“АРЕВА” Монголын улстөрчдөд авлига өгснөө хүлээн зөвшөөрч, 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Францын хөрөнгө оруулалтай “Бадрах Энержи” компанитай холбоотой авлигын хэрэгт хамаарах шүүх хурал Францад саяхан болжээ. Энэхүү шүүхийн мэдээг хүргэхээс өмнө зарим ойлголтын мэдээллийг эхэнд нь хүргэе. “Бадрах Энержи” ХХК-ийн 66 хувийг Францын төрийн өмчит Орано майнинг групп нь “Арева Монгол” компаниар дамжуулан эзэмшдэг бол 34 хувийг Монголын төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК “Мон-Атом” компаниар дамжуулан эзэмшдэг юм. “Бадрах Энежри” ХХК нь 1996-2018 он хүртэл “АРЕВА Майнс” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан билээ. Парисын шүүх 2013-2017 онд хамаарах “АРЕВА”-ийн авлигын асуудалтай холбоотой хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.Шүүх “АРЕВА Майнс” ХКК-ийн 2013-2017 оны Монгол Улсад явуулсан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэргийг дахин хэлэлцсэн байна. Өмнө нь уг асуудлаар “АРЕВА” хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийгээд байсан ч мөрдөн байцаалтын явцад зуучлагчаар дамжуулж хийсэн маргаантай төлбөрүүд нь авлигын шинжтэйг илрүүлсэн байна. Үүнийгээ ч “АРЕВА”-ийн тал шүүхэд хүлээн зөвшөөрч, 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ. Уг торгуулийг Парисын шүүхээр баталгаажуулсан Шүүхийн Нийтийн Ашиг Сонирхлын Гэрээнд (CJIP) албан ёсоор оруулав.Ерөнхий шүүгч Стефан Ноэл торгуулийн арга хэмжээг авч байгаа нь “АРЕВА” компани өмнөх үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхийн зэрэгцээ “өнгөрсөн ажил хэргээ шийдвэрлэх” боломж олгох зорилготой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөрдөн байцаалт, дүгнэлт: Авлигатай тэмцэх төв газраас (Oclciff) Тракфины тайлангийн дагуу 2015 онд эхэлсэн мөрдөн байцаалтын явцад “АРЕВА” нь “Eurotradia International” зуучлагч компаниар дамжуулан хийсэн 1.275 сая еврогийн асуудалтай төлбөрийг илрүүлжээ. Энэхүү эх үүсвэрийг ашиглалтын лицензийг баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд монгол бизнес эрхлэгч рүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байв.Гэвч хяналт шалгалтаар тухайн зуучлагч тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд шууд оролцоогүй нь тогтоогдсон байна. Мөн хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтны хамааралтай үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Өөр нэг албан тушаалтан 251,600 ам.доллар авсан байсан нь авлигын хэрэгт сэжиглэхэд хүргэсэн юм. Торгуулийн хэмжээг тодорхойлох гол хүчин зүйлүүд: Торгуулийн хэмжээг тооцохдоо тухайн үйл явдал болох үеийн “Areva”-ын зах зээл дэх хэмжээ болон төрийн өндөр албан тушаалтны оролцоо зэрэг хэд хэдэн шалгуурт үндэслэсэн гаргасан аж.Дэд прокурор Селин Гуилетийн хэлснээр тодорхой үйл ажиллагаатай холбоотой зардал гарсан хэдий ч Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдэд эдийн засгийн ашигтай байдал байхгүй байгааг онцоллоо. Харин давтан гэмт хэрэг үйлдээгүй зэрэг нь хэргийн шийтгэлийг хөнгөвчлөх хүчин зүйл болсон байна. Дээрх авлигын хэрэгт холбогдох хүмүүс болон “Eurotradia”-ийн талаарх хэргийг ирэх долоо хоногт тусад нь хэлэлцэх ажээ.