Санасандаа хүрсэн Сангийн сайд
Урьд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Төсөв хэлэлцлээ”, “Төсөв баталлаа”, “Төсвийн тодотголыг хэлэлцлээ” гэсэн үгс жил бүрийн сүүлийн улиралд хам хумхан сонстоод өнгөрдөг байв. Харин энэ жил анх удаа монголчууд улсынхаа төсвийн тухай удтал талцан үзэлцсээр өчигдөр л нэг юм ард нь гарч 2025 оныхоо төсвийг баталж авлаа. Төсвийн асуудал яагаад ийнхүү олны анхааралд орчихов оо? Тэгээд хэрхэн дуусав? Ер нь юу болоод өнгөрөв? гэдгийг хамтдаа эргэцүүлье.
ШИРҮҮН ТЭМЦЭГЧИД ҮҮ, ШИНЭ ЦАГИЙН ПОП ОДОД УУ?
Олны анхааралд анх орж ирсэн түүх нь МАН-ын жагсаалтаар УИХ-д орж ирсэн Т.Энхтүвшин, Хангайн бүсээс сонгогдсон Г.Тэмүүлэн болон АН-ын жагсаалтын гишүүн Ж.Баярмаа нарын нэхэл хатуутай “хэл ам” юм. Тэд л анх Засгийн газраас оруулж ирсэн төсвийн дотроос алдаа мадаг нэрлэж, эсэргүүцлээ ил тод илэрхийлж эхэлсэн билээ. Энэ эсэргүүцэл эгнээгээ тэлж, хэдийгээр нөгөө гурав шигээ идэвхтэй биш ч гэсэн “царайгаа харуулж” зогсдог АН-ын Б.Түвшин нэмэгдэв. Тэд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Ярьж буй асуудлынх нь гол агуулга “зарим зардал арай үрэлгэн байгаа юм биш үү?” гэдэг дээр төвлөрч байсан. Энэ явдал тун ч удалгүй нийгмийн сүлжээнд яригдаж, иргэд ч дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Нөгөө талаар төсөв эсэргүүцэгчдийн талаар ч мэдээллүүд хөврөх болов. Т.Энхтүвшин гишүүн бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийнхөө ажлыг өгөөгүй, мөн шинэ тэргүүнээ сонгох сонгууль нь хэдхэн хоногийн дараа болох гэж байсан зэрэгтэй нь хүмүүс холбож байсан. Магадгүй нийгэмд тодрох хэрэгцээ байсан ч юм билүү. Ж.Баярмаа болон Б.Түвшин нар ч тодорхой, сөрөг хүчний шинэхэн гишүүдэд тодрон гарах боломж тэр болгон олдохгүй.
Харин Г.Тэмүүлэнгийн хувьд өөрөө Засгийн газарт орох сонирхлоо илэрхийлж байсны хувьд “гомдолтой”, нөгөө талаар Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагуудын ажилд аудит орох шумтай холбоотой гэсэн хардлага явж байлаа. Тэмүүлэн гишүүн маань Эрдэнэтийн нэгэн цагийн “босс” Ганзоригийн хүү шүү дээ. Мөн эдгээр “тэмцэгчдэд” хандсан “шүүмж өрнүүлэх бүтэн сар гаруйн хугацаа байхад яагаад дуугарсангүй вэ?”, “Төсвөө баталж авах ёстой арваннэгдүгээр сарын 15 болоход долоохон хоног дутуу байхад гэнэт яагаад ийм үйлдэл гаргах болов?” гэдэг асуултууд ч гарч, улмаар “эд нар ямар нэг зүйл шантаажлаад байгаа юм биш үү? гэсэн хардлага руу ч хөтөлж байлаа. Ямартаа ч иргэд тэдэнд итгэж, дэмжиж Сангийн сайд Б.Жавхланг “гартаа тааралдсанаараа нүдэж гарсан”.
ӨӨРСДИЙГӨӨ ТОЛИНД ХАРЖ ШҮҮМЖЛЭГСЭД
Гарын үсэг гэснээс энд бас дурдах ёстой нэгэн бяцхан үйл явдал бий. Тэмцэгчдийн маань гарын үсэг цуглуулж буй цаасны зураг байн байн нийгмийн сүлжээнд гарч ирэх болов. Иргэд энэ дээр хүмүүс нэмэгдэхгүй байгааг шүүмжилж эхлэв.
Гэтэл удалгүй борооны дараахь мөөг шиг олширч эхэлсэн нь иргэдийн инээд, цухлыг зэрэг хүргэж, нэр заан асууж эхлэв:
-Төсөв хэлэлцэхэд идэвхийлэн дэмжсэн та яагаад энд гарын үсэг зурчихав. Өөрөө өөрийгөө алгадаж байгаа юм уу?
