Ж.Баясгалан: Эмэгтэйчүүдийн бие даах чадвар өсч, эрчүүдийг үнэлэх үнэлэмж буурсан нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна

0

Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж буйгаар манай улсад 2013 онд жилд 3200 хос гэр бүлээ цуцлуулж байсан бол 2023 онд энэ тоо 4700 болж өссөн байна. Тиймээс бид гэр бүл судлаач Ж.Баясгалантай уулзаж, хосын харилцаа, гэр бүлийн үнэ цэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Миний нэр Ж.Баясгалан. Гэр бүл судлаач мэргэжилтэй. Сүүлийн 15 жил энэ салбартаа ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл цуцлуулах үзэгдэл эрс нэмэгдсэн байна. Гэр бүл судлаач хүний хувьд гэр бүл цуцлуулахад нөлөөлж буй шалтгаан нөхцлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн гэр бүл тутмын нэг гэр бүл салж байна гэдэг судалгаа бий. Хөдөө орон нутагт арай бага. Гэр бүл салахад нөлөөлж байгаа хэд хэдэн үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, архидан согтуурахтай холбоотой хүчирхийллийн асуудал байна. Хоёрдугаарт, гэр бүлээс гадуурх харилцааны асуудал. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд 2000 оноос хойш хүч түрэн орж ирж байгаа зүйл нь, удаан хугацаанд тусдаа ажиллаж, хөдөлмөрлөх асуудал. Нэг үгээр хэлбэл, гэрээгээр гурван сар солонгос юм уу, япон явах. Эсвэл уул уурхайн салбарт ростероор ажиллаж байгаа нь явдал. Өнөөдөр уул уурхайн салбарт нийт 50-60 мянган хүн ажиллаж байна. Тэгэхээр ростероор ажиллах 14/14, 21/7 хоногоор ажиллах нь салалтад нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл болж эхэлсэн. Дөрөвдүгээрт, эдийн засгийн асуудал. Ялангуяа залуу гэр бүлүүдэд тулгамдаж байна. Шууд бие даагаад гарч чадахгүй, ээж аавтайгаа хамт амьдрах, орон байрны асуудлууд гарч байна.

Ер нь бол бид гэр бүлийн хэлбэрийг бас төрөлжүүлж байгаа. Өрөөсгөл гэр бүл гэдэг нь өрх толгойлсон аав, ээжийг хэлж байна. Олон соёлт гэр бүл гэдэг нь монгол хүн гадны хүнтэй суусан байхыг хэлж байна. Дан гэр бүл гэдэг нь нэг өрхөд нэг гэр бүл амьдарч байгаа хэлбэрийг хэлж байна. Нийлмэл гэр бүл гэдэг маань нэг өрхөд хоёроос гурван гэр бүл амьдарч байхыг хэлнэ. Гэтэл дөнгөж гэр бүл болж байгаа гэр бүлүүдийн хувьд өөрсдөө биеэ дааж чадахгүй нийлмэл гэр бүлийн амьдралаар гараагаа эхэлдэг. Тэгэхээр эдийн засгийн асуудал, тусдаа гарч чадахгүй байх асуудал нь эргээд салалтад нөлөөлдөг байна.

Тавдугаарт, аав ээжүүдийн амьдралд оролцох оролцооны асуудал. Нэг үгээр хэлбэл, хадам бэр, хадам хүргэний харилцаа байна. Ийм таван үндсэн шалтгаан бий. Энэ дээр нэмээд, бид олон нийтэд хэлдэггүй ч гэсэн бэлгийн харилцааны таарамжгүй байдал бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг.

-Гэр бүл бол нийгмийн анхдагч үндсэн нэгж. Эрүүл гэр бүлд ирээдүйн эрүүл иргэн төлөвшиж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Тэгэхээр гэр бүлд тулгарч байгаа дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нэгдүгээрт, гэр бүлийн хууль өнөөдөр батлагдаасай гэж хүсч байна.

Ер нь бол дөрвөн парламент дамнаад гэр бүлийн шинэчилсэн хууль буюу төслийг өргөн барьчихсан байгаа. Гэвч батлагдаагүй. Тэр хуулинд юуг илүү чухалчилж байгаа вэ гэхээр, сэтгэлзүйн хохирлууд, гэр бүлээс гадуурх харилцааг хуульчилж өгч байгаа. Тэгэхгүй бол над дээр ирж зөвлөгөө авч байгаа хүмүүсийн бараг 80-85 хувь нь гэр бүлээс гадуурх харилцааны асуудалтай байдаг.

Тэгэхээр нэгдүгээрт хууль батлагдаж, хэрэгжих хэрэгтэй байна. Хуулийнхаа дагуу хүмүүс хариуцлага хүлээгээд эхлэхээр энэ асуудал багасах болов уу гэж харж байна. Ер нь гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг бол байх ёсгүй зүйл. Гэр бүлийн хамгийн үнэт зүйл бол өөрөө бие биендээ үнэнч байхад оршдог. Тийм учраас би үүнийг хувийн зүгээс ч тэр, гэр бүл судлалын шинжлэх ухаанд ч тэр байх ёсгүй зүйл гэж үздэг.

-Таны томьёолсон нийлмэл гэр бүл буюу залуу гэр бүлүүд аав ээжтэйгээ хамт амьдрах үзэгдэл манай улсад элбэг байдаг. Энэ нь салалтад бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэлээ. Энэ асуудал дээр ээж аавууд, өвөө эмээ нарт юу гэж зөвлөх вэ?

-Амьдралынхаа эхлэл суурийг ээж аавынхаа дэмжлэгтэй тавиад ирэхээр манай залуучуудын хувьд амьдралдаа хандах хандлага нь сул болдог. Нэг үгээр хэлбэл, бэлэнчлэх сэтгэлгээ. Суурь нь өөрөө бэлэн байхаар амьдралынхаа төлөө тэмцэх чадварууд дутагдаад эхэлдэг. Тийм учраас ирээдүйд хүүхдүүдээ сайхан амьдруулья гэж бодож байгаа бол анхнаас нь бие даалгах хэрэгтэй. Үүнээс гадна эмээ өвөө нарын гаргадаг бас нэг асуудал бол “Хүүхэд аваад ир”, “Ач зээгээ бид харна” гэдэг ч юм уу, булаацалддаг. Тэгэхээр хоёр талд өсч байгаа хүүхдүүдийн сэтгэлзүйг анзаараад үзэхэд тууштай биш, хоёрдмол сэтгэлзүйтэй болдог. Эмээ өвөө дээрээ дасаад, сайхан орчинд байж байгаад аав ээж дээрээ очдог. Аав ээж дээрээ сайхан байж байгаад жаахан таагүй мэдрэмж төрөхөөр эмээ өвөө рүүгээ явчихдаг. Ийм туйлбартай биш сэтгэлзүйтэй болдог. Хүүхэд бол нэг аргазүйгээр хүмүүжиж байх ёстой. Гэтэл хоёр аргазүйгээр хүмүүжээд ирэхээр хүүхэд өөрөө яахаа мэдэхээ байчихдаг. Хүүхэд гэдэг бол 100 хувь эцэг эхийн хариуцлагын асуудал. Ер нь бол миний хувийн зарчим бол ээж ааваар хүүхдүүдээ харуулахыг би дэмждэггүй.

-Цаанаасаа таарсан, хувь заяаны азтай хос гэж байдаггүй гэж та цахим хуудастаа бичсэн байсан. Ер нь ямар ч харилцаанд хоёр талаасаа алхам хийж, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн утгатай юм болов уу?

-Гэр бүл гэдэг бол дандаа жаргаад байна, аз жаргалд умбаад байна гэсэн үг биш. Асуудалтай нүүр тулна. Хүүхдийн асуудал, боловсролын асуудал, эдийн засгийн асуудал, энэ бүхний цаана хувь хүнээс юу шаардагддаг вэ гэхээр тэсвэр тэвчээр шаардагдана. Монголчууд идээний дээж хэвийн боовоо засахдаа жаргал, зовлон, жаргал гээд дунд нь зовлон байдаг гэж хэлдэг. Магадгүй хүмүүсийн хувьд юу гэж хардаг вэ гэхээр дандаа сайхан амьдралыг туулаад байх юм байна гэж хардаг. Асуудалтай нүүр тулах гэр бүлийн харилцааны шаардлага бий. Энэ бүх зүйл дээр өнөөдөр тэвчээр шаардагдана.

Магадгүй монголчууд өөрсдөө их шашинлаг сэтгэлгээтэй ард түмэн ш дээ. Гэр бүл буюу хосын харилцаан дээр асуудал үүсээд ирэхээр угаасаа бид хоёрын жил ус, сар өдөр, гараг эрхэс нь таарахгүй байгаа учраас бид хоёр тохирохгүй байна гэж хардаг. Тэгэхээр энэ бол асуудал биш. Тохирч болно.

Гэр бүл гэдэг бол өөрийнхөө эрхийг хоёр дахин багасгаж, хариуцлагаа хоёр дахин нэмэгдүүлэх харилцааг хэлдэг.

Тэгэхээр од гараг эрхэс ярихаас илүү би гэр бүлдээ оролцоо үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхдээ өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.

-Бүсгүйчүүдийн хувьд эр нөхрөө “намайг тэжээн тэтгэх, сайхан амьдруулах ёстой, үүрэгтэй” гэх хандлага анзаарагддаг?  

-Эрчүүдийн нийтлэг хандлага гэр бүлээ тэжээн тэтгэх ёстой, эдийн засгийн хариуцлагыг үүрэх ёстой гэдэг уламжлалт сэтгэлгээ байдаг. Тэр сэтгэлгээгээ биелүүлж чадахгүй болоод ирэхээр эрчүүдийн хувьд сэтгэл гутралд өртөх хандлага бас бий. Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүдийн хувьд хандлага их өөрчлөгдөж байна. Эмэгтэй хүн 100 хувь эрэгтэй хүнээс хамааралтай гэдэг байдал харьцангуй багассан гэж ажиглагдаж байгаа. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн бие даах чадвар өндөр болсон. Энэ нь өөрөө гэр бүл буюу хосын харилцаанд нөлөөлж байна. Эмэгтэйчүүд хэтэрхий бие даагаад, эго өндөрсөөд ирэхээр хажууд байгаа хүнээ үнэлэх тал дээр харилцааны асуудал үүсдэг. Эрчүүд гэр бүл буюу хосын харилцаан дээр тэмцэх чадвар харьцангуй багатай байдаг юм байна. Тийм учраас нуувч руугаа орчихдог. Магадгүй энэ байдлаас болоод өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуу болоод ирэхээр тэр байдлаа засахын тулд алкохол хэрэглэх, буруу зуршлууд руу орох иймэрхүү хандлагууд байгаа.

Үүнтэй холбоотой нэг тоо хэлэхэд, жилд 370-380 хүн зүй бусаар амиа егүүтгэж байгаагийн бараг 80-90 хувь нь эрчүүд байна. Тэгэхээр сэтгэлзүйн тэсвэр тэвчээрийн хувьд эрчүүд сул байна гэж харж байна.

