МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг авлигын хэргээр цагдан хорилоо
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Т.Дүүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж шүүхээс гаргажээ.
МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах юм. Тэгвэл тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өчигдөр /2024.11.27/-нд саатуулсан байна. Тэрбээр, хамгийн сүүлд “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж цахим хуудастаа оруулсан байна.
Т.Дүүрэнгийн хувьд өнгөрсөн онд болсон сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч, эцсийн мөчид нэрээ татсан байдаг. 1999 онд Энэтхэг улсын Делигийн Их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон.
Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй талаараа “Нөхөн сонгууль богино хугацаатай. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улстөрд орох гишгүүр биш. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид Коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй” хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль зарлагдсан даруйд Т.Дүүрэнг “МҮХАҮТ-ын дансан дахь 5 сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгочихсон” гэх мэдээлэл цахим орчинд болрон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм.