Чой Жин Вон: Солонгосын визний шалгах хугацааг богиносгосон
Солонгосын виз мэдүүлэхэд материалыг нь 60-70 хоног шалгадаг байсан. Тэгвэл виз шалгах хугацааг 20-30 хоног болгож, богиносгосон талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон хэллээ.Тэрээр Монгол Улсад хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа юм байна. Ажлаа аваад виз шалгах хугацааг богиносгох тал дээр анхааран ажиллаж байгаагаа хэллээ.Тэрээр “Элчин сайдаар томилогдсоныхоо дараа миний хамгийн их ач холбогдол өгч анхааран ажиллаж байгаа салбар бол иргэд хоорондын харилцаа. Тиймээс бид энэ асуудлаар Монголын талын холбогдох байгууллагынхантай уулзаж байгаа. Мөн Элчин сайдын яамны зүгээс ямар ажил хийх ёстой вэ гэдгийг судлан ажиллаж байна. Тэр дундаа виз мэдүүлээд Солонгос улс руу зорчихыг хүсэж байгаа монгол иргэд 60-70 хоног хүлээж хариугаа авдаг бэрхшээлтэй байсан. Хариугаа хүлээж байгаа иргэд урт хугацаанд манай Элчин сайдын яаманд гадаад паспортоо үлдээгээд, ашиглаж чаддаггүй байсан. Тиймээс манай Элчин сайдын яам визийг шалгаад олгох хугацааг богиносгож 20-30 хоног болгосон. Паспортоо удаан хугацаанд өгөөд ашиглаж чадахгүй байна гэсэн гомдол буурах байх гэж найдаж байна.Мөн Монгол Улсын Элчин сайдын яам, БНСУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг өрнүүлж байгаа. Энэ аян нь “Та улс орноор зорчих үедээ тухайн улс орныхоо хууль журмыг чандлан сахих, соёлыг хүндэтгэн аялж иргэн ирснээр хоёр улсын хамтын ажиллагааг улам өрнүүлэх боломжийг олгоно” гэсэн ойлголтыг өгөх зорилготой. Цаашдаа манай Элчин сайдын яам монгол иргэд яавал Солонгост хөнгөвчилсөн нөхцөлөөр, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх вэ гэдэг талд анхаарал хандуулан ажиллах болно” гэлээ.