БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЦӨЛМӨГСӨД ЛАБОРАТОРИУДТАЙ ХУЙВАЛДАЖ, АШИГТ МАЛТМАЛЫН СОРЬЦЫГ ЗОРИУДААР БАГАСГАЖ, ХИЛИЙН ЦААНА ХЭДЭН ЗУУН ИХ НАЯДЫН МӨНГӨ УГААЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРӨӨР…

0

Хамгийн өндөр агуулгатай, байгалийн сор болсон уул уурхайн бүтээгдэхүүнүүд Гашуун сухайт-Ганц мод, Замын-Үүд-Эрээний боомтоор тонн тонноороо, машин машинаараа тасралтгүй гарч байна. Тус боомтуудаар манай улсын баялаг ямар ч хараа хяналтгүй их хэмжээгээр гардаг гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг цөлмөж ханадаггүй улстөрчид болон уул уурхайн бизнес эрхлэгчдийн луйвар улам бүр нарийсч, лабораторийн аргаар хулгай хийдэг  болжээ. Тухайлбал, төрийн болон хувийн хэвшлийн уурхайнууд ашигт малтмалын дээж шинжилдэг хувийн лабораториудтай хуйвалдаж, алт, мөнгө, зэс, жонш, төмрийн хүдэрийн агууламжийг зориудаар багасган дарж, татвар төлөхөөс зугтдаг байна. Мөн үндсэн элементүүдийг олон төрлийн газрын ховор металлиуд дагалдаж байдаг. Гэтэл уул уурхайн компанийн эзэд хувийн лабораториудтай хуйвалдаж, дагалдах элементүүдийг шинжлэхгүй хилээр гаргаж, хилийн цаана хэдэн зуун их наядын мөнгө угаах арга зохиодог маш ноцтой гэмт хэргийн сэжүүрийг Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах баг та бүхэнд хүргэж байна.

    Гашуунсухайт-Ганц модны боомтоор “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон хувийн өмчит томоохон компаниудаас гадна “Оюу толгой” ХХК зэсээ зөөдөг. Харин “Оюу толгой”-гоос бусад төрийн болон хувийн өмчит компанийнхан буюу “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Монголросцветмет” ТӨҮГ –ынхан уул уурхайн бүтээгдэхүүнээ Замын-Үүд-Эрээний боомтоор вагонаар зөөж гаргадаг байна.

    Харин Ганц модны боомтод эрдэс баялаг болон нүүрс буулгах 6-7 гаалийн хашаа байдаг. Бид Ганц модны боомтод богины тээврийн жолоочийг гуйж, машинд нь суугаад Хятад дахь нэгэн гаалийн хашаанд нэвтэрсэн юм. Энэхүү боомтоор өдөрт 800-1000 машин нүүрс тээвэрлэж авчирдаг байна. Нүүрсний компаниуд гэрээний дагуу чингэлэгтэй нүүрсээ буулгадаг аж. Харин “Оюу толгой”-н зэсийн баяжмал зөвхөн “Энержи ресурс” ХХК-ийн хоёр давхар гаалийн хашаанд шуудай шуудайгаараа дүүрэн өрөөтэй байлаа. Тэднийг хааш нь, яаж зөөдөг талаар богины тээврийн жолоочоос асуухад “Наад хашаанд чинь “Оюу толгой”-н зэсийн баяжмалаас гадна олон төрлийн дагалдах элемент байгаа. Тэднийг чингэлэгтэй нүүрс шиг шуудайтай нь өргөөд том машин дээр аччихдаг юм. Чухам хааш нь зөөдөгийг бид мэдэхгүй. Жолооч нар нь бараг бидэнтэй таардаггүй. Тэд бидэнтэй адил хэдий хэмжээний ямар агуулгатай баялаг зөөж байгаагаа мэддэггүй байх. Хэрвээ тэдний компанийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан нэг машин нь осолдох юм бол төрийн хамгаалалт гарчихсан юм шиг цагдаа нар ослын газрыг нь бүсэлчихдэг юм билээ. Мөн жолооч нар нь машиндаа камертай явдаг гэсэн. “Оюу толгой”-нхон зэс, алтыг өдөр бүр шуудай шуудайгаар нь гаргаж байгаа мөртлөө бараг л ихэнх нь шороо, цемент гэх ухааны юм ярьдаг гэсэн” гэв.

