80 сая долларын өртөгтэй батерей хуримтлуурын станц хаачив?

Нийслэлчүүд энэ өвлийн турш тог цахилгаанаа хязгаарлуулна. Үүнтэйгээ ч эвлэрч байх шиг байна. Улаанбаатар хотын 13244 аж ахуйн нэгж, 206248 айл өрх, нийт 219592 хэрэглэгч энэ сарын 10-нд 1-2 цагийн хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулсан. Улиран сонгогдсон эрчим хүчний сайд энэ талаар тайлбарлахдаа “Салхины гурван станц, нарны зургаан станц төвийн бүсэд цахилгаан эрчим хүч нийлүүлж чадсангүй. Салхи салхилахгүй байгаа тул эрчим хүч нийлүүлж чадахгүй чадлын дутагдалд орлоо” гэв.
Тэрбээр “ Утаа арилахгүй байгаа нь салхитай холбоотой. Салхи салхилахаар утаа буурдаг шүү дээ. Бодит нөхцөл байдал ийм л байна” гэж байсан удаатай.
Утаа салхитай холбоотой, эрчим хүчний дутагдал нар салхитай уялдаатай. Ингэсээр сүүлдээ, наад асуудлаа цаг уурын байгууллагаас асуу гэх вий.
Нар нь гарч, салхи нь исгэрдэггүй юм аа гэхэд ноднин жилийн өдийд дуулиан шуугиан болж, ашиглалтад хүлээж авсан батерей хуримтлуурын станц яагаад үүргээ гүйцэтгэсэнгүй вэ? “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана гэж танилцуулаад 80 МВт-ын чадалтай, 200 МВт-ын багтаамжтай хуримтлуурын станцыг тууз хайчлан нээсэн биш бил үү. Энэ ажлыг 2022 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК”-ийн 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцыг түшиглэн эхлүүлж, 2023 оны 12 сард хүлээн авч хүчдэлд холбосон. Тэгвэл саяхны УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байсан.
Азийн хөгжлийн банкны зээлээр 80,9 сая ам.долларын өртгөөр боссон батерей хуримтлуурын станц хүчин чадлаараа ажилласан уу, ажиллаж байгаа юу. Асар өндөр өртгөөр боссон тус станцын үүргийг салбарын удирдлага, мэргэжилтнүүд нь, нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх, оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг тэг зогсолтоос сэргээх гэх мэтээр тодорхойлж байсан.
Бүрэн чадлаараа ажилласан бол 265 МВт-аар цахилгаан хязгаарлагдах уу? Хуримтлуурын станцын хүчин чадал, бодит нөхцөл байдал хоёрын зөрүүн дээр бодоход 40 МВт-ын хүчин чадал байхгүй нь тодорхой байна. Байгаа онохгүй төсөл хэрэгжүүлж, их хэмжээний зээлийг улсын нуруунд ачаа болгох нь хэнд ашигтай гэж. Ард түмэнд лав биш.