Нөгөө талаар хосын харилцаа асуудалтай байна. Нэг үгээр хэлбэл эр хүнийг үнэлэх үнэлэмж өнөөдөр доогуур байгаад байна. Эрчүүдийг өргөж, дэмжиж өгч чадахгүй байна. Энэ байдлаас болоод эрчүүд буруу алхам руу орж байна. Ер нь эрэгтэй хүний сэтгэлзүйн гол хэрэгцээ бол талархал, “баярлалаа” гэдэг үг хамгийн чухал зүйл ш дээ. Гэтэл эмэгтэйчүүдийн хувьд “хийх ёстой үүрэг чинь” гэдэг үгээр таглаад гаргаж байгаа идэвх зүтгэлийг нь ерөөсөө үнэлдэггүй. Угаасаа л ийм юм чинь, “Чи мөнгө олж ирэх ёстой”, “Чи хийх ёстой” гэдэг үүрэг гэдэг үгээр таглаад эр нөхрөө сэтгэлзүйн хувьд дэмжиж өгөх, урамшуулах, зоригжуулах тал дээр манай бүсгүйчүүд харьцангуй бага байна гэж харж байгаа. Энэ тал дээр бүсгүйчүүд бас суралцах ёстой.

-“Эхнэртээ эсвэл нөхөртөө базуулах” гэх яриа сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд их сонсогдох болсон. Энэ тал дээр гэр бүл судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Базах, базагдах тухай энэ үгэн дээр би тийм дуртай биш.

Ер нь “базагдсан эр хүн” гэж байдаггүй. “Эхнэрээ хүндэлдэг эр хүн” байна гэсэн үг.

Ер нь бол би найзуудын харилцаан дээр юу гэж зөвлөдөг вэ гэхээр “Ард нь байгаа гэр бүлийг нь хүндэтгэж, нөхөрлөнө гэдэг бол нөхөрлөлийн мөн чанар шүү” гэж хэлмээр байдаг. Тэгэхээр магадгүй “эхнэр чинь эсвэл нөхөр чинь дургүй байгаа бол дараа нь хэдүүлээ уулзаж болно” гэж гэр бүлийг нь нэг номерт хүндэтгэдэг байгаарай гэж хэлмээр байна. Тэгэхгүй манай монголчуудын найз нөхөрлөлийн хүрээлэл чинь өөрөө буруу яваад байна шүү дээ. “Нөхөр чинь зөвшөөрөхгүй байгаа юм уу, эхнэр чинь зөвшөөрөхгүй байгаа юм уу Чи базуулчихсан байна ш дээ” гэдэг ч юм уу тэгэхээр базагдах базагдахгүйн тухай асуудал биш тэр гэр бүлд болж байгаа асуудлыг, магадгүй хүүхэд нь өвдсөн ч байж болно. Гэр бүлдээ үүрэх ёстой ачаагаа үүрэх ёстой цаг мөчүүд байна. Боломжгүй үеүд бас байна. Яг энэ үед монгол хүмүүс, найзууд “Дараа нь больё” гэдэг үгийг хэлж сураасай гэж хэлмээр байна. Гэр бүлийг нь хүндэтгэдэг байгаасай гэж хүсч байна.

-Хосуудын хувьд анзаарагддаг бас нэг зүйл нь бие биенийхээ утас, цахим хуудсыг шалгах гэх мэтээр нөгөө хүнийхээ хувийн орон зайг хүндлэхгүй байх шиг санагддаг?

-Гэр бүл гэдэг бол цавуугаар наачихсан зүйл биш л дээ. Холбоод бүх юм дундынх, хамтынх байна гэсэн үг биш. Тэгэхээр хосууд бие биендээ хувийн орон зай өгч байх ёстой. Хувь хүний өөрийнх нь сонирхдог, анхаардаг зүйл байж болно.Хэтэрхий хувийн орон зай руу халдана гэдэг бол нэг талаар гэр бүлийн хамгийн үнэт зүйл болох бие биендээ итгэх гэдэг үнэт зүйлийг үгүй хийж байдаг. Хосуудын харилцаанд хайр сэтгэл гэдэг зүйлээс гадна бие биендээ итгэх гэдэг зүйл хайр гэдэг зүйлтэй хамт байх ёстой. Хэтэрхий бие биенийхээ орон зай руу халдаад байна гэдэг маань бие биендээ итгэхгүй байгаагийн илрэл гэсэн үг. Итгэхгүй байна гэдэг нь өөрөө яг хайрын мөн чанар мөн үү гэдгийг бас бодох хэрэгтэй.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *