Мотоциклд шалгуургүйгээр улсын дугаар олгоно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан.
Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Ингэхдээ суудлын тээврийн хэрэгсэл болон 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтээр улсын дугаарыг олгоно.
Харин хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгохоор болжээ. Тодруулбал, мотоцикл, механизм, зүтгүүр, чиргүүл, цистерн, тусгай зориулалтын автомашинд шалгуургүй улсын дугаар өгөх юм.
Харин автобус зэрэг 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өнгөрсөн даваа гарагаас 22-ын товчоо, Да хүрээ, Тасганы овоо, Сонгинохайрхан, Автоком зэрэг авто тээврийн үзлэг оношилгооны төвд хэвийн олгож байна.