Нийгмийн аясыг даган хуйлрагчид, нэр төр хөөцөлдөгчид чамгүй олуулаа байлаа. Мөн төсвийн хууль шинээр өргөн барьж, Номин сайдын 18.3 тэрбумыг хэлэлцэж байхад, анх хамгийн их эсэргүүцэж байсан Ж.Баярмаа гишүүн дэмжсэн санал өгч олныг шуугиулсан юм. Унахаар уналаа гэж хэлж болдоггүй хуурнин шуугигч бөхчүүд шиг барьцгүй гишүүд олон байдаг бололтой юм.
ЛАЙ ДАГУУЛСАН ХЭДЭН ЗАРДАЛ БА ХОРИГ
2025 оны төсөв өөрөө түүхэн дэх хамгийн өндөр тоотой байлаа. Монгол Улс өмнө хэзээ ч 35 их наяд төгрөгийг тойрон “хэрэлдэж” байгаагүй юм. Сайн ч, муу ч ямартаа ч манай улс урагшлаад, сайжраад яваад байгаагийн гэрч бол энэ тоо. Мөн ирэх онд нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар ч хүрэх нь. Хэвтрийн өвчтөнд илаарших шинж эхэлж, босоод суучихсан дүр төрх эрхгүй харагдаад байдаг юм. Энэ чигтээ цаашаа үргэлжилбэл өвчтөн маань бүр өндийн босоод алхах, гүйх боломж харагдаад байгаа юм. Энэ засгийн үед ийм амжилтад хүрсэн нь бол факт. За жаахан хадуурах нь, үндсэн сэдэвтээ эргэн орцгооё. Сангийн сайд Б.Жавхлан яг л сүрэг чонын дундах ганц нохой шиг боорлуулах шалтаг нь төсвийн төсөл доторх хэдэн “эв хавгүй” зардал байлаа. Үүнд, Соёлын яамны зарцуулах соёлын ваучер 18.3 тэрбум төгрөг, гадаад зээлээр санхүүжих хиймэл дагуул, мөн гадаад айлчлал, дотоод урсгал гэх мэт нэлээд хэдийг нэрлэж болно. Ядаж байхад зугаа цэнгээний Фукуок арал руу “туршлага судлахаар” явсан төрийн албаны хэдэн нөхрийн мэдээ гараад ирчихэв. Ёстой л бүдэрсэн дээр нь нудрах гэгч болсон нь энэ. Энд Сангийн сайд Б.Жавхлангийн нэг чанарыг дурдмаар санагдлаа. Тэр шал өөр яамд, сайд нарын зохиогоод, хэл амны бай болгож орхисон зардлуудын буруутнаар хэн рүү ч заалгүйгээр өөрөө л бүтэн балбуулсаар байгаад дууслаа. Ийм хүнийг манайхан мужик гээд байдаг.
За ингэж мунгинасаар нэг юм 11 дүгээр сарын 8-ны өдөр УИХ төсвөө “баталмар” болсон. Юу болсныг базаж хэлвээс, “за яахав энийг чинь ингээд баталъя. Харин 12 сардаа багтааж төсвийн тодотгол хийнэ шүү!”. Гэвч 11 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Төсвийн хуульд хориг тавилаа. Алдагдалгүй төсөв батлах ба Хууль дээдлэх зарчимд нийцүүлэх гэсэн үндсэн хоёр шалтгаантай. Энэ тохиолдолд Засгийн газар төсвийг дахин төсөвлөж оруулж ирэх учиртай. Яг эндээс л миний энэхүү нийтлэлээр хэлэх гэсэн гол санаа эхэлнэ.
