их ашиг сонирхол байгаа нь ойлгомжтой. Говь-Алтайг огт мэдэхгүй очиж үзээгүй, ард иргэд нь ямар орлогоор яаж амьдарч байгааг үзэж хараагүй хүмүүст хөлсний хэдэн төгрөг аваад орилж хашхирах сонин биш байх л даа. Энэ боомтыг нээх асуудал зөвхөн өнөөдөр биш олон жилийн тооцоо судалгаан дээр тулгуурлаж байгаа юм. Алт ухаж, амьтан ургамал хэзээ ч сүйдэхгүй гэдгийг дахин дахин хэлье. Нутгийн эрдэмтэн судлаачид байгалиа хамгаална гэж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож байна. Тэр хүмүүсийн үүрэг. Хамгийн гол нь бид нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох ёстой. Харин эх оронч нэр барьж шантааж хийж яваа Босоо хөх Монгол мэтийн хөлснийхөн болих хэрэгтэй. Худал үнэн юм ярьж хөгжлийг гацааж ард иргэдийн боломжийг хулгайлж болохгүй. Ер нь хараад байхад баруун бүсийн коридорыг нээлгэхгүй байх, хөгжлийг боомилох гадны захиалга, ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс хөгжих нь хэнд ашиггүй вэ гэдгийг бодох ёстой.
Худал эх орончдын шүүмжлэл, эсэргүүцлийг үл тоон зөв зүйлийн төлөө гал үүрч зүтгэх хүн цөөхөн. Зарим хүмүүс шүүмжлэлээс айгаад зугтдаг бол би тэгэхгүй. Говь-Алтайн иргэдийн амьдралыг хэдэн шантаажчид шийдэхгүй, шийдүүлэхгүй.
-Нарансэвстэйгээс гадна Бургастайн боомтыг хөгжүүлэх боломжгүй хэрэг үү?
-Би арваад жил гаалийн байгууллагад ажиллахдаа Бургастайд зургаан жил гаалийн байцаагч хийсэн. Зовлон, жаргалыг сайн мэднэ. Шинжаан Уйгартай хиллэдэг Бургастайн боомтоор арилжаа бизнес явах ямар ч боломжгүй. Шинжаан уйгар дотоод асуудал ихтэй тогтворгүй бүс учраас хил дээр чемодан савыг нэгжихээс эхлээд маш хатуу шалгадаг. Цаашлаад 50 км тутамд буутай цэрэг зогсож хянадаг. Ийм хатуу хараа хяналттай нөхцөлд ачаа бараа аваад явах ямар ч боломжгүй. Хятад талын энэ мэт нөхцлийг мэдэхгүй байж Бургастайн боомтоо хөгжүүл гэж ярих утгагүй.
-Нарансэвстэйг нээлгэх асуудлыг дан ганц О.Амгаланбаатар хөөцөлдөөд байгаа мэт харагдаж магадгүй. Гэтэл баруун бүсээс сонгогдсон 10 гишүүн бий. Тэдэнд ч гэсэн сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бий. Ямар байр суурьтай байгаа вэ?
-Баруун бүсийн 10 гишүүн, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн тойргоос сонгогдсон гишүүд бүгд боомт нээхийг дэмжиж гарын үсгээ зурсан. Боомт нээгдсэнээр баруун бүсийн хөгжилд ач холбогдолтой гэдэг байр суурьтай байгаа. Энд нэг зүйлийг жишээ татахад, өнгөрсөн хавар сонгуулиар Увс аймагт ажиллахдаа анзаарлаа. Говь-Алтай Улаанбаатараас 1000 км байдаг бол Увс аймаг 1400-1500 км. Яг намайг очиход аймгийн төв дээр шинээр гурван зах ашиглалтад орлоо гэж байсан. Худалдааны гудамжаар орос дугаартай машинууд олон хөлхиж байна. Гэтэл Увсын хилээр өдөрт 100 гаруй машинтай 400-500 тува иргэн орж ирдэг гэнэ. Тэд жилд 200 тэрбум төгрөгийн худалдан авалт бараа эргэлт хийсэн байна. Үүнийг дагаад үйлдвэр үйлчилгээ, худалдаа наймаа ч өргөжин тэлж байна. Ард иргэд ч чинээлэг амьдарч байна. Гадаад худалдаа бизнесийн давуу тал энэ. Нарансэвстэйн боомт нээгдэх юм бол худалдаачид Говь-Алтайгаар дамжина.
Сүүлийн 30, магадгүй 100 жилд баруун бүсийн хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулах хөгжлийн гарц бол Нарансэвстэйн боомт учраас энэ ажил явах ёстой.