    Бидний сууж явсан автомашины жолооч гаалийн хашаанд нүүрсээ буулгахаар ороход хятадууд Монголоос очсон шинэхэн бүтээгдэхүүнийг даруйхан орон нутаг руугаа татахын тулд хураалттай байсан чингэлэгтэй нүүрсийг тал тал тийш нь зөөж, ачиж, шоргоолжноос дутахааргүй язганалдаж байв. Зарим нь задгай нүүрс ачиж, тэр хавиар хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болтол нь хар тоос манаргана. Тэндээс л агуулгыг нь дарж, хямд үнээр гаргасан уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн өндөр үнээр зарж, бүр дагалдах элементүүдийг нь төрөл төрлөөр нь ангилж, ашгаа хүртдэг байна. Байгалийн баялгаа хилээр гаргаж л байвал болно гэж үздэг компанийн эзэд хятадуудтай худалдах, худалдан авах гэрээ хийхдээ үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй зөвхөн цаасан дээрх нэр төдий компанитай гэрээ хийж баялгаа хилээр гаргачихаад, хилийн цаана буухад нь жинхэнэ компани руугаа нийлүүлдэг гэнэ. Жишээ нь, “Оюу толгой” ХХК гэхэд зэсийн баяжмал гэх ерөнхий нэрээр 21 төрлийн дагалдах элементийг ямар ч татваргүй хил гаргадаг ноцтой асуудал өнгөрсөн жилүүдэд яригдаж байсан ч тэгсхийгээд намжаасаар ирсэн билээ. 

    Харин хэдий хэмжээний баялаг хилээр гаргачихаад буцаж яваагаа мэдэхгүй монгол жолооч нар ачаагаа хурдан өгчихөөд хоосон чингэлгээ аваад адууны хашаанд очиж буцаж хилээр орохоор дугаарладаг байна. Хятадад өдийд нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн эд эрэлттэй басхүү үнэтэй байгаа учир уртын болон богины тээврийн жолооч нар борви бохисхийх завгүй зүтгэж,  урдах, хойдох замаа харж байгаа юм уу, үгүй юү гэмээр яарцгааж, тэр хэдэн хашаа үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг л үймсэн ажилчдын хөлд дараатай байна. Өөрөөр хэлбэл, Монголын баялгийг өнгөтэй, өөдтэйгээр нь хувааж, ангилах гэсэн хятадууд хилийн цаахна ийнхүү язганалдаж байна. 

УРТЫН ТЭЭВРИЙН  ЖОЛООЧ Д.ЦЭВЭГЖАВ: БИД БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙГУУЛЧИХ ХЭМЖЭЭНИЙ БАЯЛГАА ХЯТАД РУУ ЗӨӨЖ БАЙНА

