Өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд НҮБ-тай хамтарна

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү өгөгдлийн засаглал, хиймэл оюун зэрэг шинэ технологийг Монголд нутагшуулахын тулд одоо байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь чухал байгаа энэ үед НҮБ-аас олон улсын семинар зохион байгуулсанд талархал илэрхийлээд, төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж, хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегиа 2025 оны эхээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгаагаа дуулгав.

Иймд, Засгийн газраас өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийх, шинэчлэлтийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид, “ЦХИХХЯ манлайлж, Монголын үндэсний өгөгдлийн засаглалын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд бүх талын оролцоог хангаж, идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн, цаашид цахим засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллах болно” хэмээв.

Хоёр өдрийн семинарын дүнд Монгол улсын өгөгдлийн засаглалын өнөөгийн түвшинг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг удахгүй танилцуулна гэдгээ онцолжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *