Дэд сайдтай болохын тулд “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хүчингүй болгох үүрэг Л.Гантөмөрт ирсэн тул тэрээр “хойш суужээ”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоодугаар сар /2024.07/-д хамтарсан Засгийн газрын бүтцээ танилцуулахдаа “Дэд сайдын орон тоо байхгүйгээр үйл ажиллагаагаа явуулна” гэдгээ мэдэгдсэн. Харин хамтарсан Засгийн газарт орсон АН-ын зүгээс дэд сайдын орон тоог цомхотгохгүй байх саналыг тавьснаар тэд зөвшилцөж эхэлсэн байдаг.
Үүний тулд нэн тэрүүнд “Төрийн хэмнэлтий тухай” хуулийг хүчингүй болгох шаардлагатай. Энэхүү хуулийн төсөл Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дээр зангигдаж байгаа юм.
Харин хүчингүй болгоно гэж буй “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийн 5.4-д “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж заажээ.
Мөн хуулийн 6.1-д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэжээ.
Эдгээр заалтыг бүгдийг “Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль”-нд “хориглохгүй” болгосноор “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд”, дэд дарга нарын саадгүй ажиллах замыг засч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэд сайдтай байхыг хуулиар нээж, тэднийг эрх мэдэл, унаа тэрэг, өрөө тасалгаатай болгох хуулийг “Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль”-иар зохицуулна гэсэн үг.
Тэгвэл Улс 2025 оны төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж, төсвийг дахин хэлэлцэхээр болсон. Мөн дэд сайдтай болохын тулд “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хүчингүй төслийг УИХ-д өргөн барих үүрэг Л.Гантөмөрт ирсэн тул “тэрбээр цааргалж, асуудлыг хойш тавих болсон” байна.
Товчхондоо, “ойрын хугацаанд яамдууд дэд сайдтай болно” гэж байсан асуудал Ерөнхийлөгчийн хориг болоод Л.Гантөмөрөөс болж хойшилж байгаа гэсэн үг. Сонирхуулахад, Дэд сайд бол сонгуульд нэр дэвшээгүй, нэр дэвшээд ялагдсан намын нөхдөө албан тушаалд тавихын тулд бодож олсон мест. Гэтэл АН-ынхан “Дэд сайдтай болъё, албан тушаалынх нь нэрийг өөрчилж байгаад томилъё” гэж Ерөнхий сайдтай тохирч, улс төр дэхь бүх тохироог өөрсдөө гардан хийж байгаа гэх мэдээлэл өмнө нь гарч байв.
Улмаар “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд” гэсэн албан тушаалыг бий болгох бөгөөд ингэсэн тохиолдолд Боловсролын сайд П.Наранбаяр нэг орлогч сайдтай байх бол Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Иргэний нисэх хариуцсан орлогч сайд, Зам тээвэр хариуцсан орлогч сайд гээд чиглэл тус бүрийг эрхэлсэн сайдтай байх хувилбарыг ярьж байгаа. Энэ хувилбараар явсан тохиолдолд Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай болох юм.