     Харин тэр олон үймсэн жолооч, уртаас урт дараалал үүсгэсэн машинуудын баруун тал хоёр, машин эгнүүлээд байршуулчихсан жолооч нар нь түр амрах зуураа автомашиныхаа дугуйг засаж байлаа. Тэднийг нэг болох Д.Цэвэгжав 10-аад жил нүүрс зөөж байгаа гэнэ. Түүнээс “Та олон жил байгалийн баялгаа зөөж байгаа юм байна. Иргэн хүний хувьд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ” гэхэд “Гашуун сухайт-Ганц модны боомтоор “Оюу толгой”- ХХК-ийнхан Монголын хамаг сайхан баялгийг хилээр гаргаж байгаа. Тэдний гаргаж байгаа бүтээгдэхүүнийг нүүрстэй харьцуулах юм биш. Тийм болохоор бид иргэн хүний хувьд ямар хэмжээний, ямар уул уурхайн бүтээгдэхүүн хилээр гарч байгааг мэдмээр байдаг. Хэдэн хувийн агууламжтай, ямар бүтээгдэхүүн улсын хилээр гаргаж байгааг гэнэтийн шалгалт хийж үзмээр санагддаг. Тэдний замаар андуураад явчих юм бол 1.5 сая төгрөгийн торгууль төлдөг. Манай улсад ашигт малтмалын дээш шинжилдэг лаборатори байсан ч үнэн зөвөөр нь шинжлэх сэтгэлтэй хүн байхгүй. Хэрвээ Монголын хилээр гарч байгаа байгалийн баялгийг нарийвчлан шинжилбэл алт, зэснээс гадна олон төрлийн газрын ховор элемент хэчнээн төрлөөрөө байдаг гэж сонссон. Улсын хилээр гаргаж байгаа нүүрсээ далайд хийхэд эх газар, бүр улс байгуулчихаар баялгийг бид зөөж байна.  Тэгэхэд бидэнд олдож байгаа ашиг гэж худалч хүнд алга. Гэсэн ч амьдрахын эрхэнд баялгаа өдөр, шөнөгүй зөөлцөж байна. Жолооч нар бүгд л хэдэн төгрөг олохын төлөө, амьдрахын эрхэнд баялгаа зөөгөөд байж байна. Монголын баялаг Хятад руу урсаж байгааг харахаар, бодохоор өр өмөрдөг. Биднийг хөлсөлж зөөлгөж байгаа хүмүүст бас их учир байна. Тэдэнд эх орноо, баялгаа, ард түмнээ гэх сэтгэл алга. Энэхэн зууртаа ахиу мөнгө олж, хувиа борлуулах л хүсэл их байна” гэлээ.

БОГИНЫ ТЭЭВРИЙН ЖОЛООЧ Р: “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЭРДЭС БАЯЛГИЙГ “ЭНЕРЖИ РЕСУРС”-ИЙН ТАЛБАЙД БУУЛГАДАГ

        Харин богины тээврийн жолооч Р “Оюу толгой”-н эрдэс баялгийг Ганц модны “Энержи ресурс”-ийн талбайд буулгадаг. Биднийг гаалийн талбайд очиход хятад талаас өвөр монгол хөтөчүүд зохион байгуулж, тосож авдаг. Бид заримдаа буулгах газраа мэддэг учир өөрдсөө буулгачихдаг. Одоогоор би хэдий хэмжээний илчлэгтэй ямар нүүрс тээвэрлэж яваагаа мэддэггүй. Нарийн мэдээллийг жолооч нарт өгдөггүй. Бидэнд хилээр гарч буй жингийн баримт байдаг” гэсэн юм. Гашуунсухайт-Ганц мод боомтын таван эгнээ замаар Монголын баялаг гардаг юм байна.

ГААЛИЙНХАН БОЛОН ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙНХОН ХЯТАДЫН КОМПАНИТАЙ НИЙЛЖ, УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙВ

     Салхитын мөнгөний ордыг төрийн өмчид авч “Эрдэнэс силверс ресурс” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө тус ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” ХХК олборлолт явуулж байв. Тэгвэл 2016 онд “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд нь Геологийн төв лабораторийн удирдлагуудтай хуйвалдаж, Салхитын ордоос олборлосон баяжмалын мөнгөний агууламжийг зориудаар дарж, хуурамч шинжилгээний бичгээр хил гаргаж байсан нь ил болж багагүй дуулиан дэгдээж байв. Тодруулбал, Салхитын ордын нэг тонн баяжмал нь 2015 онд дунджаар 1400 грамм мөнгөний агууламж байдаг байсан. Гэтэл “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд 2016 оноос Геологийн төв лабораториос “Нэг тонн нь 425 грамм агууламжтай” гэсэн хуурамч шинжилгээний хариу гаргуулан хил давуулж байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг. Шалтгаан нь, “Жи Пи Эф” ХХК-ийнхан 425 грамм мөнгөний агууламжтай баяжмал хил гаргах нь 1400 грамм агууламжтай баяжмал гаргахаас гурав дахин бага татвар төлөх учраас дээрх луйврыг хийсэн байдаг. Харин улсын хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний дээжийг хэрхэн шинжилдэг, ямар хяналт тавьдаг талаар ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэдээс тодрууллаа.

