Цөөнхийн халаасанд “зүүлттэй” НИЙТИЙН ЭРХ

0

Өнөө бидний ороо бусгаа нийгэмд хаашаа л харна стандартгүй зам, зөвшөөрөлгүй барилга гээд нийтийн эрх ашиг зөрчсөн асуудал дүүрэн. Эхэндээ бид уурлаж бухимдаж, цахим хуудсаар нэг яриа болдог ч удалгүй эвлэрчихсэн явдаг.  Энэ мэт хууль бус асуудлыг хөндөж, хөөцөлдөн шүүхээр шударга ёсыг тогтоолгохыг нийтийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа гэдэг. Жишээ нь олон нийтийн дунд “Авилга хороолол” гэгдэх болсон хэрэг буюу голын онцгой хамгаалалтын бүсэд усан парк барих зориулалтаар зөвшөөрөл аваад барилга барьж байсныг нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Онч шийдэл” ТББ анх хөндөн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар олон хүний аюулгүй амьдрах эрхийг хамгаалж чадсаныг бид мэднэ.  

Дээр хэлсэнчлэн өдгөө нийтийн эрх ашиг зөрчсөн асуудал олон. Харин түүний араас явах эрх бүхий байгууллага цөөн хийгээд нэхэмжлэл үүсгэх асуудлын хүрээ хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн хэргээр шүүхэд хувь хүн нэхэмжлэх гаргах эрхгүй бөгөөд хуульд заасан тодорхой шаардлага хангасан төрийн бус байгууллагад л байдаг байна. Гэхдээ сүүлд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмгөөлөгч хүн нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх үүсчээ. Мөн хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн өмч, нийтийн эрүүл мэнд гэсэн дөрөвхөн чиглэлээр л шүүхэд нэхэмжлэл үүсгэх эрхтэй байдаг аж. Гэтэл амьдрал дээр хэчнээн олон асуудал байдаг билээ. Хэдийгээр манайд төрийн бус байгууллагууд олон байдаг ч нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь гарын арван хуруунд багтахаар цөөн байдаг аж. Тухайлбал, “Онч шийдэл”, “Амьд хууль”, “Хил хязгааргүй хуульчид”, “Байгаль орчны төлөөх хуульчдын эвсэл”, “Лантуун дохио” зэрэг ТББ-ыг нэрлэж болно.

Нийтийн эрх ашгийн зөрчлийн эсрэг талд цөөнхийн ашиг сонирхол буюу голдуу эрх мэдэл бүхий хүчтэй бүлэглэл байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, олон нийтийн төлөө дуугардаг төрийн бус байгууллагууд тэр том бүлэглэлтэй тулдаг гэсэн үг. Хүч тэнцвэргүй тулаан байгаа биз. Энэ тулаанд тэдний гартаа барьдаг ганц зэвсэг нь хууль. “Манай хууль бол харьцангуй сайн. Гэхдээ сүүлийн үеийн хулгайн хуулиуд хэцүү. Хамгийн гол нь аль ч хуулийн хэрэгжилт нойл болсон. Бүгд даргын үгээр явдаг. Хуулийн дагуу шаардлага тавихаар хөдөлж өгдөггүй” хэмээн “Онч шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хэлсэн. Гэхдээ л үнэн ялдаг хойно тэд тууштай явсан ихэнх хэргээ нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдүүлж чаддаг нь гайхалтай.

Нээлттэй нийгэм форумаас 2020 онд явуулсан судалгаагаар төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлийг шүүх нийтийн эрх ашгийг зөрчсөн эсэхэд биш хэн буюу ямар байгууллага тухайн нэхэмжлэлийг өгсөн үзэмжээр нь шийдвэрлэх эсэхээ шийддэг байдал түгээмэл байгааг дурдсан байна лээ. Ер нь дээрх судалгаанаас нийтийн эрх ашгийг хамгаалах энэ сайн жишгийн хөгжлийг шүүхийн шатандаа буюу төрийн байгууллагын төвшиндөө гацааж байгаа нь харагдаж байсан. Нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргахыг зөвшөөрдөггүй Герман, нэхэмжлэл гаргах асуудлын хүрээ нь хэтэрхий өргөнөөс болж маргаан дагуулдаг Энэтхэг зэрэг орны дэргэд манайх энэ чиглэлд тодорхой ахиц дэвшилтэй явж байгаа ч гэлээ өнөө байгаа нийгмийн асуудалтайгаа харьцуулахад харьцангуй явцуу хүрээнд, шахалт хавчилтын байдалтай байдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан.

Н.Энхжаргал: Асар их шахалтын эсрэг тэмцэх сэтгэлзүйтэй байх нь чухал

Нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2016 оноос хойш тууштай ажиллаж байгаа ТББ-уудын нэг бол  “Амьд хууль” төв. Тус төвиийн  тэргүүн Н.Энхжаргал Баянхонгор аймагтаа байгаль орчны чиглэлээр цөөнгүй өмгөөллийн ажлын ард амжилттай гарч байжээ. Тэрээр ЕБС-иа төгсөөд нутагтаа мал маллаж байгаад, хуульч мэргэжил эзэмшин, улмаар нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дагнан ажиллах болсон нь түүний хэлснээр “дотоод дуу хоолойгоо дагасан” хэрэг байв. Үнэндээ ч өөрийн биш бусдын асуудлын төлөө сайн муу хэлүүлэн байж зүтгэнэ гэдэг дурын хүний барьж аваад хийдэг ажил биш билээ.

-Бусдын нүдээр бол хүсэмгүй энэ ажлыг та яагаад хийж эхлэх болов?

-Орхигдоод байгаа нийтийн эрх ашгийг араас хэн нэгэн явах ёстой. Тэдний нэг нь л би. Багаасаа л ядарсан нэгэнд нь тусалчих юмсан гэдэг сэтгэлтэй байсан шиг байгаа юм. Ядаж л гудамжны үзүүрт учраа олохгүй зогсоо хүнд өргөдлийг нь бичээд өгөх юмсан гэж боддог байсан. Хөдөөд уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөх явдал их. Жишээ нь малчдын үе удмаараа амьдарсан газарт өөрсдөд нь мэдэгдэлгүй газар олгох явдал байдаг. Энэ байдлаар олгосон хоёр зөвшөөрлийг шүүхэд маргаан үүсгээд явж байгаа. Нэмж хэлэхэд, Ашигт малтмалын тухай хууль хамгийн их өөрчлөлт орсон.

-Тэр хэрээр сайжирсан уу, муудсан уу?

-Би хувьдаа сайжирсан гэж хэлэхгүй. Орон нутагтай холбоотой зүйлсийг нь бүр бүдгэрүүлээд байгаа. Түүнээс гадна Баянхонгорт байдаг хэдэн уурхай бараг бүгд гаднын хөрөнгө оруулалттай болсон.

-Шахалт дарамтаас болоод шантрах үе байв уу?

-Шантрах үе гаралгүй л яахав. Зам нь цагаан юм, болох байх л гэж боддог. Асар том шахалтын эсрэг тэмцэх сэтгэлзүйтэй байхгүй бол болохгүй. 10 гаруй жил энэ ажлыг хийгээд явлаа. Одоо бол шантрах зүйл байхгүй.  Тэгээд ч орон нутгийнхан намайг мэдэх болохоор “Түүнд юу ч хэлээд нэмэргүй чигээрээ хүн” гэдэг. Гэхдээ нийгмийн эрх ашгийг хамгаалах асуудалд хуульчид л тэмцэхгүй бол өөр хүмүүс чадахгүй.

Нийтийн эрх ашгийн асуудал бол энгийндээ нийтийн сайн сайхны тухай асуудал. Тиймээс аль ч нийгэмд их бага хэмжээгээр нийтийн эрх ашиг хөндөгдсөөр байх агаад түүнийг хамгаалах шаардлага, орон зай байсаар байх билээ. Тэрхүү талбарт олон нийтийн өмнөөс туг болж зогсох “баатрууд”-ыг ч цаг үе өөрөөсөө төрүүлсээр байх нь гарцаагүй.

Д.ПҮРЭВСҮРЭН

https://youtube.com/watch?v=uCHzp0b6FRg%3Ffeature%3Doembed
https://youtube.com/watch?v=g6w4r3qb5xc%3Ffeature%3Doembed

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *