УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулна
УИХ-ын тухай хуулийн 20.1-т “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн дагуу УИХ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг маргааш хуралдуулна. Сонирхуулахад, Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ тогтоол баталсан. Уг тогтоолоор анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасан юм.