Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор гадныхны цалингаар язгуур эрх ашигтаа халдахгүй байхыг уриалъя

0

Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор гадныхны цалингаар язгуур эрх ашигтаа халдахгүй байхыг уриалъя



“Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр” тусгаар тогтнолоо тунхаглан бичсэн өдөр айсуй. Харин энэ удаад энэ түүхэн өдрийг угтаж бус далимдуулж жагсаал цуглаан зохион байгуулах сураг чимээ олон нийтийн сүлжээгээр идэвхтэй тарж эхэлсэн нь ажиглагдлаа. Сүүлдээ дансны дугаараа тавьж байгаад, жагсаалд ирэх хүмүүсээс эсэргүүцэх шалтаг, сэдвээ асууж байгаад уриалдаг болов. Ил биш далд, зохион байгуулалт нь “явган, нүцгэн” байгааг харвал хэрэв жагсаал цуглаан болбол хариуцлага хүлээх эзэн үгүй, зохиомол байх эрсдэлтэй. Хэн, хаанаас үүсгэсэн нь мэдэгдэхгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй хүмүүсийн олонлог дур зоргоороо цуглаж, хэрвээ эмх замбараагүй үйлдэл гарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амар тайван байдалд аюул учрах эрсдэлтэй. Бусад улс оронд бол “Жагсаал цуглаан хийхдээ мэдэгдэх механизм байх нь эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл” гэж үздэг. Өнгөрсөн 30 жилийн дотор бид ардчилал, эрх чөлөөгөөрөө бахархахдаа “нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагдана” гэдэг үндсэн зарчмыг ойлгоогүй л явна. Энэ нь гадныханд өгөөш болдог төдийгүй “мөнгөтэй жагсаал” гэгч зүй бус зүйл рүү бидний цөөхөн монголчуудыг чирсээр ирлээ.

Сошиал зараас харахад энэ удаад хэрэв жагсаал цуглаан болбол Засгийн газрыг огцруулах гэсэн ерөнхий сэдэвтэй байх бололтой. Энэ ерөнхий сэдэв нь юунаас үүдсэн бэ гэдэг нь ойлгомжгүй, бүрхэг байна. Жишээ нь утаанаас боллоо гэж үзэхэд жил жилийн өвлөөр бухимдуулдаг сэдэв мөн боловч үүнээс болж огцорсон Засгийн газар одоогоор үгүй.  Хэрэв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг эсэргүүцэж жагсах гэж байсан бол Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч алдагдалгүй төсөв батлахаар зориод хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх явц өрнөж байхад үүнд чиглэсэн жагсаал зарлах нь олон нийтийн дэмжлэгийг авахгүй нь тодорхой. Энд онцлоход, Ерөнхийлөгчийн энэ хориг Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасан “эв нэгдлийг илэрхийлэгч”-ийн үүргээ билүүлж, цаг үеэ мэдэрсэн шийдвэр байлаа. Учир нь бүтэн жилийн төсвийн хууль нь гурван намаас бүрдсэн Засгийн газартай, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн улс төрийн таван нам, эвслийн нийт 126 гишүүнтэй анхны парламентын, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан анхны төсөв гэдгээрээ онцлогтой. Гэсэн хэдий ч ямар ч гоё зорилготой байсан гаргасан алдаагаа засахыг хатуу сануулаад хориг тавьсан нь улс төрийн торгон мэдрэмж.

Жагсаал “сонирхож”, уриалагсад, тэднийг турхирч, цэнэглэгчдийн зүгээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоорондын харилцааг таарамжгүй байна, эвлэрэхийн аргагүй эвдрэлцэж, үзэн ядалцах болсон мэтээр аман зохиол мэт цуу яриа тараах, үүндээ олон нийтийг төөрөлдүүлж итгүүлэх, зохиомол нөхцөл байдал үүсгэхийг хичээж буй ч угаас тийм зүйл байгаагүй учраас одоогоор олигтой баримт нотолгоогүй, дэмий яриа уриалгад нь олон нийт итгэхгүй байна. Хэрэв тэдний зохиосон үлгэр, ятгалгад нийт сошиал хэрэглэгчдийн 5 хүртэл хувь итгэхэд цааш улам түгээгдэх, нийт иргэдийн 20 хувь итгэсэн бол зогсоохын аргагүйгээр “талбай дээр” гарна гэсэн тооцоолол онолын хувьд тогтоогдсон байдаг. Гэтэл санхүүжилт тарааж эхэлсэн болов уу гэж хардахуйц хэмжээнд ямар нэг сэдэв гаргаж чулуудан “тэвчээр барагдлаа” гэцгээх боловч эзэнгүй, сэдэвгүйдээд байгаа бололтой дүр зураг харагдаж байна.

Ямартай ч тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн 100 жилийн ойн өдөр монголчууд бид тусгаар тогтнол, эв нэгдэл, ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийн талаар юу сурсан, мэдсэн, эзэмшсэнээрээ НҮБ-ын өмнө шалгалт өгөх хэмжээнд хэдийнэ очсон. Ийм нөхцөлд хэсэг бүлэг хагалан бутаргагчийн үндэслэлгүй шалтгаар жагсахгүй байх нь харин ч тулгамдсан нөхцөл байдалд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж тэмцэхэд хүрвэл жагсаал цуглааныг үнэгүйдүүлнэ. Энэ тохиолдолд эрх чөлөөгөө эдлэх эрхтэй ард иргэд л хохирно. Зөв зохион байгуулалттай, зөв жагсаал хэрхэн олон нийтийг хамруулдаг, ямар үр дүнд хүрдгийг “Ажлаа хий” жагсаал харуулсан. Тиймээс Тусгаар тогтнолынхоо 100 жилийн баяраар төлбөртэй жагсаж тоглон эрхээ хөсөрдүүлэхгүй байх. Монголын төр цаг нь болсон, нөхцөл нь бүрдсэн бол жагсаал цуглаанд харин ч ээлтэй, ардчиллын уламжлалтайгаараа онцлогтой. Харин тэр нөхцөл бүрдээгүй байхад хутган үймүүлэгчид, элдэв зохион байгуулагч бүлэглэлүүд, ТББ-уудын сүлжээ, улстөрчидтэй хийдэг нууц уулзалтуудад хяналт тавих талаараа ч бусад улс орныхоос дутахгүй туршлагатай гэгддэг юм билээ.
Эцэст нь хэлэхэд Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоороо гаднын гар хөлүүдийн явуулга, хатгалга, өчүүхэн “цалин”-гаар” үндэснийхээ язгуур эрх ашигт халдахгүй байсан гэдэгт харин уриалъя

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *