М.Чимэддорж: Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээ хийвэл бусад гэрээгээ тэднээс асуудаг болно
Монгол Улс ЕвроАзийн холбоотой эдийн засгийн гэрээ байгуулахаар, хэлэлцээ хийж буй. Уг холбоонд ОХУ, Беларус, Казахстан, Киргыз, Армени зэрэг таван улс багтдаг. Энэ асуудал нийгмийг талцуулж, зөв эс бөгөөс буруу алхам гэдэг талаар иргэд маргалдах болов. Иймд бид эдийн засагч М.Чимэддоржийг “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 39 дэх дугаарт урьж, Евроазийн эдийн газсгийн хэлэлцээний талаарх чухал сэдийг хөндлөө.
–Манай улс Евроазийн эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулах гэж байна. Евроазийн эдийн засгийн холбоо бол Европ руу худалдаа хийгээд байгаа зүйл биш шүү дээ. Энэ холбоо бол ОХУ-ын В.Путины байгуулсан Беларуь, Казахстан, Киргыз, Армени гэх таван гишүүн улстай холбоо. Олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед Монгол Улс Евроазийн эдийн засгийн хэлэлцээ, гэрээ байгуулах нь зөв гэж үзэж байгаа юу?
-Олон улсын худалдааны түвшинд улс орнуудын хооронд байгуулдаг хоёр төрлийн хэлэлцээ бий. Нэг нь хоёр улс хоорондоо шууд чөлөөт худалдааны хэлээлцээр байгуулдаг бол нөгөө нь бүс нутгийн шинжтэй олон талт чөлөөт худалдаа байгуулдаг. Олон талт худалдааны харилцаа нэлээд төвөгтэй. Учир нь хоорондоо татваргүй бараа, ажиллах хүчин шилжүүлдэг нэгдсэн интеграцид орно гэж байгаа бол эргэн тойронд нь байрлах бүх гишүүн улсынх нь хил гаалийн асуудал нэгдмэл болж хувирдаг. Иймд тодорхой хэмжээнд бие даасан байдлаа багасгахыг хүлээн зөвшөөрч байж ийм хэлэлцээр хийдэг. Мөн гишүүн орнуудаасаа бас нэг өөр зүйл шаарддаг нь хэрвээ манай энэ холбоонд орж байгаа бол бусад улс орнуудтай дураараа гэрээ байгуулж болохгүй гэдэг.
Бид Евроазийн гэрээнд нэгдвэл хамгийн том аюул хаана байна гэхээр Монгол Улс БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулж болох уу, эсвэл БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулж болох юм уу гэдгээ асуудаг болно.
Учир нь энэ холбооны гишүүн улс болчихсон учраас та нар Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах гэж байгаа бол биднээс асууж гэрээ байгуул гэнэ. Энэ бол жинхэнэ аюул. Одоогийн байдлаар Евроазийн гишүүн байгаа улс орнуудыг харвал гишүүн байгаа жижиг улс орнуудад бүгдэд нь хохиролтой байгаа. Манай улс нээлттэй эдийн засгийн тогтолцоотой орон шүү дээ. Гэтэл өөрсдөө сайн дураараа гүйж очоод нэг блок дотор ороод бусад улс орнуудтай худалдаа хийхдээ бусдаас асуудаг болж болохгүй шүү дээ. Энэ чинь Монгол Улсын үндсэний язгуур эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал. Евроазийн холбоо нь Орос ноёрхсон эдийн засгийн блок. Мөн ковид болон Орос Украины дайн болоход дэлхий нийтийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ тасарчихсан. Энэ сүлжээний хоригт орчихсон байгаа улс орнуудтай нэг блокт орно гэдэг нь Монгол Улсын хувьд аюултай үзэгдэл. Монголд шууд хориг тавихгүй байх. Гэхдээ өөрсдөө гүйж очоод хоригт орж байгаагаас ялгаагүй.
–Үүнийгээ манай эрх баригчид түр гэж тайлбарлаад байгаа. Ер нь түр хэлэлцээ, түр гэрээ гэж байдаг уу?
-Нэг аюултай зүйл сонсогдож байгаа нь арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хэлэлцээнд гарын үсэг зурах гэж байгаа. Чөлөөт худалдааны гэрээ ихэнхдээ тодорхой хугацаагүй хийгддэг. Чөлөөт худалдааны гэрээ гэж хэрвээ байгуулчихаад түр гэж ярьж байгаа бол энэ бол тэнэглэл. Нэг талаасаа төрд шийдвэр гаргаж байгаа хүмүүс ард иргэдийг хуурах гэсэн ядмаг урхи байна. Нэгдүгээрт бид нарын бусад улс орнуудтай худалдаа хийхэд мөрдөгддөг стандарт энэ орнуудад өөрөөр яригдана.
Мөн олон улсын банкууд дээрх холбооны хоёр улс буюу Орос, Беларусд хориг тавиад банкны тооцооны системийн гадна талд гаргачихсан байгаа шүү дээ. Гэтэл бид бараагаа яаж, ямар валютаар, ямар банкны системээр дамжуулж энэ бүс нутагтай худалдаа хийх вэ.
Энэ бол маш том асуудал. Магадгүй банкны систем дээр цоорхой үүсээд хоригт орчихсон байгаа улс орнууд Монгол Улсын газар нутийг ашиглаад олон улсын төлбөр тооцоо руу хандах боломж болгон ашиглах гэж байгаа бол Монгол улс өөрөө хоригт орно. Тэгэхээр бид өөрсдөө санхүүгийн системээ дэлхийгээс тасдах гээд байна шүү дээ. Манай улс ядарсан эдийн засагтаа ийм зүйл хийх ямар шаардлага байгаа юм. Цөөхөн эрх мэдэлттэй хүмүүс ингэж Монголын эрх ашигаар тоглож болохгүй.
–АН-ын дарга Лу.Гантөмөр Евроазийн холбоотой гэрээ байгуулснаар Монгол Улс дэлхийд гарна л гээд байгаа. Гэтэл манай улс ОХУ-ын 140 сая хүнийг бараа бүтээгдэхүүнээр хангаж чадах үйлдвэрлэлийг хийж чадаж байгаа юу. Мөн Евроазийн эдийн холбоотой гэрээ байгуулах нь манай дотоодын үйлдвэр эрхлэгчдэд хэр таатай мэдээ бол?
-Бид дэлхийн зах зээл дээр гаръя гэвэл Тяньжины боомт дээр, Инчоны нисэх буудал дээр ямар бараа аваачиж байна вэ гэдгээ харах ёстой. Үүнийг дэлхийн эдийн засагт гарах гэнэ. ОХУ бол улаан буудайгаа гадагш гарч зарж чадахаа больчихсон. Тэнд маш хямд улаан буудай бий. Мөн түлшээ бид хойд хөршөөсөө худалдан авдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал бидэнд ямар ч үнэ тулгасан авахаас өөр сонголтгүй. Түүнчлэн чөлөөт худлдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд лаазалсан мах, махан бүтээгдэхүүн арай илүү зарагдана байх. Бидний зорилго олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн үлйдвэрлэх болохоос биш бага стандарт дээр нь зардаг болох нь бидний зорилго биш. Гэхдээ жаахан мах зарсан ч гэсэн газар тариалан дуусах нь байна.
Эх сурвалж: isee.mn