Азербайжан улсын Ерөнхийлөгч ойрын хугацаанд Монголд айлчилна
Ойрын хугацаанд Азербайжан улсаас Монгол Улсад өндөр, дээд хэмжээний айлчлал хийх төлөвтэй байна гэж Монгол Улсаас Азербайжан улсад суугаа Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр мэдэгдлээ.
БНМАУ-ыг тунхаглаж, анхны Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Турк улсын нийслэл Анкара хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ-нд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд дипломатч үг хэлэхдээ Монгол, Азербайжаны найрамдал, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрч байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол-Азербайжаны харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо гэж azerbaycan24 агентлаг мэдээллээ.
Элчин сайд дээрх арга хэмжээний үеэр “Report”-д хийсэн онцгой мэдэгдэлдээ, саяхан Баку хотноо болсон COP29 уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев нарын уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар өргөн хүрээнд ярилцсаныг дурдсан байна.
Мөн тэрбээр “Дээрх үйл явдалтай холбоотойгоор хоёр улсын Ерөнхийлөгч нар ойрын хугацаанд өндөр дээд хэмжээний айлчлал зохион байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон. Тэрбээр 2018 онд Монгол Улсаас Азербайжанд өндөр, дээд хэмжээний айлчлал хийсэн бол энэ удаад Азербайжанаас Монгол Улсад ийм айлчлал хийх төлөвтэй байна” гэжээ.