ГЕГ-ЫН ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ДАРГА С.ЦЭРЭНЧИМЭД: УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БАЯЛГИЙНХАА АГУУЛАМЖИЙГ ДАРЧИХААД ГЭРЭЭНДЭЭ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛДАГ АСУУДЛЫГ ЗОГСООМООР БАЙНА

    Тэрбээр “Манай уул уурхайн бүтээгдэхүүний лот бүрээс дээж авдаг. Тухайлбал, 640 тонн буюу 320 шуудай нь нэг лот болно гэсэн үг. 160 шуудай буюу хоёр шуудай тутмын нэгнийх нь дээжийг шинжилдэг. Тухайлбал, “Оюу толгой”-н зэсийн баяжмалаас гадна 19 дагалдах элементийг шинжилж байгаа. 2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд дагалдах есөн элементийг шинжилж байсан. Харин одоо 15 элементийг үзэж байгаа. 200 тонн овоолгоос дээш шинжилнэ гэж бодоход, 10-15 килограмм дээж ирнэ. Энэ нь 200 тонн овоолгыг төлөөлж чадах уу гэдэг асуудалтай. Тиймээс тухайн уул уурхайн компанийн явц дундын шалгалтыг өдөр тутамд хийж, лабораторийнх нь үр дүнг хянадаг. Сүүлийн үед компаниуд гэрээнд заасан агуулгаа бууруулчихаад гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулчихдаг. Гэрээндээ 62-той хүдэр нийлүүлнэ гэснээ 55-58 хувийн агуулгатай дээш авчирчихаад гэрээгээ дураараа өөрчилж байгаа. Үүнийг зогсоох ёстой. Дээжээ зөв авч чадахгүй бол манайхаас тусгай баг гарч 2-3 удаа шинжилгээ авдаг. Бүр болохгүй бол ТЭЗҮ-дээ өөрчлөлт оруул гэдэг шаардлага тавьдаг. Манайх уул уурхайн бүтээгдэхүүний үндсэн элементүүдээ өөрсдөө шинжилж, дагалдах элементүүдийг хувийн лабораториудаар шинжлүүлдэг” гэв.

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ХИМИЧ АСАН Л.ЦЭВЭЛ: АЛТ, ЗЭС, ЖОНШНЫ АГУУЛГА ДАРЖ, АШГИЙГ НЬ ХУВААНА ГЭДЭГ АЙМШИГТАЙ ЛУЙВАР

    Социализмын үед уул уурхайн бүтээгдэхүүний агуулга дардаг асуудал байсан эсэх талаар ахмад химич Л.Цэвэлээс тодруулсан юм. Тэрбээр “Манай улс хамгийн сайн коксжсон нүүрсээ чулуун нүүрсний үнэлгээгээр гаргаж байгаад харамсдаг. Намайг ажиллаж байх үед манайд улсад жоншны үйлдвэр “мода”-нд орж байлаа. Жоншны үйлдвэрийн хамгийн чухал бүтээгдэхүүн нь цахиур байсан. Мөн алт, зэс, гуулийг улстөрчид буюу уул уурхайн салбарын томчуудын анхааралдаа оруулсан. Тухайн үед уул уурхайн бүтээгдэхүүний агуулгыг дардаг тухай яригддаг байлаа. Жишээлбэл, таван хувийн агуулгатай бүтээгдэхүүнийг хоёр хувийн агуулгатай болгоно гэдэг аймшигтай луйвар болж байгаа юм. Дундаас нь гарсан гурван хувийн агуулгын ашгийг уул уурхайн компанийн эзэн бүтээгдэхүүн худалдан авч буй хятадтайгаа хувааж авдаг гэсэн үг. Одоо улсын лаборатори нь хувь хүний эрх мэдэлд, уул уурхай бүтээгдэхүүн худалдан авч буй, гэрээ хийж байгаа хүмүүс бүгд хувийн сонирхолтой болсон. Тухайн үед нүүрсийг одоогийнх шиг сонирхдоггүй байсан” гэв.

