Утаанд “хийсгэсэн” мөнгөөр хэдэн цэцэрлэг, сургууль, цахилгаан станц барьж болох байсан бэ?
Монгол Улс 2011 оноос хойш 672 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ
2011 оноос хойш 672 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ. Үүнд улсын төсөв, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж багтсан. Гэхдээ үүнд сайжруулсан түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалт, түүний үйл ажиллагаа болон Цэвэр агаар сан, Агаарын бохирдлын үндэсний хорооноос хийсэн төсөл хөтөлбөрийн зарцуулалтыг тооцвол үүнээс ч их мөнгөн дүн гарах нь тодорхой.
https://flo.uri.sh/visualisation/20754024/embed?auto=1
Утааг бууруулахад
- 2011-2015 онд 93 тэрбум төгрөг,
- 2017-2020 онд нийт 456 тэрбум төгрөг,
- 2021 онд 53 тэрбум төгрөг,
- 2022 онд 43.66 тэрбум төгрөг,
- 2023 онд 27.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
НИЙСЛЭЛ ИРЭХ ОНД УТААГ БУУРУУЛАХАД 60 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Монгол Улсын нийт өрхийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг ба үүний 273 мянган өрх нь Улаанбаатар хотод байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд ирэх 2025 онд Нийслэлээс 60 тэрбум 460 сая төгрөгийг тусгасан байна. Үүнд дотроо гэр хорооллын өрхүүдэд стандартад нийцсэн зуух авч өгөхөд 28 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд зарцуулсан тэр их тэрбум төгрөг утаатай хамт “салхинд хийссэн” мэт өдгөө ямар ч үр дүн харагдахгүй, харин ч байдал улам дордож буйг нийслэлчүүд биеэрээ мэдэрч, эрүүл мэндээрээ хохирч байна.
Тэрхүү мөнгөөр бид хэрэв өдгөө нэн хэрэгцээтэй байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц барьсан бол дараах тооны бүтээн байгуулалтыг хийж болох байлаа.
- 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг ₮6 тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол 112 цэцэрлэг
- 320 суудалтай дунд сургуулийн барилгыг дунджаар ₮9,5 тэрбум гэж тооцвол 70 сургууль
- ЧД-т шинээр баригдаж буй нэгдсэн эмнэлгийн төсөв $82,2 саяар тооцоход 2 том эмнэлэг
- 2024-2026 онд хэрэгжих Дамбадаржаа дэд төвийн төсөв ₮79 тэрбумаар жишихэд 8 дэд станц барихаар мөнгөн дүн юм.
Мэдээж аливаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд тодорхой төсөв шаардлагатай, буруутгахгүй. Тэр бол зарчмын хувьд зөв шийдэл. Харамсалтай нь тэр их мөнгө ямар ч тооцоо судалгаагүйгээр, үр дүнгүй зүйл болж, албан тушаалтны “халаасанд” орж иргэд бид болон бидний үр хүүхдүүд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байна.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд агаарын бохирдлын эсрэг 672 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа буурах биш харин ч ихсэж өдгөө уушгины хатгаатай, амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эмнэлэгтээ багтахгүй, сургууль цэцэрлэг нь хүрэлцээгүй, хахир өвлийн хүйтэнд цахилгаанаа ямар ч хуваарьгүйгээр хязгаарлуулж цэцэрлэгүүд хоолоо хийж чадахгүй “хүүхдээ ав” хэмээн эцэг эхийг нь дуудаж, цахилгаангүйгээс халуун, хүйтэн ус халаалт нь доголдож байдал улам дордож байгааг бид бүгд бэлхнээ харж байна. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д “Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Нэг үгээр энд хүний эрх зөрчигдөж байна.
Бусад орны туршлага:
Английн Лондон хот яг л бидний өнөө цагт нүүр тулаад буй утааны асуудалтай байсан. Лондон хотын агаарын бохирдлын түүхэн гамшиг 1952 онд тохиосон. Айлууд нүүрс шатаах, үйлдвэржилт болон цаг уурын нөхцөл байдлаас болж агаарын бохирдол дээд цэгтээ тулжээ. Энэ нь амьсгалын замын ноцтой хүндрэл үүсгэж, 12 мянган хүн амиа алдаж, 100 гаруй мянган хүн өвчилсөн тооцоо судалгаа бий.
Тэдний авсан арга хэмжээ:
1956 оны Цэвэр агаарын тухай хуульдаа хотын бүсэд утаат түлш хэрэглэхийг хязгаарлаж, “утаагүй бүс”-ийг бий болгосон. Эрчим хүчний эх үүсвэрийг өөрчилсөн буюу нүүрснээс аажмаар татгалзаж, хий, цахилгаан гэх мэт цэвэр түлш рүү шилжсэн байна.
Түүн лугаа адил бидэнд ямар нэгэн бодит, үр дүнтэй шийдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд бид нүүрс, ногоон автобус, эмийн салбар, Хөгжлийн банк зэрэг асуудлаар бүх нийтийн сонсгол хийсэн ч хамгийн том “шүдний өвчин” болох утааны сонсгол хийсэнгүй. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв хэрхэн зарцуулагдсан талаарх “Утааны сонсгол” хийж, хариуцлага тооцох нэгнийг нь олж тогтоох ёстой. Хэдэн тэрбумаар дахин дахин төсөв баталж, тэр нь хэрхэн хэрэгжиж үр дүнгээ өгсөн нь яг л утаатай тэнгэр шиг бүрхэг байдаг нь нууц биш. Цаашлаад Улаанбаатарт утаа байсаар байх нь эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудад “мөнгө идэх завшаан” болдог ч байхыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж:
- Tender.gov.mn
- Үндэсний Аудитын газар
- ЭМЯ
- НЗДТГ
- Боловсролын яам, Хөрөнгө оруулалтын газар
Эх сурвалж:gogo.mn