“Уур амьсгалын тайлагнал ба ногоон хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт сургалт, санал авах хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “ТОС форум-2024” уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги, ногоон хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох чухал арга хэмжээ болж өндөрлөлөө. Форумын эхний өдөр буюу 11 дүгээр сарын 27-нд “Уур амьсгалын тайлагнал ба ногоон хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт сургалт, санал авах хэлэлцүүлгийг Монголбанк болон ТОС Холбоо хамтран зохион байгууллаа. Уг сургалтын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад Олон улсын тогтвортой байдлын стандартын зөвлөлийн (ISSB) шинэчилсэн S1, S2 стандартыг нэвтрүүлэхэд уур амьсгалын ил тод байдлын тайлагналын удирдамжийг Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран Монголбанк боловсруулж, танилцуулав. Энэхүү стандартыг нутагшуулах хүрээнд санхүүгийн байгууллагуудад зориулсан шаталсан арга зүй, сайн дурын удирдамжийг боловсруулж, тоон мэдээлэл цуглуулах практик хэрэгслүүдийг олон нийтэд танилцууллаа.
Ур арга хэмжээний үеэр танилцуулсан санхүүжүүлсэн хүлэмжийн хийн ялгарлын тооцоолуур болон уур амьсгалын тайлагналын дата бүрдүүлэх хэрэгслүүдийг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татлаа. Эдгээр хэрэгсэл нь санхүүгийн байгууллагуудын ногоон хөрөнгө оруулалтыг хурдасгах чухал ач холбогдолтой болохыг олон улсын экспертүүд онцлон тайлбарласан юм. “Уур амьсгалын ил тод байдлын тайлагнал” нь ногоон санхүүжилтийн итгэлцлийг нэмэгдүүлж, ногоон угаалтаас сэргийлэх чухал хэрэгсэл болохыг онцоллоо. Форумын үеэр олон улсын шилдэг туршлага, бодит хэрэгжилтийн шийдлүүдийг хуваалцаж, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг өргөжүүлэхэд түлхэц өгөх шийдлүүдийг хэлэлцсэн нь арга хэмжээний гол үр дүн байв.