САНГИЙН САЙДЫН ЛАНЧИГ
Яамдын сайд нар толгойдоо төрсөн сайхан бодол болгоноо цаасан дээр буулгаж, ард нь мөнгөн дүн тавьсан лист Сангийн яам руу явуулдаг байж таарна. Листнийхээ тоог хасуулахгүй, тануулахгүйг бүгд л хичээнэ. “Ангийн хүүхэд” рүүгээ ярина. Сангийн яам том даалгавартай. Нөр их ажилтай. Наадам өнгөрөөд л төсөв баталж дуусах хүртэл Сайдаасаа харуул хүртлээ борви бохисхийнэ гэж байхгүй. Засгийн газрын хэрэгжүүлнэ гэсэн төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэг сагсанд хийнэ. Гадаадад төлөх өр, зээлийн хүүнүүдийг нэг сагсанд хийнэ. Хүмүүсийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэг сагсанд гэх мэтээр хийж явсаар улсын олох орлогод тааруулан яамдын гаргах зардлуудыг жигд шингээнэ. Санаагаар болдог бол жилийн эцэст төсвөө ашигтай гаргачихаад маадайгаад суух сан. Гэтэл яаж ч болохгүй зардлууд өргөс шиг хатгаж, хасъя гэхнээ сайд нар муухай харах нь харж, царайчлах нь царайчлаад суугаад байдаг… Энд л Сангийн сайдын ажлын хамаг үйл лай оршиж байгаа юм. Ганц Жавхландаа ч биш. Ингээд л 25 оныхоо төсвийг “тоонд нь бариулж” орхиод УИХ-д өргөн барьж орхижээ. Гэтэл зарим гишүүд сэвээд гаргаад ирлээ. Өөрийн оруулсан төсвөө мэдээж “хамгааллаа”, мэтгээн улам дүрэлзлээ. Ард түмэн ч нийгмийн сүлжээгээр эсэргүүцлээ. Гэлээ ч хугацаандаа баригдаад баталсан, Ерөнхийлөгч хориг тавьсан. Дахин хийх шаардлага гарлаа. Урьдчилан харсан байж мэдэх л явдлууд.
АЧААНААСАА САЛСАН САЙД
Энэ бол нөгөө лай болоод байгаа ачаагаа тайлж хаях алтан боломж. Мөнөөх өргөс болсон илүү зардлуудыг цавчиж хаяна гэсэн үг. Сангийн сайдыг эндээс бараг таашаал авсан болов уу гэж боддог юм. Төсвөөс 100 хувь хасаж орхисон зардлуудын заримаас нь харах уу:
- Тавилга, эд хогшил худалдан авах
- Сургалт семинар, зөвлөгөөн хийх
- Спортын арга хэмжээ зохиох
- Кино урлагийг дэмжих сан
- Элдэв зөвлөл, хорооны гишүүдийн цалин… гэх мэт. Бараг монголчуудын зүрхэнд траума болсон, тэгээд хаашдаа дийлэхгүй юм чинь дээ гэж бодоод хүлцдэг болсон дэмий зардлууд. Мөн 50 хувь танагдсан зардлууд гэвэл:
- Шатахууны зардал
- Гадаад томилолт, зочин хүлээж авах зардал
- Дотоод томилолт, бичиг хэргийн зардал… гэх мэт. Үнэхээр загатнасан газар маажиж байгаа биз?
Мань эр болох үйл явдлуудыг шатрын өрөг шиг харж байсан байж болох уу? Шинэ төсвөө оруулж ирэхдээ яасан ч хасахгүй гэсэн зардлуудаа нэрлээд л. Хөрөнгө оруулалтын ажлууд руугаа ойртуулахгүй хамгаалаад л. Үйл явдлууд ээлж дараалан болсоор, мань эрийн хийж түвдэхгүй байсан ажлууд өөрийнх нь оролцоогүйгээр хийгдчихлээ:
- Иргэдээс шүүмжлүүлдэг, төрийн тансаглал гэгддэг ихэнх зардлыг нойллосон
- Алдагдалгүй төсөв батлуулж чадлаа
- Том төслүүдээ явуулдгаараа явуулна
- Төсөв батлах үйл явцыг бараг үндэсний зөвшилцөл болгож орхисон.
Ингээд тэрээр эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй тун ч аятайхан төсөв батлуулаад авлаа. Тэр хэрээр ирэх жилдээ чих халууцуулж, нүүр улалзуулах элдэв асуудлаа хөнгөлөөд авах шиг болов. Цааш цаашдаа энэ жишиг тогтож чадвал, магадгүй ирэх жилийн төсвөө үүний адилаар бүгдээрээ хэлэлцээд батлуулдаг болчихвол энэ цаг үед Сангийн сайд хийж байгаа Б.Жавхлангийн санаандгүй ч юмуу санаатай ч юмуу гавьяа болох юм даа. Эцэст нь “төсвийн манаач” Сангийн сайдын талаар базаад хэлэхэд, “эвгүй” зардлуудаасаа өөрөө оролцохгүй салж чадлаа. Том төслүүдээ төсвөөр дамжуулж ойлгуулж чадлаа. Бас үлдсэн “бяслаг” мэтийн юмнуудыг олон нийтийн хяналтад оруулж чадлаа. Цаадах чинь яггүй шатарчин байж мэдэх юм.
Жич: Энэ зөвхөн сэтгүүлчийн өнцөг болно. Хэн ч санаа нийлэх албагүй, тэр тусмаа Сангийн сайд.