Б.Дэлгэрсайхан: Хил холболтын төмөр зам барих өртөг 979 тэрбум

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болсны тэргүүн ээлжинд хил холболтын төмөр замыг барьж байгуулах асуудал багтсан. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Хил холболтын төмөр замыг БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компани гүйцэтгэхээр ярилцсан. УИХ-дахь намын бүлгүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээллийг өгөөд буй. Тэгвэл хил холболтын төмөр замын асуудлаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дараах тайлбар хийлээ.
-Ганц мод-Гашуун сухайтын хил дамнасан төмөр замыг Хятадын төрийн өмчит компаниар бариулах асуудал яригдах боллоо. Нийтдээ хэдэн км төмөр замыг бариулах гээд байна вэ. Нарийн, өргөн төмөр зам баригдана гэсэн үг үү?
-Ганц мод- Гашуун сухайтын хил холболтын төмөр замын тухайд цаанаасаа нарийн царигтай төмөр зам 300 метрийн зайд байгаа, манайх бол хилээс 10 км зайд байгаа. Үндсэндээ 10.3 метр замын байгууламжийг нэг компаниар хамтад нь хийлгэе гэдэг зарчим дээр тохирсон. Манайх ийм том байгууламжийг өөрсдөө хийх боломжгүй, хүндрэлтэй байгууламж.
Энэ гүүрэн байгууламжийг хийснээр нарийн, өргөн хоёр замтай байна. Өргөн зам нь урагшаа гараад Хятад талдаа ачиж буулгах шилжүүлэн ачих терминаль дээр очно. Шилжүүлэн ачна. Хөмрөөд буулгачихна.
Манай руу орж ирсэн нарийн царигийн вагоныг бид нар ачиж өгөх үүрэгтэй, тийм байгууламжтай байна. Зэрэг ачигдаад гарна гэсэн үг.
Урд хөрш рүү бид аль болохоор илүү их галт тэрэг гаргахыг хүсч байгаа. Урд хөрш нарийн цаиргаар илүү олон флатформ оруулж ирвэл одоогийн гаргаж байгаа шиг чингэлэгтэй нь авч ирээд тавиад өгчихнө. Ийм байгууламж хоёр талдаа байх юм.
-Гүүрэн байгууламжийг барихад төсөвт өртөг нь хэд байх бол?
-979 тэрбум төгрөг болно. Өнөөдрийн долларын ханшаар бол 280 сая орчим ам.доллар.
Тооцоо хийж үзсэн, ийм үнэ цэнэ гарах юм билээ. Аудитын үнэлгээ байна. Хятадын тал тооцоо судалгаа бүх юмаа үзүүлсэн.
Бид ч энэдээ холбогдох газруудаар үзүүлж, хянуулж, тооцоо судалгаа хийлгэж байна.
-Хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ. Мөн хил холболтын гүүрэн байгууламж баригдах нь ямар ач холбогдолтой юм?
-Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эхний төсөл нь төмөр замын холболт юм. Энэ төсөл эхэлж явахгүй бол бид нарын бусад төсөл маш хүнд, ний нуугүй хэлэхэд. Энэ бол ганц боомтын төмөр зам холбох асуудал биш шүү дээ.
Том зургаараа аль болохоор олон төмөр замаар холболт хийж байж, энэ улс орон хөгжинө. 10, 20 жилээр төлөвлөж, 30, 40 сая тоннын гэрээ хийж байж төсөл явна. Одоогийн компаниуд шиг явах боломжгүй. Олон улсын жишигт шилжихгүй бол ганзагын наймаачид шиг жаахан, жаахан нүүрс зарвал ирээдүй байхгүй гэсэн үг.