Цагдаагийн алба хаагч шинжилгээний хариу, мэдүүлгийг өөрчилснийхөө хариуд хахууль авчээ

0

Цагдаагийн алба хаагч нөхөртөө зодуулсан гэх зөрчлийн талаарх гомдол хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг буюу Б.Д-гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг нуусан, Б.Д, Н.Э нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, прокурорт гаргаж өгсөн байна. Улмаар энэ үйлдлийнхээ хариуд зөрчилд холбогдогч нөхөр Н.Э-аас торгуулийн мөнгө гэж 500,000 төгрөг бэлнээр авч албан тушаалаа ашиглан авлигал авсан хэрэгт холбогджээ.

Тус үйлдэл нь гэрчийн мэдүүлэг, албаны шалгалт зэргээр нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт гаргасан байна.

Иймд шүүх байгууллагаас цагдаагийн алба хаагч Б.Б-г 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноожээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт

Эрүүгийн хууль 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

  1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *