БНСУ-ын улс төрийн тогтворгүй байдлын улмаас алтны эрэлт нэмэгджээ
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласнаас үүссэн улс төрийн хямралын улмаас тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдсэн. Үүний улмаас жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын алт худалдан авах хандлага нэмэгдэх болжээ.
БНСУ-ын улс төрийн хямралаас гадна хөрөнгө оруулагчид алт худалдаж авахаа нэмж буй өөр хэд хэдэн шалтгаан бий. АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо зөөлрүүлж, дэлхийн геополитикийн тодорхойгүй байдал алтны эрэлт нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп БНХАУ гэх мэт улсын эсрэг гаалийн татвараа нэмнэ гэж сүрдүүлж буй асуудал нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдлыг нэмнэ. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан ирэх саруудад бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй. Ийм учир алтны эрэлт нэмэгдэх тренд үргэлжилнэ гэж олон хүн үзэж буй.
Солонгосын хөрөнгийн биржийн (KRX) мэдээлснээр, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын алтны цэвэр эзэмшил сүүлийн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас /2024.12.04/ баасан гараг /2024.12.06/ хүртэлх хугацаанд 191.2 килограмм болж нэмэгджээ.Тэд нийтдээ 302 килограмм алт худалдан авснаас 110.8 килограммыг зарсан байна. Есдүгээр сард алтны цэвэр худалдан авалт 209.1 килограмм байсан бол 10 дугаар сард энэ үзүүлэлт зургаа дахин өсөж, 1,213.4 килограммд хүрсэн.
Харин арваннэгдүгээр сард худалдан авалт 592.9 килограмм болж буурсан юм. Тэгвэл энэ сард ердөө таван арилжааны өдрийн дотор хөрөнгө оруулагчид 343.3 килограмм алт худалдан асван байна.
БНСУ-ын улс төрийн тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмэгдүүлснээс гадна тус улсын хөрөнгийн зах зээлд хүндхэн тусаж байгаа юм. Эрх баригч Ардын хүч нам нь сөрөг хүчний Ардчилсан намтай Ерөнхийлөгч Юн Сок Ёлын эсрэг импичмэнт эхлүүлэх эсэх дээр сөргөлдөх болсон. Мэргэжилтнүүд энэхүү улс төрийн хямралын улмаас хөрөнгө болон валютын зах зээл тогтворгүй хэвээр байж магадгүй гэж анхааруулж буй.
Солонгосын хувьцаа эзэмшигчдийн дарга Жун Юу Жун “Хувьцааны KOSPI индекс долоо хоногийн даваа гараг бүр энэ жил үзэгдээгүй доод хэмжээнд хүрэх боломжтой” гэсэн байна.
Эх сурвалж: Korea Times