“Атар” талхны үйлдвэрийн үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ
“Талх чихэр” ХХК 1984 онд байгуулагдсанаас хойш нийслэлчүүдийн хэрэгцээнд “Атар“ брэндийн талхаа нийлүүлж байна. Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх хүнсний дэлгүүрийн худалдагч өнөөдөр /2024.11.28/ “Талх чихэр” компанийн талхны үнэ нэмэгдсэн гэв.
Талхны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг тус компаниас тодруулахад, “Атар талхныхаа үйлдвэрийн үнийг 100 төгрөгөөр нэмж, 2400 төгрөг болгосон” гэлээ.
Нийслэлийн статистикийн газраас 2024 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байрладаг иргэд олноор үйлчлүүлдэг 13 хүнсний зах, худалдааны төв, супермаркетад хийсэн 21 нэр төрлийн 32 хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн ажиглалт хийжээ. Уг ажиглалтаар 2024 оны 11-р сарын дөрөв дэх долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 нэрийн барааны үнэ (62.5%) тогтвортой, долоон нэрийн барааны үнэ (21.8%) өссөн, таван нэрийн барааны үнэ (15.7%) буурсан байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2360-2530 төгрөгийн үнэтэй байв. “Е март” худалдааны төвд “Атар” талх хамгийн хямд буюу 2360 төгрөгөөр, харин “Cансар” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байв гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.