Ч.Өнөрбаяр: Дөрвөн яамны ажлын тайлан л шаардлага хангасан, бусад нь хангаагүй
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:
-Нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн тайлангаа одоогоор 16 яам ирүүлээд байна. Эндээс дөрвөн яам л ажлаа ойлгож, тайлан мэдээллээ зөв ирүүлсэн байна. Сангийн яам, Спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам дөрөв нь нийгэм эдийн засгийн үзүүлэлттэйгээ уялдуулж, шалгуур үзүүлэлтээ гаргаад тайлангаа ирүүлсэн байна.
Бусад яамдын хувьд Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан маягаар, хийж буй ажлын тайлангаа ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй тайлангаа уялдуулж, тайлангаа ирүүлээгүй гэсэн үг. Энэ талаар албаны хүмүүсийг нь ирэх долоо хоногт дуудаж тодруулах гэж байгаа. Нэг бол ажлаа ойлгоогүй, эсвэл ерөнхий сайдын албан даалгаврыг ойлгоогүй байна уу, эсвэл бүр хийж хэрэгжүүлж амжихгүй байна уу гэдэг тайлбарыг нь сонсъё гэж байгаа юм.
Засгийн газрын 16 яамнаас дөрөв нь хийж болоод, бусад нь хийж болохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс хуваарь гаргаад албаны хүмүүсээс нь тайлбар авна.
Нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг энэ ондоо багтаж, сайдын зүгээс Засгийн газарт танилцуулах юм гэв.