   Уул уурхайн салбарын хувьд хамгийн чухал нь бүтээгдэхүүний дээж шинжлэх байдаг. Тухайлбал, нүүрсний шинжилгээ хийхэд төрөл, чанар, нөөцийг шинжилгээгээр тооцоолж гаргадаг. Уул уурхайн ордууд бүх хэсгээсээ дээж авч лабораторид шинжлүүлэх ёстой. Тэгж байж зөв дээж гардаг байна.

АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР Н: “БАЙГАЛИЙН БАЯЛГАА ТӨРӨЛ ТӨРЛӨӨР НЬ АНГИЛЖ, ГАРГАХ ТЕХНОЛОГИ МАНАЙД БАЙХГҮЙ”

Ашигт малтмалыг хэрхэн баяжуулдаг талаар баяжуулалтын инженерээс тодруулахад “Манайд байгалийн баялгийн дагалдах элементүүдийг шалгадаг лаборатори байдаг. Харин тэднийг салгадаг технологи байхгүй. Тухайлбал, “Оюу толгой” ХХК-ийн зэсийн баяжмалд заавал ч үгүй алт дагалдаж байдаг. Алтыг тусад нь гаргахын тул зэс хайлуулах үйлдвэртэй байх шаардлагатай” гэсэн юм.

ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР 1162 ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ, 63.8 САЯ ТОНН НҮҮРС УЛСЫН ХИЛЭЭР ГАРЧЭЭ

2023 онд улсын хилээр 69.6 сая тонн нүүрс гарсан бол  2024 оны аравдугаар сарын 15-ны байдлаар 63.8 сая тонн нүүрс гарчээ. Харин 2023 онд нэг сая 525 мянган тонн зэсийн баяжмал гаргасан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1162 мянган тонн зэс гаргасан байгаа нь өмнөх онтой харьцуулахад 5.4 хувиар өсчээ. 2023 онд зэсийн баяжмалын 476 дээжийг шинжилгээнд хамруулсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 1067 дээж шинэжилсэн байна. Үүнээс 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 73 дээж өгч байсан бол 2024 оны гуравдугаар улиралд 71 дээж өгсөн байна. Харин “Оюу толгой” ХХК 403 дээж өгч байсан бол мөн оны гуравдугаар улиралд 997 дээж өгч, 2.5 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалыг Монголын хоёр том үйлдвэр буюу “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гаргаж байгаа юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн орчим зэсийн баяжмал, гурван мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна.

Харин Геологийн төв лаборатори хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт тавих ёстой байдаг. Монгол Улсын байгалийн баялгийн 94 хувь Хятад руу гаргаж байна. Уг нь, Улсын хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд Гаалийн төв лаборатори болон Геологийн төв лаборатори бүрэн хяналт тавьж байх ёстой. Энэ талаар Геологийн төв лабораторийн ерөнхий инженер Т.Бүжинлхамаас тодруулахад “Манайх эрдэс баялгийн дээж хэрхэн шинжилдэг талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. 

              Монголын уул уурхайн компаниудын гаргаж буй зэс, алт, мөнгөний баяжмалыг дагаад асар их хэмжээний байгалийн баялаг хувийн хэдхэн лабораторийн хуурамч дүгнэлтээр хараа хяналтгүй, ямар ч татваргүйгээр гадагшаа гарсаар байна. Байгалийн баялагт эзэн суучихсан томоохон бүлэглэлийнхэн уул уурхайн баялагийн дээжний шинжилгээн дээр тоглолт хийгээд сурчихсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хамаг алт, зэсийг үүцэндээ хураачихаад лабораториудад шороо авчирч шинжлүүлээд эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлээд  байдгийн цаад учирыг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Үргэлжлэл бий. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *