“Ард түмний мэдэлд авлаа” гэх нэрийдлээр төрд авсан компаниудын “орлого, зарлага, захирлын цалин” зэргийг иргэдэд нээлттэй болгох шаардлагатай

0

Монгол Улсын хэмжээнд Төрийн өмчийн 99 толгой компани байдаг бөгөөд охин болон хараат компанийг нийлүүлбэл 122 компани төрийн өмчид байдаг. Харин орон нутгийн өмчийн компанийн тоог нарийн гаргах боломжгүй байдаг аж.

Төрийн өмчид байдаг толгой компаниудаас дурдвал “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МЗХНН Улаанбаатар төмөр зам” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Тавантолгой” ХХК, “Тавантолгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “МИАТ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК зэрэг 99 компани бий.

МАН ЗАСАГ БАРЬСАН НАЙМАН ЖИЛДЭЭ 35 КОМПАНИЙГ НЭМЖ ТӨРИЙН ӨМЧИТ БОЛГОЖЭЭ-

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН засаглахдаа нийт 35 компанийг төрийн өмчид нэмж авчээ. Энэ дундаа хэд хэдэн удаа зарим компаниудыг хувьчилж, мөн заримыг нь төрийн өмчид нэмж авсан байна. Тухайлбал, Оросын мэдэлд 1978 оноос хойш явсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг аваад ирсэн хувийн компаниас 2019 оны хавар Засгийн газрын тогтоол баталж 100 хувь төрийн өмчийнх болгосон.

Мөн “Монголросцветмет” үйлдвэрийг 2016 онд 100 хувь төрийн өмчийн эзэмшилд авч, одоо “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болсон. Мөн “Эрдэнэс силвер ресурс” ХХК, “Эрдэнэс алт ресурс” зэрэг компаниудыг 2016 оноос хойш төрийн өмчид шилжүүлэн авчээ. Мөн 2022 онд “Хөтөлийн Цемент Шохой”-н  үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төрийн өмчид авсны дараа Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ийн “Кью Эм Си” компанитай байгуулсан Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэн авсан байдаг.

Тэд ийнхүү хуулиар далайлган хувийн өмчөөс төрд булаан авахдаа “ард түмний мэдэлд авч байна” гэх гоё үгээр халхавчлан өөрсдийн хэтэвчийг зузаалсаар. Гэвч сүүлийн үед төрийн өмчит үйлдвэр, компаниуд сайн гэхээсээ илүү муу мэдээ сонсгох нь их болов.

Тодруулбал, одоогийн байдлаар төрийн өмчийн 99 компанийн ердөө тав нь ашигтай ажиллаж байгаа гэнэ. Мөн өр, төлбөр хөрөнгийн харьцаагаар төрийн өмчит компаниудыг үнэлэхэд нийт 99 компаниас 40 хувь нь эрсдэлтэй байна гэж үнэлэгдсэн бол хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр үнэлэхэд 23 хувь нь дунд эрсдэлтэй, 20 хувь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон байна. Мөн Төрийн өмчит компаниуд ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг бол зарлага нь маш өндөр буюу 16.9 их наяд төгрөг байгаа бөгөөд төсвөөс 70 тэрбумын татаас жил бүр авдаг байна.

Үүгээр зогсохгүй төрийн өмчит компаниудын удирлага, албан тушаалтнууд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдох зэргээр эерэг гэхээсээ илүү сөрөг мэдээлэл гарах нь их. Тухайлбал, 2023 онд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.М болон үйлдвэрлэл хариуцсан дэд захирал нарыг шүүхээс авлига авсан гэм буруутайд тооцож ялласан. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэрэг үүссэн. Энэ мэтчилэн дурдаад байвал төрийн өмчит компаниудын балаг дуусахгүй их.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОЖ, ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ-

Энэ мэт өндөр зарлагатай, хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээ авах ёстой. Иймд “ард түмний мэдэлд” гэх нэрийн дор төрд шилжүүлэн авсан бүх төрийн өмчит компанийг хувьцаат компани болгож, үүний жишгээр явах нь зүйтэй.

Хувьцаат компани гэдэг нь дүрмийн сан нь тодорхой тооны хувьцаанд хуваагдсан, эзэмшигчдэдээ эргүүлэн худалдаж авах, ногдол ашиг хүртэх, эдийн засаг, бизнесийн бодлогыг тодорхойлж шийдвэр гаргах бөгөөд компанийн захирлуудыг томилох, холбогдох эрсдэлийг хариуцах гэх мэтийн эрх бүхий бизнесийн компани юм.

Иймд төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгосноор иргэд ногдол ашиг авах, байгалийн баялгаа тэгш хүртэх, захиран зарцуулах томоохон боломжоос атгах юм.

Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн хоёр төрөлтэй байна.

  • “Нээлттэй хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.
  • “Хаалттай хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл нээлттэй хувьцаат компанийн хувьцаа иргэдэд чөлөөтэй арилжаалагддаг бол нөгөөх нь гадуурх зах зээлд хаалттай хэдий ч мэдээлэл нь нээлттэй байх компанийг хэлэх аж. Гэтэл манай улсад “ард түмэндээ өглөө” гэх нэрийдлээр төрд авсан төрийн өмчит компаниудын орлого, зарлага нь иргэдэд хаалттай хэвээр байсаар байна. Иймд иргэдийн хяналтыг чангатгах үүднээс төрийн өмчит компанийг хувьцаат компани болгон, иргэдэд ил тод мэдээлдэг байх, мөн хувийн хэвшлийн оролцоог татан оруулах зэргээр өөрчлөлт хийх, хяналтыг сайжруулах нэн шаардлагатай байна.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *