Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг Шанхай хотноо тэмдэглэн өнгөрүүлэв
Бүгд Найрамдах Улс тунхаглан, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой, Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Тус арга хэмжээнд гадаад улсаас Шанхай хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон консулын тойрогт суралцаж, ажиллаж амьдарч буй монгол иргэд, суугаа орны аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 260 гаруй зочид хүрэлцэн ирж оролцов.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболд, Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Дорждэрэмийн Болд нар үг хэлсэн бөгөөд манай улс анхны Үндсэн хуулиар олон зуун жилийн түүхтэй хаант засаглал, хамжлагат ёсыг халж, XX зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт байгуулал буюу Бүгд Найрамдах тогтолцоонд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсныг онцолж, Үндсэн хууль нь улс орон, ард түмний язгуур эрх ашиг, нийтлэг хүсэл зориг, нэгдмэл үзэл санааны цогц илэрхийлэл байдаг тул эх хуулиа чанд мөрдөхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Мөн энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар 2019 оны 11 дүгээр сард албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлсний 5 жилийн ойг тэмдэглэж, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улаанбаатар Театрын уран бүтээлчид үндэсний болон сонгодог тоглолт толилуулав.